Гуалин модтой үзүүлбэрийн гайхамшгийг дэлхийд мэдрүүлэгч монгол залуу

АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг Б.Баттулгыг өнөөдрийн дугаартаа урилаа.

Тэрбээр тус улсын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк” компанид циркчинээр ажилладаг бөгөөд тэдний уран бүтээлчид “42ft” нэртэй аялан тоглолтоо эхлүүлжээ. Түүнчлэн энэ өдрүүдэд Б.Баттулгын оролцсон “Авьяаслаг Францчууд” нэвтрүүлэг дэлхий нийтэд цацагдаж, түүний үзүүлбэр нь үзэгчдийн сэтгэлийг огшоож, бахархал, гайхшралыг төрүүлсээр...

Тэрбээр өмнө нь “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлэгт оролцож байсныг уншигч та санаж буй биз ээ. Түүнтэй онлайнаар холбогдож, цөөн хором хуучилснаа сийрүүлье.

-Сайн байна уу. Урилга хүлээн авч ярилцсанд талархаж байна. Уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Намайг Баттогтохын Баттулга гэдэг. 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 34 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт АНУ-д ажиллаж, амьдарч байна.

-Би хувьдаа таны гаргаж яваа амжилтаар бахархаж сууна. Циркийн урлагт хэзээнээс суралцав?

-Би түүхийн багш мэргэжилтэй. Гэсэн ч өөрийн хүсэл сонирхлыг дагаж 2005 оноос Монголын гимнастикийн холбоонд акробатик гимнастикаар хичээллэж, 2007 оноос балетмистер Д.Дашлхагва багшаар удирдуулан циркийн урлагаар хичээллэж эхэлсэн. Ингээд 2009 онд АНУ-д ирж, циркийн жүжигчнээр ажиллаж байна.

Яг одоо АНУ-ын Лас Вегас дахь “Механик цирк” компанийн “42ft” нэртэй аялан тоглолтод хүч тамирын үзүүлбэрээрээ оролцож байгаа.

-Таны оролцсон “Авьяаслаг Францчууд” нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж, үзсэн монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж байна. Энэхүү нэвтрүүлэгт ямар шалтгаанаар оролцов. Бид төдийгүй гадныхан хүртэл омогшиж үзжээ.

-“Авьяаслаг Францчууд” шоу нэвтрүүлгийн урилгыг яг жилийн өмнө авсан. Ингээд энэ оны наймдугар сарын сүүлчээр Парис хотноо бичлэгт орсон юм. Миний оролцсон дугаар аравдугаар сарын 30-нд М6 телевизийн эфирээр гарсан байгаа. Шоунд би “Монголын хүчтэн” үзүүлбэрээрээ амжилттай оролцож, дөрвөн шүүгчээс тэнцсэн үнэлгээ авсан.

Мэдээж энэ нэвтрүүлэг Францдаа төдийгүй дэлхийд маш нэр хүндтэй олон үзэгчидтэй. Миний хувьд нэвтрүүлэгт орох нь эх орноо сурталчилах төдийгүй өөрийгөө сорьсон чухал алхам болсон.

-Дараагийн шатны үзүүлбэр хэзээ гарах вэ?

-Хоёрдугаар шатанд орох эрхээ авсан ч АНУ-аар хийж буй аялан тоглолтын улмаас бичлэгт оролцож амжаагүй. Нэвтрүүлгийн бичлэгтэй өдөр би тоглолттой байж таарсан.

-Үнэхээр харамсалтай. Ингэхэд таны үзүүлбэртээ ашигладаг гуалин мод хэр жинтэй вэ. Түүнийг өргөөд зогсохгүй хоёр талд нь хөтлөгчдийг суулгасан шүү дээ.

-Гуалин модны жин 50 кг, таван метрийн урттай. Хоёр талд нь суусан хүний жинг нарийн хэлж мэдэхгүй юм. Энэхүү үзүүлбэрийн тухайд 2011 оноос тоглож эхэлсэн.

-Бас галтай үзүүлбэр үзүүлсэн. Гүйцэтгэл үнэхээр сайн байлаа. Энэ үзүүлбэрийг хийхэд маш шаргуу бэлтгэл сургуулилт хийдэг байх. Мөн тайзан дээр үзүүлэхэд өндөр хариуцлага үүрдэг нь илт байлаа?

-Тийм ээ. Энэ үзүүлбэрийг хийхэд маш их бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Багадаа үндэсний бөхөөр барилдаж байсан минь одоо их хэрэг болдог юм. Би хүмүүст “модтойгоо барилдаж байна” гэж хэлэх дуртай. Үзүүлбэрээрээ би 2017 онд “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлэгт оролцож байсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Испанид болсон олон улсын циркчдийн “Алтан заан” тэмцээнд оролцож, тусгай байр хүртсэн. Наймдугаар сард “Авъяаслаг германчууд” нэвтрүүлэгт, есдүгээр сард Италийн “Tu Si Que Vales” нэвтрүүлэгт тус тус оролцож, монгол хүн гэдгээрээ омогшлоо. Францын тайзан дээр гарахад сэтгэл их хөдөлж, үзэгчдийн эелдэг дотно уур амьсгал надад маш их урам, эрч хүч өгсөн.

-“Авьяаслаг Францчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчдийн магтаалаас бидэнтэй хуваал­цаач?

-Шүүгчид бүгд талархсан. “Чи маш их хүчтэй байна, гайхалтай үзүүлбэр байлаа. Жинхэнэ эр хүний хийх зүйл байна” зэргээр саналаа хэлсэн.

-Үзүүлбэрийн гуалингаа та өөрөө бэлддэг юм байна. Бэлдэц хэр олдоцтой вэ?

-Тийм ээ, модоо өөрөө бэлддэг. Надад нийтдээ 10 гаруй тоглолтын мод бий. Галтай эргүүлсний дараа дахин ашиглаж болно. Хамгийн гол нь  авч явахад хэмжээ томтой учир очсон улс бүртээ шинэ мод хийж, тоглодог. Хийхэд хялбар тул очсон газраасаа 20x20 см-ийн хэмжээтэй 5-6 метр урттай мод авч, харуулдан дугуйлж янзлаад бэлдчихдэг. Одоогоор Орос, Испани, Герман, Францад миний хэрэглэж байсан мод бий.

-Та циркийнхэнтэйгээ АНУ-аар аялан тоглолт хийж байгаа гэсэн. Таны үзүүлбэрийг гадныхан хэр хүлээж авч байна?

-Америк төдийгүй хаана ч очсон хүмүүс маш сонирхсон, гайхширсан байдалтай хүлээж авдаг. Тэд хэлэхдээ, “Би урд нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй” гэх нь олон.

-Одоогоор хэчнээн мужаар тоглолт хийгээд байна?

-АНУ-д 2009 оноос эхлэн аялан тоглож байгаа. 40 гаруй мужийн 200-аад хотод очсон. Нийт 2000 гаруй шоу тоглолтод оролцож, тав орчим сая үзэгчтэй нүүр тулжээ.

-Үнэхээр таатай мэдээ байна. Учир нь үзүүлбэр бүрийн өмнө таныг “Монгол” гэж тодотгодог байх.

-Тэгэлгүй яах вэ. Циркийн урлаг өндөр хөгжсөн орнуудад Монгол Улсынхаа ёс заншил, хувцаслалт, хөг аялгууг агуулсан “Монголын хүчтэн” үзүүлбэрээ үзүүлж байна. Тэдэнд эх орноо сурталчилан таниулж байгаа минь миний хувьд бахархалтай төдийгүй өндөр хариуцлага. Энэ бүхнээс л би эрч хүч, урам авдаг.

-“Монгол хүчтэн”-ээс гадна ямар төрлийн үзүүлбэр үзүүлж байна?

-Хүнд жингийн үзүүлбэрүүд гэвэл модтой үзүүлбэр мөн боулингийн бөмбөгөөр жонг­лиордох, туухай болон машины дугуйгаар тоглодог. Мөн хамтрагч нартайгаа хосолсон акробат тэнцвэр болон олсон дээрх акробатикийн үзүүлбэрүүд хийдэг.

-АНУ бол олон үндэстний өлгий. Энэ утгаараа та улс улсын циркчидтэй тоглолтод оролцдог байх?

-Дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчидтэй хамтран тогложээ. Өнөөдрийн тухайд “Механик цирк” компанийн америк, орос жүжигчидтэй хамтран ажиллаж байна.

-Америкчууд хүүхдүүддээ цирк хэр их үзүүлдэг вэ. Циркийн урлагийн талаарх гадныхны ойлголт мэдээж өндөр байх?

-Европын орнуудад циркийн урлаг үүсч, хөгжөөд 250-иас дээш жил болсон. Тиймдээ ч циркийн урлагт хандах хандлага маш дулаахан. Голцуу гэр бүлээрээ ирж үзнэ. Энэ нь ч уламжлал болчихсон. Бидний үзүүлбэрийг ихээхэн биширч үздэг. Түүнчлэн зарим оронд циркийн урлаг үндэсний урлагийн хэмжээнд хүндлэгдсэн байдаг. Энэ утгаараа үзэгчдийн дийлэнх хувь нь хүүхэд багачууд шүү.

-Та ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу?

-Ирэх зуны амралтаараа очно.

-Тэр үед уулзаж, илүү дэлгэрэнгүй ярилцах боломж олдоно гэж найдаж байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.