ОУВС-гаас олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжээд чамгүй хугацаа өнгөрлөө. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутамд хийдэг уламжлалтай.

Тэгвэл ОУВС-гийн захир­луудын зөвлөл өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталжээ. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр  үнэлсэн байна. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос да­ван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөл­бөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэжээ. Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт энэ сарын 2-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. 

ОУВС-гийнхан өнгөр­сөн зун “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээн дэх яриа, хэлэлцээрүүдийг манай эрх баригчидтай хийсэн. Тэд хэлэхдээ “Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна. Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зо­рилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиг­лагд­сан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хуга­цаанд үргэлжилнэ” гэж байв. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эдийн засагтаа хэмнэлт хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй гэж амалсан. Гэсэн хэдий ч төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмэгдүүлээд байгаа юм. Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб “Татвар нэмэхгүйгээр, үр ашиггүй зарлагыг танахгүйгээр цалин, хөлсийг нэмэгдүү­лэхэд хүндрэлтэй.  Бүх зүйл хоёр талын аль нэгийг сонгох сонголтон дээр тулгуурладаг. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ найдвартай эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх шаард­лагатай. Энэ эх үүсвэр нь урт хугацаандаа найдвар­тай байх ёстой. Одоо Монгол Улсын хувьд Засгийн газрын өрийн хэмжээ маш их болсон. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олоогүй энэ үед нэг жилийн дотор цалин, хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж нь хаанаас гарч ирэх вэ. ОУВС-гаас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм биш. Харин эдгээр төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга замыг төсвийн алдагдалд хүргэхгүйгээр хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ гэсэн байр суурьтай байна” хэмээн хэлж байв.  Ямартай ч тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм.