Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх талаар холбогдох албаныханд семинар зохион байгуулав. Тодруулбал, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар хамтарсан тушаал гаргажээ.

Үүнтэй холбогдуулан холбогдох албаныханд семинар явуулж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид, хараат бус, сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг гол зорилго гэдгийг онцлов. Мөн олон арга хэмжээ авч тодорхой үр дүн гарч байгаа ч сахилга хариуцлагыг тууштай хангаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэгээ тэмдэглэв. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн төвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх юм байна. Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн төвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байгаа аж. Төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа ирэх арванхоёрдугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.