Америкчуудын гуравны нэг нь хэвлэл мэдээллийг ард түмний дайсан гэж үздэг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн салбартай тун таагүй харилцаатай билээ.

Дэгсдүүлж хэлэхэд эрхэм Ерөнхийлөгч болон хэвлэл мэдээлийн салбарын магнатууд хоорондоо дайн хийж байгаа нь нууц биш. АНУ-д үргэлжилсээр буй энэхүү сонирхолтой үйл явдалд дахин нэг хачир нэмэгдлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй цохилт өгөв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

-Хэвлэл мэдээллийн салбарынхан үзэн ядалт, хавчин гадуурхах зорилготой мэдээллийг хүчээр цацдаг. Тийм ч учраас америкчуудын гуравны нэг нь хэвлэл мэдээллийг ард түмний дайсан гэж үздэг. Бид үзэн ядалт, гадуурхалт, арьс өнгөөр ялгаварлах үзэл, шударга бус байдлыг байж болох хамгийн муухай хувилбараар нь хүлээн авч байна. Хэвлэл мэдээллийнхэн хэний ч түүхийг сонсож, бодит үйл явдлыг шууд тусгадаггүй. Тэд өөрсдийн түүхийг л дамжуулдаг гэжээ.

Ерөнхийлөгч Трампыг өрсөлдөгчид, хэвлэл мэдээлэл, цагаачид болон исламын шашинтнуудын эсрэг ярихдаа хагалган бутаргах шинжтэй, хэт туйлширсан байр суурьтай байдаг хэмээн хэвлэлийнхэн шүүм­жилсээр ирсэн. Түүнчлэн сөрөг хүчин, Ардчилсан намынхан хэвлэл мэдээллийн салбарт нөлөө ихтэй учраас Трампын эсрэг үзэл АНУ-д одоо ч хүчтэй байгаа хэмээх сэжиглэл бий.

Өнгөрсөн долоо хоногт Пенсильвани мужид еврейн шашинтнууд руу буутай этгээд халдаж 11 хүний аминд хүрсэн. Уг үйл явдалд Ерөнхийлөгч Трамп эмгэнэл илэрхийлсэн ба халдлага үйлдэгчийг Трампын дэмжигч, хэт даврагч үзэлтэн байсан гэж хэвлэл мэдээллээр цацсан юм. Цагаан ордноос халдлагатай холбогдох сэжиг, таамгуудыг үгүйсгэ­сэн боловч хэрэгтний машинаас Ерөнхийлөгчийн зургууд их хэмжээгээр олдсон байна.

Эх сурвалж: Bbc.com