Дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь заналхийлэлд өртдөг

“Глобал интернейшнл” болон Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын хол­бооноос хамтарч сэтгүүлчдийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох судалгааны урьдчилсан дүнг өчигдөр танилцууллаа.

Уг судалгааг ЮНЕСКО-гоос сэтгүүлчийн болон хүний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн дагуу үндэсний хэмжээнд явуулж, 300 сэтгүүлчийг хамруулах бөгөөд одоогоор 30 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Урьдчилсан судалгаагаар сэтгүүлчийн аюулгүй байдал хангалттай сайн биш, ямар нэгэн байдлаар заналхийлэл, дарамт шахалтад өртдөг гэсэн хариу гарчээ. Тухайлбал, дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь нийтлэл, нэвтрүүлгээсээ болж заналхийлэлд өртдөг гэсэн юм. Мөн сэтгүүлчдийн цахим аюулгүй байдал сул, эрсдэлтэй үүрэг даалгавар, томилолтоос татгалзах эрх сэтгүүлчид байдаг ч зохих ёсны даатгалд хамруулдаггүй болох нь судалгаагаар гарчээ. Мөн 2017-2018 хооронд сэтгүүлчтэй холбоотой 187 зөрчил бүртгэгдсэний 61 хувьд хүчний байгууллагаас дарамт үзүүлсэн гэх дүн гарсан байна. Энэ нь одоогийн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хуультай нягт холбоотойг судлаачид хэлж байгаа бөгөөд уг хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 49 сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Манай улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжөөд 105 жилийг ардаа үдсэн ч эрх зүйн орчин дутмаг, хэвлэл мэдээллийн ерөнхий хуульгүй, энэ талын судлаач, мэргэжилтэн дутмаг байгаа нь гадны байгууллагын судалгаанаас харагддаг аж.