Осолдсон онгоцны хар хайрцаг олдлоо

Индонезийн агаарын тээврийн “Lion air” компанийн “JT610” нислэг осолдож, 189 хүний амийг авч одсон харамсалтай хэрэг дөрөв хоногийн өмнө гарсан билээ.

Тэгвэл цоо шинэ Бойнг “737 MAX8” загварын онгоц ямар шалтгааны улмаас осолдсоныг тодруулах ажилд маш том ахиц гарч, аврагчид онгоцны хар хайрцгийг олсноо мэдэгдлээ.

Орон нутгийн теле­визийн шууд дамжуулсан бичлэгт аврах албаны шумбагчид тод улбар шар өнгийн төхөөрөмжийг хийлдэг завин дээр гаргаад, дараа нь хайгуулын хөлөгт шилжүүлж буй дүрс үлджээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулга авахад Индонезийн Үндэс­ний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга Соэржанто Тжахжоно хар хайрцаг олдсон мэдээг баталгаажуулсан байна. Шумбагчдын олсон тэрхүү төхөөрөмж нислэгийн талаарх бүх өгөгдлийг хадгалж байгаа аж. Одоогийн байдлаар аврах албаны шумбагчид хөлгийн дуу хураагуурыг олох зорилготой ажиллаж байгаа гэнэ.

Онгоцны хар хайрцагт онгоцны хурд, явж буй чиглэл, өндөрлөг болон техникийн доголдол үүссэн эсэх зэрэг мэдээллүүд хад­галагддаг байна. Түүнч­лэн нислэгийн багийн харилцан яриа тэмдэг­лэгддэг уч­раас ослын шалтгааныг тодорхойлох гол баримт болдог ажээ. Тийм ч учраас мэргэжилтнүүд энэхүү мэ­дээллийг ашиглаж ослын шалтгааныг 90 гаруй хувийн оновчтойгоор тодорхойлдог юм.

Агаарын тээврийн “Lion air” компанийн “JT610” нислэгээр Индонези Улсын нийслэл Жакарта хотоос Тин-Мининь хүрэхээр 189 зорчигч тээвэрлэж байсан юм. Индонезийн Зам, тээврийн яамны мэдээлснээр онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 179 зорчигч, гурван бага насны хүүхэд зорчиж байжээ. Харамсалтай нь нислэгээс амьд үлдсэн хүн байхгүй аж.

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 29-ний өглөөний 6 цаг 20 минутад хөөрсөн онгоц 13 минутын дараа эх газрын удирдлагатай холбоо тасарсан ба эргээс 15 километрийн зайд осолдсон болох нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: Aljazeera.com