Б.Шоовдор: хүмүүс унтах гээд хэвтэж байхад би гарч суниадаг байлаа

Хүн дуртай зүйлдээ тууштай байж, хөдөлмөрлөж чадвал амжилт гаргаж болохыг харуулсан хүн бол чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор. Тэрбээр 20 настайгаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн юм. Их спортоор хожуу хичээллэж эхэлсэн ч найман жилийн тууштай бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

-Юун түрүүнд дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд амжилттай ба­рил­даж хүрэл медаль хүрт­сэнд тань баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Энэ жил бэлтгэл сургуулилтаа сайн хийж, заавал медаль авна гэсэн том зорилготой очсон. Өмнөх жилийнхээ алдааг засч хүрэл медаль авсандаа баяртай байна. Медалийн тавцан дээр гараад зогсож байх тэр мөчид л өөрийгөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээ­нээс медаль хүртлээ гэдэгт бүрэн итгэсэн. Тэр тавцанд зогсохын тулд өдийг хүртэл хичээж ирсэн болохоор үнэхээр сайхан байсан.

-Чөлөөт бөхөөр анх барилдаж эхэлсэн түүхийг ярих нь зөв байх. Гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, “Уурхайчин” клубийн тамирчин байсан. Хэдэн жил волейбол тоглосон бэ?

-Би 44 дүгээр сургуу­лийн математикийн гүнзгийрүүл­сэн сургалттай ангид сурдаг байсан юм. Намайг долду­гаар ангид ордог жил “Уур­хайчин” спорт клуб сонгон шалгаруулалт хийж, волей­болын багтаа хүүхэд авах талаар сонссон. Ингээд аав­тайгаа ярилцаад, шал­гуулаад орсон. Тэгээд 53 дугаар сургууль руу шил­жээд волейболын ангид дөрвөн жил сурсан. “Уурхай­чин” клубд довт­логчийн байрлалд тоглодог байлаа.

-20 настай чөлөөт бө­хөөр барилдаж эхэлсэн шүү дээ. Багийн спортоос ганц хүний спорт руу оро­ход юу нөлөөлсөн юм бэ?

-Их сонин шийдвэр гэж хүмүүс хардаг. Би өөрөө бөхөд их дуртай. Хамгийн эхлээд аавтайгаа ярилцаж үзсэн. “Ааваа, би бөх барилдмаар байна. Та юу гэж бодож байна” гэсэн чинь дуртай дэмжиж хүлээж авсан. Аавын дэмж­лэг урам өгөөд л бөх рүү орсон. Анх барилдаж эхлэхдээ би ШУТИС-ийн оюутан байсан бол сургуулиа орхиод Үндэсний биеийн тамирын дээд сур­гуульд ороод бөхөөр тууштай барилдаж эхэлсэн. Яг барилдаж эхлэхэд нөлөөлсөн зүйл гэвэл миний өөрийн бөхөд хайртай, сонирхолтой зан чанар минь л байх. Мөн дээрээс нь гэр бүлийн дэмжлэг их нөлөөлсөн. Тэд маань дэмжээгүй бол би өдийд барилдаагүй л байх байсан. Болсон болоогүй бэлтгэл хийж байгаад шантраад явдаг хүүхдүүд зөндөө байдаг. Харин би ерөөсөө шантарч үзээгүй. Хэдий оройтож эхэлсэн ч заавал ямар нэгэн зүйлд хүрнэ гэсэн зорилго тавиад тууштай байсан.Анх барилдаж эхлээд найз нөхөд, ангийн­хандаа хэлэхээс их ичдэг байлаа. Бөх барил­даж байгаагаа хэлэхгүй волейболоо тоглож байгаа гээд л явдаг байсан. Мэдээж волейбол бол зургаан хүний хамтын зүтгэ­лээр хожих эсвэл хожиг­до­хоо шийднэ. Харин чөлөөт бөх дэвжээн дээр гарсан бол ялах, ялагдах нь ганцхан надаас л шалтгаална.

-Хамгийн анхны чө­лөөт бөхийн бэлтгэл таны бо­дож байснаас өөр байв уу?

-Би амархан гэж бодож байсан. Гэтэл тийм биш байв. Гэсэн ч өөрөө дурлаж эх­лүүлсэн болохоор тийм хүнд санагдаагүй. Эрэгтэй хүүх­дүүдтэй бэлтгэл хий­гээд л, тэд нартай уралдаж байхад хоцрохгүй юм шүү. Болж өгвөл илүү гарах хэрэг­тэй гэж өөрийгөө дайчилдаг байлаа. Ер нь өөрийгөө чөлөөт бөхийн спортод бүрэн хандуулж чадсан учраас өнөөдөр энд ярилцаад сууж байна. Өглөө хамгийн эрт босоод гүйдэг. Орой хүмүүс унтах гээд хэвтэж байхад би гараад суниаж байдаг байлаа. Тийм л их тэмүүлэл, дур сонирхолтойгоор эхлүүлсэн.

-Хожуу барилдаж эх­лэхэд багш нар болон бусад хүмүүсийн хүлээж авах хандлага сонин байсан болов уу?

-2010 онд би ямар нэгэн тэмцээн уралдаанд ороогүй. 2011, 2012 оноос тэмцээнд ороод эхлэхэд манай үеийнхэн шигшээ багийн тамирчин болчихсон. Бүгд тив, дэлхийд барилдаж үзээд амжилтаа гаргаад эхэлсэн. Ихэнх нь олон улсын хэмжээний мастер цолтой. Зарим нь ч бүр гавьяат тамирчин болж байх үед би дөнгөж эхэлж байгаа гэдэгтээ ичих үе байсан. Зарим багш нар оройтчихсон байна даа. Хэзээ амжилт гаргах юм бол гэх зэргээр хэлдэг л байсан. Тэр бүгдийг аль болох тоохгүй байхыг хичээж, сонсоогүй юм шиг л явдаг байлаа.

-Таны багш П.Сумъяа гэж хүн бий. Та бараг ганцаараа эмэгтэй шавь нь байх шүү. Багшийнхаа талаар яривал?

-Би 2011 оноос Д.Батням багш дээр бэлтгэл хийж эхэлсэн байсан. Анх 2014 онд П.Сумъяа багштайгаа танилцаж байлаа. Тухайн үед багш Хөх хотод багшилж байгаад ирээд бөхөөс бага зэрэг хөндийрсөн бай­сан. Би багшаас намайг дасгалжуулаад өгөөч гэж гуйсан юм. Түүнээс хойш 2016 оноос эхлээд багштайгаа ганцаарчилж ажиллаж эхэлсэн. Манай бэлтгэлд надаас өөр эмэгтэй хүүхэд байхгүй хааяа нэг охид ирдэг. Би охин ирэхээр их баярлана. Гэхдээ хамгийн удаандаа нэг жил бэлтгэл хийгээд шантраад яваад өгдөг юм. Багш бид хоёр ер нь л аав охин хоёр шиг байдаг. Намайг бүхий л зүйлд сургаж байдаг багшдаа маш их баярладаг. Энэ завшааныг ашиглаад багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Аав тань биеийн тамирын багш. Гэр бүлд тань танаас өөр барилддаг хүн бий юу?

-Өөр барилддаг хүн байхгүй. Би эхээс долуулаа таван эгч, нэг дүүтэй. Спортоор тууштай хичээллэсэн нь ганцхан би. Бүр жаахан байхдаа л аавыг дагаад зааланд очно. Бөмбөгөө бараг даах­­гүй байж ханатай харьцдаг байлаа. Аавыг сургуу­лийн­хаа хүүхдүүдийг дасгал хийлгээд л хавар намрын спартикадад бэлдэх үед нь хамт дагаж гүйгээд л явдаг байсан. Энэ бүгд намайг спортод хайртай болгосон байх. Энэ олон зүйл л миний өнөөдрийн амжилтын суурь болж өгсөн. Гэхдээ манай эгч нар бүгд арван жилд байхдаа волейбол тоглодог байсан. Одоо нутгийн тэмцээн болохоор гэрийнхэн нэг баг бүрдүүлээд орчихдог юм. Гэхдээ би ихэнхдээ тэмцээнтэй байж таараад, хамт орох нь ховор. Зарим хүмүүс надаас “Амралтаараа волейбол тоглодог уу” гэж асуудаг. Яг үнэндээ би долоо хоногийн бүтэн сайн өдөр л амардаг. Зургаан өдрийг зааланд өнгөрүүлж байж ам­ралтынхаа өдрөөр дахиад заал ороод бөмбөг цохино гэдэг утгагүй болохоор ганц өдөр заалнаас холдож гэрийнхэнтэйгээ хамт байхыг д илүүд үздэг.

-Амралт гэснээс спор­тоос өөр сонирхдог зүйл бий юу?

-Бараг байхгүй. Зав гарвал уран зохиолын ном унших дуртай.

-Одоо таны цаашдын зорилго юу байна?

-Ямартай ч энэ жил тууштай байсныхаа үр дүнг үзлээ. Одоо улам илүү хичээж ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд амжилттай оролцож медалийнхаа өнгийг ху­вир­гахыг хүсч байна. Мөн цаана нь 2020 оны олим­­пийн наадам байна. Олимпт орж үзэхийг хүсч байна. Түүнийхээ төлөө явна. Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс медаль хүртсэнээр надад илүү их хариуцлага ирж байгаа. Тийм болохоор улам илүү хичээж бэлтгэл сургуулилтаа хийх болно.

-Таны бэлтгэлийн форм дэлхийн хэмжээний бөхийн хэмжээнд хүрлээ. Тэгэхээр хэдэн он хүртэл барилдана гэсэн бодолтой байна вэ?

-Одоогоор бол 2020 оныг дуустал барилдана гэсэн бодолтой байна. Би 28 настайдаа дэлхийн медаль хүртлээ. Хожуу барилдаж эхэлсний үр дүн байх. Хэр­вээ арван хэдтэйдээ ба­рилдсан бол шантраад яв­чихсан ч байж магадгүй юм.

-Хоёулаа яриагаа энэ хүргээд өндөрлөе. Зорь­сондоо хүрч медалийн өнгөө хувиргаж, цааш­лаад олимпийн медаль­тан болоорой гэж хүсье?

-Баярлалаа. Миний амжилтын ард маш олон хүн бий. Тэдэнд талархлаа илэр­хийлье. Өсгөж хүмүү­жүүл­сэн аав, ээж гэр бүлийнхэндээ, П.Сумьяа багшдаа Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ багийн алба, Монголын чөлөөт бө­хийн холбооны удирд­лага баг хамт олон, бэлт­гэл хангагч нартаа, “Хасу-Мегаватт” компани Н.Түмэн-Аюуш захирал, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан ах болон түүний гэр бүлд баярлаж талархсанаа илэрхийлье.