М.Уранцэцэг тэргүүн байраа эргүүлэн авлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа зохион байгуулагдсан хамгийн том тэмцээн бол Абу Дабигийн “Их дуулга”.

Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртсэн бол Г.Одбаяр гавьяат V байр эзэлсэн. Харин жил орчим хугацааны дараа Абу Дабигийн дэвжээнд гарсан Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан. Тэгвэл энэхүү “Их дуулга”-ын дараа олон улсын жүдо бөхийн холбооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн чансааг шинэчлэн гаргажээ. Жагсаалтад багагүй өөрчлөлт оров. Ингээд чансааны мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүд

60 кг: Энэ жингийн чансааг тэргүүлэгч Японы хоёр жүдоч байраа хадгалж үлдсэн бол Гүржийн шилдэг бөх Амиран Папинашвили нэг байр ахилаа. Энэ жинд манай жүдоч Д.Амартүвшин долоо, Г.Болдбаатар 20 дугаарт эрэмбэтэй байна. Бразилийн Филипэ Китадай 21 байр ухарсан нь хамгийн анти үзүүлэлт бол Азербайжаны Оруж Вализада 25 байраар чансаагаа ахиулав.

66 кг: Абэ Хифүми байраа хадгалж, Гүржийн Ваза Маргвелашвили чансаагаа ахиулж дэд байрт эрэмбэтэй болов. Түүнчлэн Израилийн Баруч Шмайлов хоёр байраар ахиулж топ тавд багтлаа. Харин Израилийн Фликер Таль, Солонгосын Ан Баул, Гүржийн Гёоргий Зантария, Монголын Г.Хэрлэн нарын чансаа нэг байраар ухарсан бол Казахстаны Зумаконов, Серикзанов нар Абу Дабид өндөр амжилт үзүүлснийхээ ачаар дээгүүр эрэмбтэй болов. Нэг жил орчмын хугацаанд тэмцээнд оролцоогүй Д.Төмөрхүлэгийн чансаа буурсаар 58 дугаарт бичигджээ.

73 кг: Японы Хашимото Сойчи, Солонгосын Ан Чанрим нарын чансаа хэвээр. Тэгвэл Г.Одбаяр, Азербайжаны Хиядаров, Оружов, нарын чансаа унав. Гэхдээ топ 10-т манайхаас Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар багтлаа.

81 кг: Энэ жинд барилд­даг манай хоёр топ жүдоч О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын чансаа буурчээ. О.Ууганбаатарынх гурван байраар ухарч 11, Н.Дагвасүрэнгийнх хоёр байраар ухарч 20 дугаарт эрэмбэтэй болов. Уг жинг Ираны бөх тэргүүлсэн хэвээр бол Оросын гурван тамирчин шилдэг 10-т багтжээ.

90 кг: Монголын нэрийг дархалж буй ганц жүдоч Г.Алтанбаганын чансаа нэг байраар урагшлав.

-100 кг: Дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэж чансаагаа ахиулсан Л.Отгонбаатар 16 дугаарт эрэмбэтэй хэвээр.

+100 кг: Хамгийн хүнд жингийн топ дөрвөн жүдочийн байр өөрчлөгдсөнгүй. Дөрөв­дүгээрт, Ө.Дүүрэнбаяр мастер багтаж байгаа юм. Тэгвэл хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын чансаа гурван байраар ухарч 23, олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэнгийн чансаа урагшилж 44 дүгээрт эрэмбэлэгджээ.

Эмэгтэйчүүд

48 кг: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа уг жинг Украины од Дарья Белодид тэргүүлэх болсон. Тэгвэл Абу Дабигийн “Их дуулга”-д гавьяат тамирчин М.Уранцэцэг зодоглож, улмаар түрүүлснээр жингийнхээ тэргүүн байрыг украин бүсгүйгээс эргүүлэн авчээ. Украины Дарья Белодид, Японы Фүна Тонаки, Оросын Ирина Долгова, Казахстаны Г.Отгонцэцэг нарын чансаа нэг байраар ухарсан.  Харин Аргентины Пауло Парето чансаагаа ахиулсан байна.

52 кг: Энэ жинд Косовогийн Келминди аварга эргэн ирснээ зарлаж Абу Дабигаас мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа долоон байр ахиулж 22 дугаарт эрэмбэлэгдэх болов. Манай Б.Хорлоодой 34-т багтжээ.

57 кг: Дэлхийн шинэхэн аварга Цүкаса, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Д.Сумъяа нар чансааг тэргүүлж байгаа бол Косовогийн Нора Гжакова гуравдугаар байр руу дэвшсэн байна. Энэ жинд Францын шилдэг жүдочдын нэг Павиа 81 байраар урагшилж 68 дугаарт эрэмбэлэгджээ.

63 кг: Ц.Мөнхзаяа гавьяатаас хойш уг жинд эх орноо төлөөлж буй Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, Ц.Цэрэннадмид нар бүгд нэг байраар урагшилжээ. Ингэхдээ Б.Мөнгөнчимэг 17, Б.Ганхайч 22, Ц.Цэрэннадмид 68 дугаар бичигдэв.

70 кг: Олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргалын чансаа нэг байраар ухарч 43 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ жинд Хятадын Яа Зюүгийн чансаа 16, Лию Хоняны чансаа 28 байраар ахьсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татав. Дашрамд, +78 кг-д Б.Мөнхтуяа 38 дугаар байрт хэвээр байна.

Монголын жүдочдыг гурван тэмцээн хүлээж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш дөрвөн том тэмцээн бий. Үүний нэг нь хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Абу Дабигийн “Их дуулга” байв. Уг тэмцээнд манайхаас дөрвөн тамирчин оролцож нэг алтан медальтай буцсан. Тэгвэл 2018 он дуусахаас өмнө дахин гурван тэмцээнд тамирчдаа илгээхээр төлөвлөж байгааг Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням ярьжээ. Түүний хэлснээр манайхны оролцох эхний тэмцээн нь ирэх долоо хоногт буюу энэ сарын 9-нд Узбекстаны Ташкент хотноо эхлэх гранпри юм. Уг тэмцээнд 50 орны жүдочид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд манай улсаас 13 тамирчин өрсөлдөх аж. Улмаар энэ сарын 23-нд Японы Осака хотноо болох “Их дуулга”-д зодоглоно. Харин оны сүүлчийн тэмцээн нь ирэх сарын 15-нд Хятадын Гуанжоу хотноо зохион байгуулагдах жин тус бүрийн шилдгүүд оролцдог “Мастерс” байх ажээ.

Израилийн Тел-Авив хотод гранпри тэмцээн зохион байгуулна

Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо, Израилийн Спорт ба Урлаг хариуцсан сайд Мири Регев болон Израилийн жүдо бөхийн холбооны тэргүүн Моше Понтэ нар 2019 онд гранпри тэмцээн зохион байгуулах гэрээ байгуулав. Израильд энэ жил Европын АШТ-ийг амжилттай зохион байгуулсан нь жүдогийн холбооноос өндөр үнэлгээ авчээ. Израилийн нийслэл Тел-Авив хотод 2019 (1 дүгээр сард), 2020 онд гранпри тэмцээн болохоор гэрээ хийсэн юм.

Дохад ДАШТ болно

Олон улсын жүдо бөхийн холбоо 2023 оны ДАШТ-ийг Катарын Доха хотод зохион байгуулах эрх өгсөн. Энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Катарын Таеквондо, жүдо болон каратэгийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Калид Хамад Аль Атияатай гэрээ байгуулжээ. Ийнхүү Катар анх удаа жүдо бөхийн ДАШТ хүлээн авахаар боллоо. Катарчууд зөвхөн ДАШТ зохион байгуулаад зогсохгүй 2020 оны “Мастерс”-ыг эх орондоо хүлээн авна. Өнгөрсөн сард Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий үеэр 2021 оны ДАШТ-ийг Австрийн Вена хотод зохион байгуулахаар болсон билээ. Харин дараа жилийн дэлхийн аваргын тэмцээн Японы Токио хотод болно. Одоогоор 2022 оны ДАШТ хаана болох нь тодорхойгүй байна.