Б.Цолмон: Хүн ялалтаасаа шинэ амжилт, сайхан зүйлийг мэдэрдэг бол ялагдлаасаа ухаарал авдаг

Манай улсад шинэхэн хөгжиж буй спортын нэг бол туялзуур сэлэм. Хөгжөөд удаагүй ч маш олон залуус хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна олон, олон амжилтуудыг гаргаж байна. Тэдний нэг нь туялзуур сэлэмний спортын мастер, хөнгөн сэлэмний олон улсын зэрэглэлийн шүүгч Б.Цолмон юм. Түүнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа таны бага наснаас эхлэх нь зөв болов уу. Хаана төрж өссөн бэ?
-Баярлалаа. Танд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Дорнод аймагт төрсөн. Бүр багадаа Улаанбаатар хотод ирсэн. Бага нас бусад хүмүүсийн адил өнгөрсөн. “Сант” сургуулийг төгссөнийхөө дараа АШУИС-д орсон. Би багаасаа өвөө дээрээ өссөн. Одоо ч өвөөтэйгөө амьдардаг. Ер нь өвөөгийн хүүхэд. Одоо мэс заслын резидентээр сурч байгаа. Ирэх хавар төгсөнө. Өнгөрсөн хавар гурван сарын хугацаатай Солонгос улсад дадлага хийгээд ирсэн.
-Туялзуур сэлэмний спортоор хичээллэх болсон юм бол. Анх энэ спортоор хичээллэж эхлэхэд нөлөөлсөн зүйл юу вэ?
-2000 оны Сиднейн олимпоор туялзуур сэлмийг зурагтаар үзсэн. Тэр үед их гоё санагдаад хичээллэх юмсан гэж бодож эхэлсэн л дээ. Даанч тэр үед нь манайд туялзуур сэлэмний клуб байгаагүй юм. Тэгээд 2012 онд Монгол “MGL” гэж клуб байгуулагдсан гэж сонсоод шууд очоод л бүртгүүлээд хичээллэж эхэлсэн.
-Тэр үедээ хэдэн настай байв. Их багаасаа бодож явсан зүйлээрээ анх бэлтгэл хийсэн тэр үеийн мэдрэмж, төсөөллөөс өөр байв уу?
-Тухайн үед яг 20 настай оюутан байсан. Хамгийн анх Д.Ганбаатар багш дээрээ очсон. Одоо ч багш маань хэвээрээ байгаа. Би одоо “УБ Фэнсинг” клубын тамирчин гэж явдаг. Анхнаасаа л гоё санагдсан төсөөлөл минь одоо ч хэвээрээ. Ер нь анхны тулаанаа хийсэн тэр үеэс их хурцлагдаж, тулалдах юмсан гэсэн бодолтой болсон. Хүн ялалтаасаа шинэ амжилт,  шинэ сайхан зүйлийг авдаг бол ялагдлаасаа ухаарлыг авдаг. Тийм учраас түүндээ илүү хурцлагдаж урам зориг авч байсан. Урд нь спортоор тууштай хичээллэж байгаагүй болохоор сэтгэл зүйн бага зэрэг асуудал эхэндээ байсан. Үүнийгээ засаад тулааныхаа амтанд ороод ялалт, ялагдлын сайхныг мэдрэхээр төлөвшилд минь хүртэл зөв нөлөөлж эхэлсэн. Спорт надад эмх цэгцтэй байдал, зохион байгуулалт сайтай зан чанарыг суулгаж өгсөн гэж би боддог. Мөн дээрээс нь бие бялдрын өв тэгш хөгжлийг олгосон. Ер нь бол их үр өгөөжтэй байгаа.
-Одоогоор туялзуур сэлмээр ямар, ямар амжилт гаргасан бэ?
-Спортын мастер цол хүртсэн. Улсын аваргаас гурван мөнгөн медальтай. 2013, 2014, 2015, 2016 онд улсын аваргаас медаль авсан. Мөн 2014 оны Инчеоны Азийн наадамд оролцож байсан. Эхэндээ ялагдах нь их байсан бол одоо ялдаг болоод, олон улсын тэмцээнд хэсгээсээ гарах гэх мэт амжилтаа ахиулаад явж байна. Мөн  шүүгчийн сургалтад хамрагдаад олон улсын зэрэглэлийн шүүгч болсон байгаа.
-Энэ удаагийн Азийн наадамд оролцох уу?
-Энэ жил би дотоодын чансаанд хоёрт бичигдэж байгаа учраас оролцохгүй. Өнгөрөгч хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд Солонгос Улсад тархины мэс заслын эмчээр дадлага хийсэн. Энэ хугацаанд туялзуур сэлмээ бага зэрэг орхигдуулсан болохоор оролцох боломжгүй. Дотооддоо чансаагаа тэргүүлж байж олон улсын тэмцээнд явдаг. Азийн наадамд манай багийнхан дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчин дасгалжуулагч, албаны хүмүүс гээд арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй явах гээд бэлтгэлээ хийж байна.
-Дотоодын чансааг хэрхэн тогтоодог юм бол. Туялзуур сэлэмний тэмцээн уралдаан хэр олон болдог вэ?
-Дотоодын тэмцээнд оролцсон байдлаар нь эрэмбэлнэ. Манайд сард нэг тэмцээн болдог.  Клубуудын нэрэмжит, мөн ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит цомын тэмцээн гээд жилдээ арав гаруй тэмцээн болно. Туялзуур сэлэмний зургаан клуб Монголд бий. Дархан, Эрдэнэтэд тус бүр нэг,  Улаанбаатарт дөрвөн клуб байна. Тогтмол болон сонирхогч 400 гаруй хүн энэ спортоор хичээллэдэг.
-Та хүнд сэлэмний төрлөөр хичээллэдэг. Энэ төрлийн онцлог нь юу вэ?
-Онцлог нь, биеийн бүх хэсэгт хатгах боломжтой. Тийм учраас авхаалж, техник илүү шаардана. Нөгөө хоёр төрөл нь хурд шаарддаг шүү дээ. Хүнд сэлэм нэлээд тактик шаардана. Яагаад гэхээр тулалдаж байгаа хоёр тамирчин хоёулаа зэрэг оноо авах боломжтой байдаг болохоор илүү их тактикийн тулаан хийнэ.
-Туялзуур сэлэмнээс өөр чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Байлгүй яахав. Бүжиглэх дуртай. Бас сайн дурын болон төрийн бус байгууллагад идэвхтэй ажилладаг.
-Мэргэжлээрээ ажиллана, туялзуур сэлмээр хичээллэнэ. Бас дээрээс нь сайн дурын байгууллагын идэвхтэн. Энэ бүгдийг амжуулаад явахад ачаалал их биз?
-Гайгүй ээ. Туялзуур сэлмээр оюутан байхаасаа хичээллээд өдөр тутмын төлөвлөгөөнд орчихсон болохоор хүнд зүйлгүй. Харин сайн дурын болон төрийн бус байгууллагынхаа ажилд би маш их дуртай. Дуртай юмандаа цаг, заваа гаргаад хийгээд явахаар илүү үр дүнтэй байдаг гэж боддог. Тэр утгаараа өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлсээ  хийдэг.
-Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би хоёр төрийн бус байгууллагад ажилладаг.  Нэг нь “Rotaract Club of Nairamdal” гээд олон улсын байгууллага. Залуучууд болон нийгэмд чиглэсэн сайн зүйл хийдэг. “Өөрөөсөө давж бусдад тусалъя” гэсэн уриатайгаар ажилладаг. Харин нөгөөх нь “Эрдэмт” гээд төрийн бус байгууллага. 2015 онд найзуудтайгаа нийлж байгуулсан. Залууст чиглэсэн сургалт уулзалтуудыг хийнэ. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Өглөөний уулзалт” гээд лекц ярилцлага байна. Хамгийн сүүлд 46 дахь уулзалтаа зохион байгуулсан.
-Туялзуур сэлэмний спортоор гаргахыг зорьж яваа хамгийн том амжилт, зорилго тань юу вэ?
-Мэдээж тамирчин хүн бүрийн зорилго олимп байдаг. Тиймээс одоо 2020 оны олимпод эрх авч, оролцохыг зориод бэлтгэлээ хийж байна. Манай холбооны зорилго ч мөн адил тийм. Дараа нь шүүгч, дасгалжуулагч талаасаа өөрийгөө илүү хөгжүүлнэ. 2016 оны аравдугаар сард Азийн зэрэглэлтэй шүүгч болоод, 2017 оны хоёрдугаар сард нь олон улсын туялзуур сэлэмний холбооны сургалтад хамрагдаад хүнд сэлэмний төрлөөр олон улсын шүүгч болсон. Энэ жил аравдугаар сард нөгөө хоёр төрлөөр нь шүүгчийн сургалтад хамрагдаж шалгалт өгнө гэсэн зорилготой байна.  Мөн хөнгөн сэлэмний төрлөөр дасгалжуулагчийн сургалтад хамрагдсан байгаа. Туялзуур сэлэмний спорт манай улсад шинэ хөгжиж буй учраас дасгалжуулагч эрэлттэй. Би   клубийнхээ багачуудын ангид хичээл ордог.
-Олимпод орохын тулд дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэлэгдэх хэрэгтэй. Одоо та хэдэд эрэмбэлэгдэж байна?
-Олимийн эрхийг чансааны эхний арав гаруй тамирчинд олгоно. Бас олимпийн өмнөх жилд эрх олгох нэг тэмцээн болдог. Тэр тэмцээнд эхний байруудад орж байж олимпийн эрхээ авна л даа. Миний чансаа нэлээн буураад 450 хэд болсон байна. Энэ жил хичээлдээ анхаараад тэмцээнд бараг оролцоогүй.
-Танай баг хамт олныг зорилгодоо хүрээд “Токио-2020” олимпийг зориорой гэж хүсье. Ярилцлагынхаа төгсгөлд үе тэнгийн залуустаа хандаж үг хэлээч?
-Баярлалаа. “Энх цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана” гэдэг. Тийм учраас залуу байгаа дээрээ хөдөлмөрлөөд өөрийгөө хөгжүүлээрэй. Тэгээд хамгийн гол нь өөрийн хийх дуртай зүйлээ олоод хөдөлмөрлөвөл илүү амар байдаг юм шүү гэж үеийнхэндээ хэлмээр байна.