Шүүгчид номын дуу сонсож байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран нийслэл дэх шүүгчдэд зориулсан “Шүүгчийн ёс зүйн сургалт” өчигдөр эхэллээ.

Сургалт шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвийн дор энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шүүхийн сургалтын дизайн батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана. Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм. Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез “Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.