2019 онд худалдаанд гарах ганган хүлгүүд

Гэр бүлийн зориулалттай автомашины хэрэгцээ өсчээ

2019 онд худалдаанд гарах төмөр хүлгүүд хэдийнэ бэлэн болж, дэлхийн автомашин үйлдвэрлэгчид будаг нь ханхалсан ганган загваруудаа хэрэглэгчдэд хүргэхээр яарч байна.

Эзэндээ очих гэж буй хүлгүүдийг сонжвол дийлэнх нь хуучирсан загваруудын шинэчилсэн хувилбар байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ салбарын нөлөө бүхий үйлдвэрлэгчид хуучны загваруудаа шинэ технологиор гаргажээ. Түүнчлэн 2018 онд гэр бүлийн зориулалттай автомашины борлуулалт эрс өсч, одоо ч энэ байдлаа хадгалсаар байна. Үүнтэй холбоотойгоор компаниуд гэр бүлийн зориулалттай загваруудад түлхүү анхаарч байна. Тухайлбал, “Субару” 3-Row Midsize SUV загварын гэр бүлийн машинаа танилцууллаа. Тус машин 2019 оны эхээр худалдаанд гарна.

Ингээд ирэх онд дэлхийн автомашины зах зээлд хөл тавих загваруудаас танилцуулъя.

“Ниссан”-Infiniti QX50
Дотор дизайн нь дээд зэрэглэлийн сайжруулсан арьсан доторлогоотой, зай томтой, сайжруулсан загвар. Энэ нь “Ниссан”-ы хувьд урд хоёр дугуйгаараа удирдах чадвартай анхдагч машин.
Худалдах үнэ: 36.5 мянган ам.доллар.

“Порше”-Mission E
Шатахуун болон цахилгаанаар ажиллах, 600 морины хүчтэй машин. Хурд 3.5 секунтэд 60 км/цаг. Түүнчлэн жолоочийн биеийн хөдөлгөөнөөр жолоодлого хийдгээрээ онцлог.
Худалдах үнэ: 85 мянган ам.доллар.

“Ягуар”-I-Pace
I-Pace нь хоёр цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд 394 морины хүчтэй.
Худалдах үнэ: 69.5 мянган ам.доллар.

“Субару”-3 Row Midsize SUV
Гэр бүлийн зориулалттай. Гурван эгнээ суудалтай, 260 морины хүчтэй. Замын хязгаарлах шугам давахгүй байх мэдрэгч тохиргоотой. Энэхүү загвар нь хамгийн сүүлд 2014 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ирэх жил шинэчлэгдсэн байдлаар худалдаанд гарна.
Худалдах үнэ: 31.9 мянган ам.доллар.

BMW-3 Series болон BMW X7
3 Series нь дахин шинэчлэгдсэн жижиг суудлын машин. Бага оврын машинууд дундаа зэрэглэлээрээ дөрөвдүгээрт ордог.
Худалдах үнэ: 34.9 мянган ам.доллар.
Харин BMW X7 нь тансаг зэрэглэлийнх. Худалдах үнэ нь эцэслэн гараагүй ч 50-60 мянган ам.доллар байх болов уу гэж usnews.com сайтад мэдээлжээ.

Дугуйн хээний элэгдэл 80 хувьд хүрсэн бол дахин бүү ашигла

Сар гаруйхны дараа идэр ес эхэлнэ. Таны машин үүнд бэлэн үү. Дугуй, тос тосолгоо гээд сольж, шалгах зүйл олон бийг мартаагүй биз. Эс бөгөөс халтиргаа ихтэй өвлийн улиралд аюулгүй байдлын дүрэм зөрчигдөж, улмаар аваар осол гарахгүй гэх нөхцөлгүй.

Өвлийн дугуй ямар байх шаардлагатай вэ

Жолооч нарын хэзээний танил “Cardoctor”-ын зөвлөж буйгаар дугуйн шинж чанар гадна орчны хэмээс шууд хамааралтай аж. Жишээ нь, агаарын хэм цельсийн +7-гоос доош ороход машины дугуйн резин уян хатан чанараа алдан хатуурч, замтай зууралдах байдал нь алдагддаг байна. Тэгвэл манай орны өвлийн дундаж хэм -25. Ингээд бодохоор дугуйн шинж чанар ямар хэмжээнд хүрэх нь ойлгомжтой. Тиймээс зуны дугуйгаа өвлийн ду­гуйгаар заавал солиорой. Түүнч­лэн “Таны машины өв­лийн дугуйны хээний элэг­дэл 80 хувьд хүрсэн бол дахин бүү ашигла” гэж дугуй үйлд­вэрлэгчид зөвлөж байна.

Өвлийн дугуй ба шатахуун зарцуулалт

Хүйтний улиралд өвлийн дугуй хэрэглэснээр хий эргэх нь багасаж, түлш зарцуулалтыг 15-20 хувиар хэмнэдэг байна. Түүнчлэн өвлийн нөхцөлд агаарын даралт унаснаар дугуйны хийн даралтыг багасгадаг. Хий султай дугуй шатахуунд үрэлгэн учир дарал­тыг нь тогтмол шалгаж байх нь зөв аж. Харин дугуй­гаа хийлэхдээ тухайн автомашины зөвшөөрөгдсөн хэмжээгээр дүүргэх нь зүйтэйг санаарай.

Хурдаа байнга тохируул

Өвлийн гулгаатай замд эрт­нээс хурдаа бууруулж, тоор­мослож байгаарай. Энэ нь таны болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас бол­гоомжлох гарц юм. Ун­шигч та дээрх зурагт анхаар­лаа хандуулна уу. Яг ижил дугуйтай, ижил машин хурд­наас хамаарч хуурай хар зам болон мөс ихтэй гулгаатай зам дээр хэрхэн зогсож байна. Иймээс “Өвөл машин жо­лоо­дохдоо хурдаа байнга то­хируулж явах ёстойг үргэлж санаарай” гэж Тээврийн цаг­даагийн газраас анхааруулж байна.