Биет бус өвийг хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал Монголд болж байна

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал өчигдөр эхэллээ. Уг хурлыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Ази номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв, Боловсрол шинжлэх ухаан спортын яам хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг хурал “Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхүүлэн дэмжих хамтын ажиллагаа” нэртэйгээр болж байгаа. Гол зорилго нь, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ хэрхэн таниулах болон улс орнууд өв соёлоо хамгаалж, хадгалах туршлагаа хуваалцахад оршиж байгаа аж.

Өв соёлоо хадгалан хамгаалахад боловсролын систем маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Тиймээс боловсролын программд тодорхой тусгаж, хүүхэд багачууд, залууст биет бус өвийн тухай ойлголтыг таниулснаар хадгалан үлдэх, судлах, таньж тогтоох боломжтой гэж үзэж байсан юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Төв азийн цээжинд орших Монголчууд бид өв соёлоо хадгалан үлдсэн ард түмэн. Үүний нэг тод жишээ нь эцэг дээдэс, өнө эртний үеэс өвлөгдөн ирсэн нүүдэлчин соёл юм. Биет бус өвийг таниулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж, долоон сургуулийн сурагчдад биет бус өвийн талаарх мэдлэг, ойлголт, хайрлан хамгаалах тухай хичээлээс гадуурх сургалт хийсэн нь үр дүнтэй болсон.

Цаашид өв соёлоо хэрхэн хайрлах, хамгаалах, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх асуудлыг ерөнхий боловсролын программд тусгах тухай яригдана” гэдгийг онцоллоо. Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал хоёр өдөр үргэлжилнэ.