Эрчүүд Филиппин, эмэгтэйчүүд Тажикстаныг зорилоо

Монголын хөлбөм­бөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид Филиппин, Тажикстан Улсыг зорилоо.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөхийн өмнө Филиппинд долоо хоногийн бэлтгэл хийгээд хуваарийн дагуу тоглох юм. Тэдний хувьд эхний тоглолтоо энэ сарын 11-нд БНАСАУ-тай, 13-нд Тайваньтай, 16-нд Хонконгийн багтай тоглоно. Тэгвэл Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэй­чүүдийн шигшээ баг “Токио 2020” олимпийн эрхийн төлөө тоглох гэж байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх тэд Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн багтай тоглох юм. Тоглолт арваннэгдүгээр сарын 4-нд Тажикстанд эхэлнэ. Эхний тоглолтоо энэ сарын 4-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 6-нд  Сингапуртай, гурав дахь тоглолтоо 8-нд Тайванийн багтай хийх хуваарьтай байна. Манай тамирчдын хувьд олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том нь төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой юм.