Б.Жавхлан: Валютын гарах урсгалыг хянах биш орох урсгалыг үргээх эрсдэл байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын санаачилсан Валютын зохицуулалтын хуулийн төслийг УИХ-аар нэгтгэж хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн төслийг тэр чигээр нь баталвал гаднын хөрөнгө оруулагчид Монголоос зугтах эрсдэлтэйг эдийн засагчид ярьж байна. Таны хувьд энэ хуулийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хуулийн төсөлд хэрэгтэй зохицуулалт ч байна, цаг нь болоогүй асуудлууд ч байна. Тиймээс хуулийн төслийн өргөн барьсан хэлбэрийг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хуулийн төсөлд Монголбанкнаас валютын бэлэн болон бэлэн бус бүхий л гүйлгээнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалт тавьж болно гэсэн заалт оруулсан байна билээ. Хэдийгээр энэ нь нэг өгүүлбэр бүхий заалт ч эдийн засагт асар их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, манай улс хөрөнгийн хяналттай болох цаг нь болоогүй.

Бид хэзээ нэгэн цагт хөрөнгийн хяналттай улс болохыг үгүйсгэхгүй. Хангалттай их нөөц, олон жилийн тогтвортой гадаад худалдаа, байнгын ашигтай эдийн засгийн бүтэцтэй болох үед хөрөнгийн хяналттай болох нөхцөл бүрдэж магадгүй. Гэтэл өнөөдөр ийм зохицуулалттай болох цаг хугацаа нь огт биш. Бид валютын нөөцийн байнгын хомсдолтой, импортлогч орон. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шалтгаалж эерэг гарч байна. Гэвч цаашдаа тогтвортой байх эсэх нь тодорхойгүй шүү дээ. Хууль санаачлагчдын санаа нь валютын хяналтаа дотооддоо чангаруулах байгаа юм. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг зүйл болох нь. Өөрөөр хэлбэл, дотооддоо хяналттай болно гэж хуульчлаад гадаадаас орж ирэх валютын хөрөнгө оруулалтыг үргээх маш том аюул байна.

-Хууль санаачлагчид валютын дотоод хяналтыг сайжруулснаар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж байсан?

-Улс орнуудыг валютын зохицуулалтын хэлбэрээр нь валютын ханшийн чөлөөт тогтолцоотой, хөрөнгийн хяналттай гэж хоёр хуваадаг. Манай улс ханшийн чөлөөт тогтолцоотой орны тоонд ордог. Өөрөөр хэлбэл, манай улс валютын нээлттэй бодлоготой орон. Бид 1990 онд нийгмийн өөрчлөлттэй зэрэгцээд л энэ замыг сонгосон. Үүнээс хойш эдийн засагт эерэг сайн зүйл байсан бол валютын нээлттэй бодлоготой холбоотой. Харин манай улсын  хөрөнгө оруулалт савлагаатай байгаа нь валютын хяналт сул болон чанга байгаагаас шалтгаалаагүй. Энэ нь өөр шалтгаантай. Тиймээс бид хуульдаа цаг үеэ олоогүй механик өөрчлөлт хийх нь валютын гарах урсгалыг биш орох урсгалыг үргээх эрсдэлтэй байна. Энэ өөрчлөлтийг эргэж харж, энэ удаагийн хуулиас хасах хэрэгтэй. Үүнээс гадна хуулийн төсөлд засч сайжруулах шаардлагатай зүйлүүд бий.

-Тухайлбал?

-Монголбанк Засгийн газар болон арилжааны банкуудтай харилцах хуультай. Өөрөөр хэлбэл, хуулиараа арилжааны банк, Төв банк гэсэн системийн тогтолцоотой юм. Төв банк нь Засгийн газартайгаа харилцахын зэрэгцээ арилжааны банкууддаа хяналт тавина гэсэн үг. Харин хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжтэй арилжааны банк харилцах ёстой. Өөрөөр хэлбэл, алтнаас бусад харилцаанд хоёрдугаар шатлалын банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй харилцах хуультай юм. Валютын арилжааны хувьд ч Төв банк Засгийн газар, арилжааны банкуудтай харилцана. Гэтэл хуулийн төслөөр Төв банк иргэдтэй валютын арилжаа хийх зохицуулалт оруулсан байна. Энэ нь маш буруу. Ингэж тогтолцоогоо эвдэж огт болохгүй. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ асуудлыг анхаарах шаардлагатай.

-Хуулийн төсөлд эргэж харах шаардлагатай заалтуудаас гадна хэрэгтэй зохицуулалт олон бий байх?

-Тийм. Үндсэндээ валютын бодлого 28 жилийн хугацаанд эзэнгүй явсан гэхэд болно. Харин энэ удаагийн хуулиар эзэнтэй болгох өөрчлөлт оруулсан байна. Валютын бодлого буюу төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, гадаад валютын урсгал тэнцэлд Засгийн газрын оролцоо илүү хүчтэй байх ёстой. Энэ бодлого хүчгүй болохоор Төв банк “шүдгүй арслан” болчихоод байгаа юм. Төв банк валютын бодлого их ярьдаг, зохицуулалтаа хийж чадах институц шиг харагддаг боловч төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, гадаад валютын урсгал тэнцэлд хүчгүйддэг нь үнэн. Үүнд оролцох эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин Төв банк валютын нөөцийг арвижуулах хязгаарлагдмал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, алт худалдан авч валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн гадаадын зээл тусламжид Төв банк шууд оролцох боломжтойгоос гадна шууд бус замаар буюу Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх үүрэгтэй. Харин валютын бодлогод төлбөрийн тэнцлийг сайжруулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхэд Засгийн газар хүчтэй тоглогч байх ёстой. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр энэ зохицуулалтыг оруулсан байна лээ. Тодруулбал, валютын ханшны асуудалд Төв банк, Засгийн газрын үүргийг  салгаж, зааглан тодорхой болгож өгсөн. Ингэснээр 28 жил эзэнгүй явж ирсэн валютын бодлогыг эзэнтэй, зохицуулагчтай болгож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн санаа­чилсан төсөлд хөрөнгө оруулагч­дын гүйлгээг Төв банкаар дамжуулна гэж заасан. Гэтэл банкны тогтолцоогоороо арилжааны банкаар дамжуулах хуультай юм байна. Тэгэхээр тогтолцоогоо өөрчилнө гэсэн үг үү?

-Төв банкнаас оруулж ирсэн хувилбарт ч ийм санал байна лээ. Би гайхаж л сууна. Аргаа барсан арга л юм даа. Үндсэндээ өөрсдөө зохицуулж чадах зүйлээ хийж чадахгүйн улмаас тогтолцоо руугаа халдах гэж байна. Юунаас болж ийм ухралт хийх болов гэдгийг харах хэрэгтэй. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргээд харъя. Энэ гэрээг зогсоох биш сайжруулах шаардлага байгаа. Хөрөнгө оруулалттай холбоотой гадаад валютын урсгалыг Монголд бүртгэлтэй санхүүгийн байгууллагуудаар дамжуулж, бидэнд харагдахаар явуулж чадаагүйн улмаас ийм байдал үүсч байгаа юм. Зорилго нь буруу зүйл биш л дээ. Гадаадын хөрөнгө оруулалттай, тогтвортой байдлын гэрээний ард нуугдсан валютын урсгалыг Монголоороо дамжуулъя гэсэн санаа. Гэхдээ үүнийг зохицуулахын тулд банкны тогтолцоогоо эвдэж болохгүй. Харин өөр аргаар зохицуулах боломж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

-Манай улсын банк, санхүү­гийн байгууллага найдваргүй, үнэлгээ муутайгаас шалтгаалж хөрөнгө оруулагчид валютын гүйлгээгээ хийдэггүй. Улсын зээлжих зэрэглэл, банк, сан­хүү­гийн байгууллагын үнэл­гээг богино хугацаанд дээшлүү­лэхийн тулд яах ёстой вэ?

-Банкуудын зээлжих зэрэглэл нь улсын зээлжих зэрэглэлээ дагадаг. Өөрөөр хэлбэл, улсын зээлжих зэрэглэлээс банкны үнэлгээ нь илүү гарч чадахгүй гэсэн үг. Тиймээс улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын төлөө төрөөс хийж чадах ажлаа илүү сайн хийх хэрэгтэй. Төсөв нь тогтвортой, сахилга баттай, алдагдлаа шат дараатай бууруулах хэрэгтэй. Мөн мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр зөв хослох ёстой. Төсвөөр дамжиж эдийн засаг тэлж байхад Мөнгөний бодлого дагаж тэлж болохгүй. Хэт хөөсрөлтийн тэлэлтийг зохистой түвшинд байлгаж, инфляцын зохистой түвшингээр дамжуулж эдийн засгийн өсөлтийг дэмжиж, аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Ингэж байж л төсөв, мөнгөний бодлого хоёр зөв хосолно. Харин энэ хоёрыг уялдуулна гэдэг үг аюултай. Уялдуулна гэхээр төсөв, мөнгөний бодлогыг нийлүүлэх гээд байдаг юм. Энэ хоёрыг нийлүүлж болохгүй.

-Хэрвээ зээлжих зэрэглэлээ дээшлүүлж чадахгүй бол хөрөнгө оруулагчдын валютын урсгалыг өөрөөр хянах боломж бий юү?

-Хэрвээ манайх шаардлага хангахгүй байгаа бол шаардлага хангах гаднын банкууд манай улсад ирж салбараа байгуулж болно шүү дээ. Ингэхдээ Төв банкнаас зөвшөөрөл авч, тайлангаа тавьдаг байх ёстой. Ийм зохицуулалт байхыг үгүйсгэхгүй.

-Төсөв, мөнгөний бодлого хоёрыг зөв хослуулах ёстой гэлээ. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг баталж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэр чамбай болсон гэж харж байгаа вэ?

-Төв банк өөрөө бие даасан хуультай, эдийн засгийг зохицуулагч институц. УИХ тэдний мөнгөний бодлогын хэрэгсэлд хутгалдаж, заах ёсгүй. Харин хүрэх бариаг нь заана. Энэ жил УИХ-ын зүгээс том бодлогын өөрчлөлт оруулах шаардлагагүй. 2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхэд дунд хугацааны мөнгөний бодлогын хүрэх цэгийг зааж өгсөн. Тухайн үед инфляцыг тогтвортой, нам дор түвшинд, урт хугацаанд найман хувиас бага түвшинд байлгах чиглэл өгсөн. Үүнийг энэ жил хадгалж байгаа.

-2020-2021 онд дэлхий нийтээр хямрал болох магад­­лалтайг олон улсын байгууллагууд анхааруулсан гэсэн. Тэгэхээр мөнгөний бодлогод хэмнэлт хийх чиглэл өгч байгаа юу?

-Ер нь хямрал хэзээ ч нүүрлэж болно. Дэлхийн том гүрнүүдийн худалдааны асуудал, эдийн засгийн урсгалуудад өөрчлөлт гарах, харилцан хязгаарлалтаас болж хямрал бий болохыг үгүйсгэхгүй. Харин бид Монгол хямарна гэсэн хүлээлттэй байж болохгүй. Болзошгүй эрсдэл, хямралыг давах дархлаа сайтай эдийн засгийн байнгын бүтэцтэй байх нь бидний бодлого байх ёстой. Үүнийг л сайн ойлгож, УИХ, Засгийн газар дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай. Түүнээс биш энэ удаа хямрал болно, дараа нь болохгүй гэдэг байдлаар хандаж болохгүй. Хямрал, эдийн засгийн сорилтууд үргэлж байдаг. Харин бид үүнд үргэлж бэлэн байх эдийн засгийн дархлааг бий болгох ёстой.

-Ирэх оны төсвийг нэлээд шүүмжлэл дагуулан баталлаа. Таны бодлоор хэр чамбай төсөв болов?

-Нэлээд чанга, том зорилт тавьсан төсөв боллоо. Биелэгдэхгүй төсөв бол биш. Гэхдээ Засгийн газар бүрэн чадлаараа зүтгэж биелүүлэх боломжтой. Сангийн яам цаасан дээр буюу төлөвлөлт хийж ажилладаг учраас төсвийн орлогыг бий болгохын тулд гааль, татварын байгууллагаас гадна дэд бүтцийн яамд илүү ачаалалтай ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд гадаад харилцаа их чухал нөлөөтэй. Учир нь, экспортын гол орлогууд гадаад харилцаатай их хамааралтай. Тиймээс Засгийн газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж төсвийн орлого биелүүлэх боломжтой гэж хараад байгаа юм. Орлого бүрдүүлэхээс гадна зарлагад ч анхаарах шаардлага байгаа. Эдийн засгийн гүйцэтгэлийн даац гэж том асуудал байдаг юм. Хувийн секторууд, бэлтгэн нийлүүлэгчид, гүйцэтгэгчид энэ их хурдыг дагаж, шаардлага хангахгүй байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын зохион байгуулагчид, захиран зарцуулагчид хүнд сурталтайгаас гадна ажил нь удаан байна. Нэг тендер нэг жилд багтахгүй байна шүү дээ. Олон удаагийн шүүх хурал, маргаан болж хугацаа их алдаж байна. Зураг төсөл нь бэлэн биш, одоог хүртэл зарлагдаагүй тендер ч байх жишээтэй. Гэтэл 2019 онд хөрөнгө оруулалтыг 30 орчим хувиар нэмсэн. Өнөөдрийн гүйцэтгэлээ хийж амжаагүй байхад ирэх онд үүнээс ч ихийг төлөвлөсөн учраас гүйцэтгэгчийн даацад анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төсвийн захиран зарцуулагчид, гүйцэтгэгч ком­паниуд, хувийн хэвшлийнхэн ажилд бэлэн эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэд ажилдаа бэлэн байж чадвал эдийн засаг тэлэх, ажлын байр нэмэх, хадгалах маш том боломж нь ирэх оны төсөв байгаа юм.