Хүүхдийн тоглоомын талбай хогийн цэг биш

Манай сонин “Хүүхэд хамгаалал, хүүхдийн амьдрах орчны бохирдол, хүүхдийн хоол тэжээлийн аюулгүй байдал”-тай холбогдох нийтлэл, хөндөх сэдвийг уншигчдад хүргэхийг зорьдог.

Энэ удаад “Хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин мөн үү” сэдвээр сурвалжлага бэлтгэлээ. Монгол Улсын хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа хүүхдүүдийн 20 гаруй хувь нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа бий. Тэгвэл хүүхэд өдрийн нэлээд цагийг өнгөрүүлдэг тоглоомын талбайн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал тоохгүй орхиж боломгүй сэдэв болжээ.

Бид Баянзүрх дүүргийн IV, III, VII хорооны нутагт байх орон сууцны хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайн тохижилттой танилцав. Ямар дүн тавих эсэхээ уншигч та мэднэ биз ээ.

Бидний хамгийн эхэнд буусан газар бол тус дүүргийн IV хорооны нутагт байх Жуковын автобусны буудлын арын тоглоомын талбай. Энд  хүүхэд баясан тоглох дорвитой тохижилт байхгүй ч хэд хэдэн дасгал хөдөлгөөн хийх зориулалттай төмөр савлуур бий. Орон сууцны хүүхдүүд тоглох, нярай хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд салхилаж суух сандал бий боловч овоолж “хураасан” хур хог хамгийн эхэнд нүдэнд тусна. Мөн хэд хэдэн модон сандал байгаа ч шувууны сангасаар будагджээ. Хэрэв нялх, нярайгаа тэвэрсэн бол халаасандаа сандал арчих алчууртай явахаас өөр аргагүй. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын гол хэрэгсэл болсон шар, цэнхэр өнгөтэй төмөр савлуур, дүүжингүүд нэлээд тоногджээ. Гэтэл хүүхдийн тоглоомын талбайг байгуулж, тохижуулах тендерийн ажлын төсөвт өртөг дунджаар 35-70 саяын өртөгөөр бий болсон байдаг. Энэ бол нийслэлд тоглоомын талбай бий болдог дундаж өртөг. Гэтэл 35-70 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш.

Бидний очсон дараагийн хэсэг нь Сансарын тунелээс урагшаа XIII хороолол хүртэлх таван тоглоомын талбай байв. Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлсэн болоод ч тэр үү, намрын налгар өдрүүд үргэлжилж цаг агаар тогтуун, дулаан байгаа болоод ч тэр үү бидний очсон тоглоомын талбай нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Хүүхдүүд урдуур, хойгуур гүйлдэж хөл хөөр болно. Гэвч тоглож байгаа хүүхэд харж баясахаасаа өмнө аюул, осол хүүхдүүдэд минь ямар ойрхон байгааг харах хэцүү байв. Хүүхдийн тоглоомын талбайг аав ээжүүд машины зогсоол болгож үлдсэн жаахан хэсэгт бяцхан жаалууд хөөцөлдөнө. Хүүхдэд үлдсэн жаахан орон зайгаас явуулын машин, түгээлтийнхэн, таксины жолооч нар “хулгайлна”. Орон сууцны хороолол дундах автозамыг хүүхдийн тоглоомын талбайгаас тусгаарласан хашаа, хашлага ч алга. Мөн эвдэрхий тоглоом, сандал, суудал нь хагарч, хугарсан дүүжин савлуур дээр багачууд дараалал үүсгэн тоглох нь өрөвдмөөр. Бидний очсон хүүхдийн тоглоомын талбай бүхний хаяанд хогийн цэг үүссэн нь хэнд  ч содон. Овоолсон хогийн дэргэд бидний үрс унаж, бүдэрсээр өдөржин тоглох нь ТҮК-ийнхэнд ер хамаагүй бололтой.  ТҮК-ийнхэнд бүү хэл эцэг эхэд сонин биш байгаа нь харамсалтай. Хаа хаанаа ийм назгай, хараа хяналтгүй байдлаас болж хүүхэд тоглож байхдаа эрсдэлд орж эрүүл мэнд, амь насаараа хохирсон гашуун сургамж бидэнд бий. Үүнийг бид мартах учиргүй.

Бидэнд нэг муухай зан бий. Цаг тайван үед хүүхэд аюулын хажууханд байгааг анхааруулсаар байхад нүд нь балай, чих нь дүлий мэт чимээгүй суусаар л байцгаадаг хэрнээ хүүхэд эндсэн хойно аюулыг “хайж” эхэлдэг. Тэгвэл энэ буруу тогтолцоог халъя. Угтаа бол 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ-наас нийслэлийн есөн дүүргийн сургуулиудад орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд сард нэг удаа орчин тойрондоо шалгалт хийж, засварлахыг даалгасан байдаг. Мөн хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын тэмдэглэгээ, замаас болгоомжлох тусгай тэмдэглэгээнүүдийг хийхийг үүрэгдсэн. Энэ ажил биелэлээ олж байна уу гэдгийг бид дараа дараагийн сурвалжлагаараа уншигчдадаа болон аав ээжүүдэд хүргэх болно.

Юутай ч энэ удаад хүүхдийн тоглоомын талбай бараадуулж хогийн цэг үүсгэдэг аав ээжүүд болон СӨХ-дод энэ удаагийн сурвалжлагаа хаяглалаа. 

Хамгийн хачирхалтай нь, Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хариуцахгүй, манай улсад энэ талаарх стандарт ч байхгүй гэх хариулт өгсөн нь гайхмаар. Биднийг хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар сурвалжлага бэлтгэх үеэр Баянзүрх дүүргийн IV хорооны оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан өндөр настан И.Ваня “Манай хоёр ач бага ангид сурдаг. Манай байрны тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэж хэлэхэд тун бэрх. Хамгийн аюултай нь гэвэл, хүүхдийн тоглоомын талбайд машин оруулж тавьдаг. Гэсэн ч хараа хяналтгүй тоглох хүүхдүүд их байна. Эндхийн тоглоомууд хуучирсан, эвдэрсэн. Хүүхэд хөл, гараа авах, унаж бэртэх, цаашлаад гар, хөлөө хугалсан ч тохиолдол бий. Жил бүр л тендерийн ажил гээд хэдэн тоглоом тавьдаг. Өнөөх нь эвдэрч, хүүхэд хохироолоо гэхэд хариуцах эзэн байдаггүй. Тоглоомын талбай хийсэн аж ахуйн нэгж, компани эвдрэл гэмтэл, цаашлаад тоглоомын аюулгүй байдал алдагдсанаас болж хүүхэд бэртэж гэмтэх асуудлаа хариуцдаг байвал зүгээр юм шиг санагддаг. Мөнгийг нь авсан бол боллоо гэсэн шиг хэдэн төмөр авчираад зоочихдог. Хүүхэд аюулгүй тоглож байгаа гэж бодох ямар ч боломжгүй” хэмээсэн юм. Тэрбээр мөн хүүхдийн тоглоомын талбайд хогоо гаргаж ирээд хаячихдаг СӨХ-ны ажилчдыг гайхаж байна гэдгийг хэллээ.