Гурван шатны шүүх хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар хятадууд авсан гэдгийг тогтоожээ

Шүүхийн шийдвэр гарсан хэргийг Эрүүгийн цагдаа шалгаж байгаа нь хятадуудын мөнгөний орд газрыг авах гэсэн далд санаархал уу

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газар тойрсон асуудал олны анхаарлын төвд ороод байгаа билээ. БНХАУ-ын иргэд дээрх орд газрыг булаан авахын тулд Монголын нэр нөлөө бүхий генерал, Эрүүгийн цагдаагийн томоохон албан тушаалтнуудаар өөрсдийгөө хамгаалуулж, юу дуртайгаа хийж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс  АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна. Цагдаагийн генерал гар бие оролцсон хэргийг АТГ дээр биш, Эрүүгийн цагдаа голчлон шалгаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа. Эрүүгийн цагдаагийн газраас авлига авдаг гэмт хэргийн сүлжээ илрүүлчихсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа. Тэгвэл хэргийн цаана өөр нөхцөл байдал бий болоод байгаа гэдгийг эх сурвалж онцолж байна. Шуудхан хэлэхэд, хятадуудын захиалгаар гэм зэмгүй төрийн алба хаагч, бизнес эрхэлдэг залуус хоригдоод байж болзошгүй ноцтой байдал бий болоод байгаа аж.
Бид  Салхитын мөнгөний орд газар хэрхэн хятадуудын мэдэлд очсон.

Юунаас болж олон хүн энэ хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тэд үнэхээр буруутай юу, эсвэл хэн нэгний захиалгаар гэмт зэмгүй олон хүн хохирч байна уу гэдгийг сурвалжлан хүргэж байна.  Манай улсын иргэн М, Ж гэх хоёр залуу анх “Жи Пи Эф” ХХК-ийг байгуулж, салхитын мөнгөний орд газрын лицензийг  хууль журмын дагуу авсан байдаг ажээ. Иргэн М компанийн 60 хувийг эзэмшиж, Ж гэх залуу 40 хувийг нь эзэмшиж байсан гэнэ. Гэтэл Ж хятадуудад компанийнхаа хувьцааг худалдах гэрээ хэлэлцээр хийсэн байна. Компанийн хувьцааг худалдаж авах явцад 60 хувийг эзэмшиж байгаа М-гийн гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг ажээ. Үүнээс үүдэлтэйгээр иргэн М хууль хяналтын байгууллагад хандаж,  “Миний гарын үсгийг хуурамчаар зурж,   “Жи Пи Эф” ХХК-ийг хууль бусаар авсан гэх өргөдөл гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Өөрөөр хэлбэл  Салхитын мөнгөний орд газар  БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эрийн мэдэлд очих уу үгүй юү гэдэг нь иргэн М-гийн  гарын үсэг хуурамч уу, эсвэл үнэхээр гарын үсэг зурсан уу гэх шүүхийн шийдвэрээс  бүрэн шалтгаалжээ.  Тэгвэл иргэн  М-гийн  гарын үсэг хуурамчаар зурсан байна гэдгийг гурван шатны шүүхээр тогтоож, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан байдаг ажээ. Монголын шүүх  шударга, үнэний төлөө зогсож шийдвэр гаргадаг болсон  олон жишээ баримт бий. Тэр тусмаа гурван шатны шүүх худлаа дүгнэлт гаргахгүй гэдэг нь тодорхой юм.

Гурван шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ

Тодруулбал, хамгийн анх буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр шүүгч Т.Энхжаргалын даргалсан иргэн М-гийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон нэгдүгээрт, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан иргэн М, “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон “Эрх шилжүүлэх гэрээ”г иргэн Ж  болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэх  иргэн М  “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосугай.  Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хурамаажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-уудаас улсын тэмдэгтийн хураамжид 168.950 төгрөгийг гаргуулж, иргэн М-д  олгосугай. Гуравдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32016/16237 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй. Дөрөвдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 199.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болоод бусад баримтад тулгуурлаж гаргасан гэсэн үг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-очирын дүгнэлтэд нэгдүгээрт, иргэн М  болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” РРК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “ Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний худалдагч “........ овогтой М...  гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч иргэн М-гийн  гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна. Хоёрдугаарт, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний  компанийг үүсгэн байгуулагч “.... овогтой М....... ” гэсний ард зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч иргэн М-гийн  гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна. Гуравдугаарт, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”-ийн “Хувьцаа эзэмшигч М.... ” гэсний өмнө зурагдсан гарын үсгэнд хуулабарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж тэмдэг илэрч байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болоод Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх тогтоол, дүгнэлтүүд гарсан байхад шүүхэд дахин давж заалдсан байдаг. Иймд иргэн М  шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал болсон байдаг. Энэхүү хурлаар нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай” гэж тогтоосон байдаг. Ийн явсаар Дээд шүүхийн  хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурал 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр болж, шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Алтанчимэг “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” хэмээх тогтоолыг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, иргэн М-гийн  гарын үсгийг хуурамчаар зурсныг гурван шатны шүүхээс ийнхүү тогтоосон гэсэн үг.

Улсын дээд шатны шүүхийг шийдвэрийг цуцлуулах зорилгоор цагдаа нар энэ хэргийг шалгаж байна уу

Гурван шатны шүүхээр хуурамч гарын үсэг гэдэг нь тогтоогдчихсон асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулах хүсэлтийг “Си Си Эм Икс” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч гаргасан байна. Шүүх шийдвэрээ гаргасан асуудлыг цагдаад шалгуулах болсон цаад утга санаа нь манай улсын иргэн М-г  хэрэгт холбогдуулан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зорилготой байсан гэдгийг хуульчид ярьж байна.  Мөн Жин Жиа Мин түүний ойр дотны найз, бизнесийн хамтрагч гэгдээд байгаа Ян гэх хүнийг Монголын нэртэй генерал хамгаалдаг. Генералын заавар зөвөлгөө, найруулга, захиалгаар  Эрүүгийн цагдаагийн нэр нөлөө бүхий удирдах албан тушаалтан хурандаа  ажиллаж байгаа  гэх ноцтой мэдээлэл байгаа юм. Тэгвэл үүнийг батлах мэт  зүйлийг Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн.  Тэрбээр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа “Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ. Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй”  хэмээн ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаа БНХАУ-ын иргэн болох Ян гэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар олон жил ажиллаж байсан нэртэй генерал, нэр нөлөө бүхий шүүгч эмэгтэй хамгаалдаг гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл Ян хэмээн нэрлэгдээд байгаа хүн нь манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэгч нь бололтой. Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа улстөрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ. Ян Жин Гуан гэх БНХАУ-ын иргэний эмч Ян гэдгээр нь олон хүн таньдаг байна. Үүнийгээ овжин ашиглаж хууль бус үйлдэл хийдэг байж болзошгүй байгаа юм.