ОХУ Украйны улстөрчдөд хориг тавилаа

ОХУ Украйны тэргүүлэх улстөрчдөд эдийн засгийн хориг тавьснаар Украйны биз­несменүүдийн эзэмшдэг компаниудын үйл ажил­лагааг зогсоов.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү хоригоос болж ОХУ-ын хэдэн зуун компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болжээ.

Ерөнхий сайд Дмит­рий Медведев хоригт гарын үсэг зурж батал­гаажуулахдаа ук­райн­чуудын ОХУ-ын иргэд, компаниудад тавьсан­тай яг ижил бөгөөд хариу арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэсэн байна. Нийт 322 хувь хүн, 68 бизнесийн байгууллага хоригт орсон ба тэдгээрийн дунд Украйны Ерөн­хийлөгч Петр Поро­шенкогийн хүү Олекси, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимо­шенко, Украйны Үндэсний аюулгүйн албаны тэргүүн Васил Хрицак, Дотоод хэргийн сайд Арсен Аваков болон тэрбумтан Виктор Пинчук нар багтжээ.

Ерөнхийдөө төмрийн хүдэр олборлогч “Ferrexpo”, шувуу үржүүлгийн “MHP”, наранцэцгийн тосны экспортоор тэр­гүүлэгч “Kernel” зэрэг Украйны томоохон компаниуд хоригт оржээ. Хоригийн дагуу компаниуд болон хувь хүмүүс ОХУ дахь өмчөө тус улсын газар нутгаас шилжүүлэх боломжоо хяз­гаарлуулж байгаа юм.

2014 онд Крымийн хойгийг ОХУ Украйны эзэмшлээс салгаж, өөрс­дийн газар нутагт нэгт­гэснээс хойш хоёр улсын харилцаа тасралтгүй дордож байгаа бөгөөд Украйны Засгийн газар салан тусгаарлах хөдөл­гөөнийг зогсоохоор бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа аж. Одоогийн байдлаар хоёр улсын бие биедээ тавьж буй эдийн засгийн хориг ямар үр дагавар авчрах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters.com