Солонгосын хилд энх тайван батжиж эхэллээ

Хоёр Солонгосын хилийн орчимд цэргийн сургуулилт хийхгүй, онгоцны нислэг үйл­дэхгүй байх арга хэм­жээнүүд хэрэгжиж эхэлсэн байна. Ингэс­нээр хоёр улсын харилцаанд итгэлцэл бий болох томоохон боломж үүсч байгаа бөгөөд хил дээр энх тайван байдал зонхилох суурийг бий болгов.

Өнгөрсөн сард Пхеньянд зохион бай­гуулагдсан Нэгдсэн Солонгос дээд хэм­жээний уулзалтын үеэр талууд “өдөөн хатга­сан, эрсдэл үүсгэх” боломж бүхий үйлдлүүдийг батлан хамгаалах салбарын хүрээнд хязгаарлах талаар санал нэгдсэн юм. Тэд шийдвэрээ санамж бичгээр баталгаажуулсан ба түүний дагуу дээрх арга хэмжээг авч эхэлсэн байна. Түүнчлэн 38 дугаар өргөргийн орчимд байрлуулсан хэдэн сая газрын минийг идэвх­гүйжүүлэх, харуулын цэгүүдийг татан буулгах ажиллагааг талууд үр­гэлжлүүлж байгаа ажээ.

АНУ энэ талаар зовниж буйгаа илэр­хийлсэн бөгөөд Хойд Солонгосын цөмийн зэвсгээс бүрэн ангиж­руулах үйл ажиллагааг зогсонги байдалд оруулах вий гэхээс бол­гоомжилж байна. Харин Вашингтонд өчигдөр зохион байгуулагдсан Батлан хамгаалах салбарын удирдагчдын уулзалтаар Хоёр Солонгосын хамтын ажиллагааг сайшаажээ.

Мөн өчигдөр Өмнөд Солонгосын Ерөн­хийлөгч Мүн Жэ Ин парламентын өмнө үг хэлэхдээ “Хоёр Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх аюулыг батлан хамгаалах салбарын гэрээ хэлцлээр бүрэн хязгаарлаж чадлаа. Хоёр Солонгос ба АНУ хамтдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайв­ныг тогтоохын тулд бат итгэлцэл үүсгэх ёстой” гэв.

Хойд Солонгосын хувьд цөмийн болон тив алгасагч пуужингийн туршилтын цэг, баа­зуудаа устгалд оруу­лах тал дээр ажиллаж байгааг өмнө мэдээлсэн билээ. Энэ удаагийн энх тайвныг тогтоох үйл ажиллагааны хүрээнд хилийн зурвасаас хоёр тийш 40 километрийн зайд нислэг үйлдэхийг талууд хориглохоор болсон. Үүнээс гадна Өмнөд Солонгос болон АНУ-ын талууд өнгөрсөн зургадугаар сараас өмнө тогтмол хийдэг байсан цэргийн сургуулилтын хөтөлбөрөө зогсоохоор болжээ.   

Эх сурвалж: Reuters.com