Ё.Баатарбилэг: мөнгөний бодлогыг баримталж байгаа эсэх нь эргэлзээтэй байна

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ өөрөө тарах тухай зөвшилцөх саналын хариуг удахгүй өгнө гэдгээ мэдэгдэв. Улмаар уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах шаардлагагүй гэсэн юм. Харин үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол АН-ын гишүүд чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хуралдааныг орхин гарсан юм.

Тэрбээр “Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн сарын 26-нд УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол бид хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын даргаас хуралдааны дэгийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг АН-ын бүлэгт ирүүлсэн. Гэвч Засгийн газраас өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирүүлсэнгүй. Тиймээс бид асуудлыг нэг тийш болгож байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Хоёрдугаарт, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Гуравдугаарт, энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд яаралтай олгох арга хэмжээг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн төвшнийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс зөрчлийг арилгатал АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, санал хэлснийг тоймлон хүргэе.

Ц.Даваасүрэн:
-Валютын ханшийн бодлого нь Төв банкны гурван зорилтын нэг. Магадгүй зориудаар валютын ханшийг унагасан үйлдэл гарсан байж болзошгүй. Үүнд бид анхаарах ёстой. Миний гол санал бол валютын ханшийн асуудлаар Монголбанкинд ажлын хэсгийн шалгалт оруулмаар байна. Валютын ханш, интервенц хэр хийж байгааг тогтоох хэрэгтэй. Өмнө нь шалгасан ажлын хэсэгт  би ажиллаж байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр ханшийг зориудаар өсгөсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Бид энэ талаар дүгнэлтдээ тусгасан. Гэсэн ч дараа нь шалгаагүй. Төгрөгийн ханш унах нь экспортын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад асар их ашигтай. Тухайн үед экспортын компаниуд 70 хувийн ашиг олсон. Гаднын болон экспортын компаниудын нөлөөгөөр зориудаар интервенц хийхгүй, ханш өсгөсөн байж болзошгүй байгаа юм. Тиймээс ажлын хэсэг гаргаж, шалгалт оруулмаар байна.

Д.Дамба-Очир:
-Ханшийн хэлбэлзлээс үүдэн энэ он гарсаар 720 сая ам.долларын интервенц хийсэн байна. Оны төгсгөлд нэг тэрбум ам.долларын интервенц хийх тооцоо гарсан. ОУВС-гаас валютын нөөцөө зохистой түвшинд барихгүй бол болохгүй гэж анхааруулсан. Тэд бидний өгч буй мөнгөөр интервенц хийх биш эдийн засгийн өсөлтдөө хөрөнгө оруулалт хийх ёстой гэж зөвлөж байгаа. Монголбанкинд хэрвээ таны хэлсэн шиг зүйл гарсан бол шалгаж болно. Монгол Улс импортын орон учраас ханшаа маш сайн тогтвортой байлгах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.

Т.Аюурсайхан:
-Төслийн танилцуулгад төгрөгийн ханш бага зэрэг суларсан гэж тодорхойлсонтой санал нийлэхгүй байна. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийг ажлаа авснаас хойш төгрөгийн ханш 25 хувиар суларсан. Мөн шатахууны үнэ их нэмэгдэж байна. Шатахуун нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь валютын ханштай холбоотой. Тиймээс хариуцсан ажил болох ханшны асуудлаа сайн анхаармаар байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Монголбанкинд 3.2 тэрбум ам.долларын нөөц байна. Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргасан. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн. Бид валютын ханшийг тогтвортой болгохын тулд хоёр арга хэрэглэдэг. Эхнийх нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх арга юм. Эдийн засаг сэргэж эхэлж байхад мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр зээлийн хүү дагаад нэмэгдэх эрсдэлтэй. Тэгвэл бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах магадлалтай. Иймд интервенц хийх аргыг хэрэглэж байна. Оны эхнээс 750 сая ам.долларын интервенц хийлээ. Өчигдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдсан. Хуралдаанаар дунд хугацааны бодлогоо эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгах зөвлөгөө өгсөн байна. Эдгээр асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байна.

О.Баасанхүү:
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жирийн иргэд зээлээ авсан бол эдийн засагт хэрхэн нөлөөлсөн байх бол. Энэ асуудал ч мөнгөний бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж бодож байна. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийг энэ сангаас зээл авсан гэж мэдээлсэн байна лээ. Зээл авсан эсэхээ хэлнэ үү. Зээл авсан бол сайд нар шигээ хариуцлагаа хүлээнэ үү.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-О.Баасанхүү гишүүнд баярлалаа. Энэ миний хараагүй, сонсоогүй мэдээлэл байна. Би шалгаж үзье. Миний бие ямар нэгэн зээл аваагүй. Худлаа мэдээлэл байна. Монголбанкинд Зээлийн мэдээллийн сан гэж байдаг. Арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээллийг бүртгэдэг. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл бүртгэгддэггүй юм. П.Сэргэлэн сайдын үед энэ сангийн зээлийн мэдээллийг Монголбанкны санд бүртгүүлэх талаар албан бичиг өгсөн санагдаж байна. Энэ саналаа хэрэгжүүлэх хэрэгтэй боллоо гэж ойлгож байгаа.  

Х.Баделхан:
-Бэлэн байгаа 6000 орон сууц байна. Үүний 5800 нь Улаанбаатар хотод байна. 33 мянган иргэн урьдчилгаа төлөөд зээл авах боломжтой гэдэг судалгаа гарсан ч ипотекийн зээлийн эх үүсвэр дутагдалтай байна. Эх үүсвэр өнгөрсөн оноос 100 тэрбум төгрөгөөр буурсан байна. Сангийн яам он дуусч байхад 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээ яагаад хийхгүй байна вэ. Нэгэнт төсөвт суучихсан мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм бэ. Барилга нь бэлэн, эрэлт нь байна. Гэтэл ирэх оны төсөвт 115 тэрбум төгрөг тусгасан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байна уу.

Д.Дамба-Очир:
-Ирэх долоо хоногийн Байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Монголбанкнаас үнэт цаас гаргаж, зээл авах хүсэлтэй хүн бүрт олгох төлөвлөгөөтэй байна.

Ё.Баатарбилэг:
-Мөнгөний бодлогыг баримталж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. 2018 онд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөр батлуулах, банкны салбарын дэд бүтцийг сайжруулж түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, ипотекийн тогтолцоог хөгжүүлэх үүрэг өгсөн байна. Та бүхэн өөрсдөө энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна вэ. Санхүүгийн зэх зээл,  ипотекийн тогтолцоо хөгжсөн үү. Жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичигт сүүлийн ганц нэг өгүүлбэр нь өөрчлөгдсөн байдаг. 2019 оных ч адилхан байна шүү дээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
 -2018 оны мөнгөний бодлогын баримт бичгийг баталсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Монголбанк өдөр, шөнөгүй ажиллан хичээж байна. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газраар батлуулсан. Банк санхүүгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хоёр ч хууль батлуулсан. Үүний дагуу ажиллаж байна. Зээлийн хүү буурч байгаа. Намайг ажил авахад Монгол Улсын хэмжээнд арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүүний дундаж түвшин 21 хувь байсныг буруулж 17.8 хувь болсон. Зээлийн хүүг бууруулах Стратегийн баримт бичгийг энэ онд батлуулсан бөгөөд ирэх онд тууштай хэрэгжүүлнэ. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанк бие даан шийдвэрлэх боломж дутагдалтай байгаа. Дэлхий дахинд Засгийн газар нь хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тиймээс Засгийн газарт шилжүүлэхээр хичээж байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй санал хурааж, тогтоолын төслийг дэмжсэн юм. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.