Л.Дашням: Ертөнцийн судасны лугшилтыг төрөхөөсөө мэдэрч, аав ээжийнхээ сургаалтай өөртөө шингээсэн улс бол бидний үеийнхэн

Зуны эхэн сар гэхэд өглөө, оройдоо сэрүүхэн атал үд хэвийд халуун шатах хавар ч юм уу гэж андуурам нэг өдөр түүнийг зорилоо. Ажлын өрөөгөөр нь ороход л ханаар нь дүүрэн байх уран зургууд нүд булааж, түүний зөөлөн яриаг сонсонгоо өлгөөтэй зургуудыг нь ширтэж суулаа. Тэрбээр уран зурагт дуртай нэгэн гэдэг нь илт мэдэгдэнэ. Таримал цэцэгс цонхны тавцан дээгүүр эгнэж, цэнхэр тэнгэрт нэг ч үүлгүй цэлмэг өдөр ажээ. Тэрбээр өөрийн хийсэн бүх уран бүтээлээсээ шилж 10 боть бэлдээд байгаа юм байна. Түүнтэй утга уран зохиолын тухай хөөрөлдөж, сайхан дурсамжуудыг нь хуваалцаж, олон жилийн түүх одоо туурвиж байгаа уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашнямын ярилцлагад саатна уу.

Тэр “уяа” үе үе намайг татаж, гогдох үед сайхан дурсамжууд санаанд тодордог

-Хүний аав ээж, нутаг ус, бага нас гурав тулгын гурван чулуу шиг холбоотой аж. Тэгэхээр таны дурсахыг хүсдэг хамгийн сайхан цаг хугацаагаар ярилцлагаа эхлэх үү?
-Хүний аав ээж, нутаг ус, бага нас хамгийн их сэтгэл зүрхэнд хадагдаж үлдсэн байдаг. Одоогийн залуучууд ямар ч “уяа” байхгүй болчихсон. Хаашаа л явна сул алдуурдаг. Ертөнцийн судасны лугшилтыг төрөхөөсөө мэдэрч, тэр мэдрэмжээ аав ээжийнхээ сургаалтай давхар өөртөө  шингээсэн улс бол бидний үеийнхэн юм. Тэр нь мөнхийн “уяа” болдог. Тэр “уяа” үе үе намайг татаж, гогдох үед сайхан дурсамжууд санаанд тодордог. Гэхдээ хөдөө төрсөн,  өссөн хүмүүс хэн хүнээс илүүтэй бөх “уяа”-тай байдаг. Би бол Архангай аймгийн Төвшрүүлэх сумд төрсөн. Бага нас минь сангийн аж ахуйд өнгөрсөн. Бэлчээрийг тариан талбай болгож байсан цаг. Бэлчээрийн цэцэг, ногоог нь хагалаад хав хар шороо болгочихсон байсныг хараад нутгийн хүмүүс уйлж байсныг тод санадаг.
-Та эхээсээ хэдүүлээ бэ. Бүгдээрээ бичиг, номын улс уу?
-Бид аав, ээжээсээ наймуулаа. Одоо бол тавуулхнаа үлдсэн. Хоёр эгч маань малчин саальчингаараа хөдөө үлдэж, ахыг даган хот бараадсан Бор маань жолооч болж, Улсын алдартны зэрэгт хүрж, энгэрт нь одон тэмдэг, элдэв гялалзаж гялтганах юм нэлээд бий.Том эгч Нямсүрэн, дүү Нямхүү, Пүрэвсүрэн маань одоо байхгүй, өөд болцгоосон. 
-Таныг хэл сурч, гадаад дотоодод аялахад ахын тань нөлөө байсан уу. Ахынхаа тухай ярихгүй юу?
-Миний хамгийн том ах бол Л.Хуушаан зохиолч. Дөнгөж 18 хүрэв үү, үгүй юү түмний төлөө мэдлэг чадвар, оюун ухаанаа зориулсан тэр минь одоо 88 настай. Аав маань биднийг нялх байхад өөд болсон болохоор ах маань л биднийгээ “алсын удирдлагаар” олон жил чиглүүлж залсан даа. Жилийн жилд ахыг амралтаараа хотоос ирэхийг бид их хүлээнэ. Гэрээ олоход амар гээд замын дагуу бууц сэлгэн нүүж буусаар, бараг л намар болгочихно.  Ахыг сар хоногоор хүлээн суусан газрууд одоо ч нүднээ тусаж л байдаг юм. Нэг л жил би ахыг зүрх шимшрэн хүлээсэн дээ. “Ах минь ирээд яана даа” гэж бодохоор хоолой аяндаа л торолздогсон. Тэр нь аавын нас бардаг зун. Ах аавыг нутаглуулснаас бүүр хойно, их удаж байж ирсэн. Арга ч үгүй шүү дээ, тэр Москвад нь хэл сураг хэд хонож, яаж ч хүрдэг байсан юм. 
-Хамгийн нандин, дотно, хайртай хүнээ алдах мөч бол асар их хоосрол юм билээ. Тэр үед та ахдаа аавыгаа алдсанаа юу гэж хэлж байсан бэ?
-Нэг өдөр ах маань хүрээд ирсэн. Байн байн нулимс цийлэгнээд их санасан мөртлөө уулзаж ч чадахгүй, дэмий л гэрийн гадуур тойрч гүйгээд л байж билээ. Аавгүй болсон гуниг, ах минь аавтайгаа уулзаж чадсангүйдээ гэдэг харамсал намайг их зовоож гэрээсээ холоо очоод нэлээн уйлсны дараа жаахан тайтгарч байж билээ. Хожим нь би ахын бичсэн
“Алс хол хүний нутагт сурч байгаад
 Аавтайгаа уулзаж чадаагүй минь харамсалтай”  
гэсэн шүлгийн мөрүүдийг уншаад нэг их уй гашууд дарагдан хоолой хатаж байсан даа. 
-Та хоёрт адилхан зүйл ховор­гүй мэт санагдах юм. Орчуулагч, зохиолч, яруу найрагч, бас төр нийгмийн зүтгэлтэн гээд төстэй замналаар явжээ. Ахтайгаа адилхан санагдах үе цөөнгүй юү? 
-Миний хувьд ахтай зэрэгцүүлж, жиших юм байгаа бол баярлах л хэрэг юм. Яагаад гэвэл тэр нь чухамдаа ахын маань гавьяа, ач тус шүү дээ. 1990-ээд оноос хойш элдэв сонин хэвлэлд ах бид хоёрыг нийлүүлж магтах, явуулах нь их болж байж билээ. Зөвхөн дарга нарын хүүхдүүд суралцдаг Оросын нэртэй том сургуульд ах, дүү хоёр олон улсын харилцаагаар цуварч төгслөө, гадаадын хамгийн олон оронд очсон, хоёулаа найрагч, шүлэгч гээд бичдэг байсан. Сургуулиа төгсөөд ах үндсэндээ хоёрхон л газар ажилласан. Нэг нь дипломат алба. Гадаад яамаар дөнгөж шүргээд, Москва болон Варшав дахь Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга зэрэг алба хашсан. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, дэлхийн энх тайвны медальтан гээд дэлхий дахинаар өөрийгөө үнэлүүлсэн хүн дээ. 

Б.Явуухулан гуай бид хоёр Африкт хөл тавьсан анхны монгол зохиолчид болж байлаа

-Яруу найргийн анхны нэгдлүүдийн нэг “Дөмөн”-г үүсгэн байгуулж байсан тухайгаа ярихгүй юу?
-“Дөмөн” нэгдлийн анхны дарга нь Дарма.Батбаяр байсан. Дараа нь би дарга болсон юм. “Дөмөн” нэгдэлд тухайн үеийн уран зохиол сонирхдог, бичиж туурвидаг байсан бүх залуучууд харьяалагддаг байлаа. Нэгдэл дотроо яваандаа Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Батбаяр, Ж.Лхагваа бид тав нэг гал болсон. Одоо цагийн мундгууд болох байсан юм байлгүй дээ. Тухайн үедээ зохиол ярьж маргалддаг, уралдаж бичдэг л хүмүүс байж дээ. 
-Манай сонины уншигчдад өөрийнхөө яруу найргийн дээжээс хүргэх үү?
-Долгорын Нямаагийн ярилцлагыг уншиж байсан чинь “ус дугших”  гэсэн огт мэдэхгүй үг гарч ирэхээр нь утасдлаа. “Танай тэнд “ус дугших” гэж ярьдаг юм уу. Юу гэсэн үг вэ” гэж асуувал “Худгийн ус жаахан, жаахнаар нэмэгдэхийг хэлдэг юм” гэж байна. Тэр үгнээс ургуулан “Ус дугшихын сайхан” нэртэй шүлгээ 2007 онд бичиж байлаа.
Ус дугшихыг ажиглан удаан суух сайхан
Ундрагад шингэсэн ээжтэйгээ 
Уулзах мэт амин сайхан
Сүүмэн хөндийн сэвшээг 
Цангасан тэмээд урих нь сайхан
Сүүн гэрлээр асгар мялааж 
Шөнийн саран мэлтийх нь сайхан
Худгийн ус дугшихыг хүлээж 
Хээр хонох мартамгүй сайхан
Хуучин үг сэтгэлийг сэрээж
Шинийг өгүүлэх нь бүр сайхан
Ус дугшихыг хүлээн удаан суух сайхан
-Тухайн үед өөрт төрсөн мэдрэмж, үзэл бодлоо шүлгээр илэрхийлж бичих боломж хомс байсан цаг. Тэгэхээр та шүлэг бичихдээ өмнө нь их боловсруулдаг байсан уу?
-Өөрийнхөө мэдрэмж, үзэл бодлоо шүлэгтээ шингээнэ. Шингээхдээ учир начрыг нь олж арга ухаанаа сийлнэ шүү дээ. Өөрөөр яаж илэрхийлж болохыг ч тунгаадаг байсан юм болов уу даа. Соёлтой, боловсронгуй байдлаар үзэл бодлоо хэлж, ойлгуулж чадахгүй бол юм дуулдаг байсан цаг. Би шүлгийн хэдэн жижиг ном гаргаж байсан. Бүх шүлгээсээ түүвэрлэхээр нэг боть болж байгаа юм.
-Олон улс оронд явснаас, санаанд тань үргэлж тод байдаг дурсамжаасаа хуваалцах уу?
-Дөрвөн далай таван тивээс Австралид л очсонгүй. Хамгийн сайхан дурсамжтай үе бол Бэгзийн Явуухулан гуай бид хоёр 1979 онд Ази, Африкийн зохиолчдын бага хуралд оролцохоор Этиофийн нийслэл Адисс-Абеба хотод очиж Африкт хөл тавьсан анхны монгол зохиолчид болж байсан. Дараа нь Ази, Африкийн залуу зохиолчдын хуралд ганцаараа очиж долоо хонож байсан. Африкийн хоёр бөөрөнд долоо, долоо хонож явсан даа. Монголд Африкийн сэдэвт шүлэг бичсэн хүн тун цөөн, бараг надаас өөр байхгүй байх шүү. Удахгүй энэ шүлгүүдээс бүтсэн номоо гаргах бодолтой байгаа.
-“Болор цом”-ын талаар таны бодол?
-Би “Болор цом”-д анхнаасаа л нэг их таатай ханддаггүй байсан. Тэгээд ч би тайзан дээр байтугай олон хүний өмнө шүлгээ уншиж чадахгүй. Өөр өөр арга барилаар бичдэг олон хүнийг нэг тайзан дээр зэрэгцүүлэн зогсоочихоод “энэ лут, энэ тааруу” гээд байх ямар ч бололцоо байхгүй л дээ. Уралдаан тэмцээн олон зохион байгуулах нь яруу найргийг тайзны болгоод, сөрөг тал нь олонд таалагдах гэсэн санаа уран бүтээлчдэд төрнө. Олонд таалагдаад ирэхээр шүүлтүүр нь их энгийн болж, дууриамал шүүлтүүрээр шүүлгэнэ. Түүнд тааруулж уран бүтээл бичих гэж оролдвол утга зохиолын төвшин доошоо унана. Зохиолч яруу найрагч гэдэг төрмөл зүйл л дээ. Тэгэхээр ямар байдлаар өөрийгөө олж, илэрхийлэх вэ гэдэг өөр өөр. 
-“Байх байхгүйн дунд” номонд тань хагас зууны өмнөөс эхлээд энэ зуунд ч амьдарч байгаа 60 гаруй уран бүтээлчийн тухай дурсамж багтсан байсан. Монголын утга зохиолын гол төлөөлөгчидтэй хамт ажиллаж, уран бүтээл туурвиж явснаа дурсах уу?
-“Байх байхгүйн дунд” ботид “Тэр хүний тухай би нэг зүйл бичих ёстой” гэдэг хүмүүсийн тухай бичсэн. Хамт ажиллаж байсан, нэг үед амьдарч байсан хүмүүсийн тухай эмхэтгэсэн. Би төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт олон жил ажилласан учраас хувь заяаны тохиолоор маш сайхан хүмүүстэй уулзаж, учирч байжээ. Энэ номд 110 жилийн тэртээх хүнтэй ярилцаж, хамт ажиллаж байснаа үлдээхийг оролдсон. Би бол азтай хүн.  
-Их мэддэг хүнийхээ тухай  яг юу гэж бичихээ мэдэхгүй тохиолдол танд гарч байсан уу?
-Тэр хүнийг маш их дурсаж, түүний тухай ярих, бичих юм ихтэй атлаа илэрхийлж чаддаггүй. Тэр тусмаа бичиж чадахгүй үе гаралгүй яахав. Учир нь тухайн хүнээ хөндий холоос хайгаад бичих гээд байдаг. Ер нь бол хүн нь хүнтэйгээ ойр байсан халуун амьдралаа бичвэл сайхан дурсамж болдог юм байна. Дурсамжийг уран зохиол шиг бодитой байдлаар бичсэн.
-Таны хоёр дахь өгүүллэгийн ном болох “Бурхантын цэцэрлэг” ном тухайн үедээ шуугиулж байсан гэж ярих юм. Анхны хатуу хавтастай ном байсан юм уу?
-“Бурхантын цэцэрлэг” ном гаргаад ном хэвлүүлэх эрхээ хасуулж байлаа. Хэл аманд өртөж, олныг шуугиулсан шалтгаан нь залуу зохиолч хатуу хавтастай, тэр мөртлөө дах хавтастай гаргасан гээд их яриа болсон. Номын цаасыг нарийн болгож огтлоод илүү хөрөнгө үрж, илүү зардал гаргасан гэх шалтгаанаар ном хэвлэх эрхээ хасуулж байлаа. Тухайн үед ийм өнгөт, хатуу, дах хавтастай нарийн ном олон ч гарч байсангүй.  Б.Лхагвасүрэн Эрхүүгээс бичсэн захидалдаа “Чиний номыг охид мээмнийхээ завсар хавчуулж унтах боллоо” гэсэн байж билээ /инээв/. Надад өөрт байхгүй болчихоод олдохгүй сүүлд нэг сумын номын дэлгүүрээс олж авсан. Тэр жилдээ хамгийн их захиалга авсан номын нэг “Бурхантын цэцэрлэг” юм, 19 мянган хувь хэвлэгдэж байлаа шүү дээ.
-Үүнээс гадна таны “Нялх ногоо” гэдэг анхны өгүүллэгийн ном тухайн цаг үедээ цоо шинэ өнгө аяс, тогтсон бичлэгийн хэлбэрээс татгалзсан их өөр ном байсан гэж уран зохиол судлаач, шүүмжлэгчид ярьдаг. Анхны номынхоо талаарх  сэтгэгдлээ хуваалцвал?
-Судлаач доктор Ч.Билигсайхан “Нялх ногоо” номд шүүмж бичсэнээр Горькийн сургуульд сурах хүнээр тодорч байлаа. Хөвсгөл аймгийн багш байхдаа миний номд шүүмж бичиж их лут шүүмж болсон гэж үнэлэгдэж байсан санагдаж байна.

Орчуулга бид хоёр бие биенээ их зовоосон

-Соён гэгээрүүлэгч гэдгийг та юу гэж тайлбарлах вэ. Таныг хүмүүс соён гэгээрүүлэгч гэдэг?
-Шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэг, хүн төлөвшлийн тухай багагүй судалсан хүн л дээ, би. Хүнийг мэдлэгтэй, ухаантай болоход нөлөөлж соён гэгээрүүлэхэд зарцуулсан хөдөлмөрийг минь зарим нэгэн нь тэгж үнэлдэг байх. В.Солоухины өгүүллэгүүд “Сэтгэл дотно газар” ном бол олон зохиолчийг өөрөөр бичдэг болгосон. С.Дашдооров гуайн даалгавраар орчуулж байлаа. Тэрбээр “Манайхан бүгд Горькийн сургуульд явна гэж юу байх вэ. Чи үүнийг орчуулж олон зохиолчид тус бол” гэж билээ. Амьдралыг бол бүгд мэдэж байгаа.  харин амьдралаа уран бүтээл болгож чадахгүй байна. Байгаагаар нь л бичээд байна. Уран сайхан байхгүй. Амьдралыг хүн өөрийнхөөрөө л мэддэг. Тэр сайхан зүйлийг яаж сайн уран бүтээл болгодог вэ гэдгийг үлгэрлэсэн гаднын зохиолчдыг анх би орчуулж байсан. С.Эрдэнэ гуай надад хэлэхдээ “Монголын зохиолчид бид гаднын зохиолчдоос туршлага дутаад байгаа болохоос авьяас чадвар ер дутахгүй” гэж хэлж байж билээ.
-Тухайн үедээ англи хэлтэй цөөн зохиолчийн нэг байжээ. Энэ ч утгаараа гаднын сор болсон зохиолчдын бүтээлийг орчуулж, Монголын өдгөөгийн соруудад уншуулж байжээ. Орчуулга хийхээр өөрөө их боловсордог байх, тийм үү?
-Орчуулга бид хоёр бие биенээ их зовоосон хоёр л доо. Орчуулгын тухай, орчуулагч хүний тухай уг нь олон үг хэлэх хэрэггүй ч, тэрсдүү үгээр шуудхан хэлэхэд, чадахгүй тусмаа л хүн элдэв шалдав орчуулгатай ноцолддог л доо. Тэр нь хүндээ ч, орчуулгадаа ч аль алинд нь байдаг байх. Нөгөө л бие биеэ зовоох тавилан нь тэр. Төгсөөд ирсний дараа П.Лувсанцэрэн зохиолч нэг үе намайг “Цог” сэтгүүлийн “Соёлын ертөнц” булангийн байнгын орчуулагч болгосон. Түүний дараа “Улсын хэвлэлийн газар”-ын уран зохиолын редактор болж байлаа. Туршлагатай, нэртэй орчуулагчдын дэргэд зургаан жил болсон нь намайг “Монголын орчуулагчдын нэг” гэж эндүүрэхэд хүргэдэг болсон байх. Уг нь ч уршигтай хүнд бол бүхэл бүтэн нэг дээд сургууль төгсөх хугацаа буюу тэр зургаан жилд овоо сайхан нухлуулаад авсан даа. 
-Хэвлэлийн газар ажиллаж байх үедээ тэр үеийн бүх сайн зохиолч, яруу найрагчийн бүтээлийг уншиж байв уу?
-Миний ажиллаж байх үеийн “Хэвлэлийн редакц” гэдэг газар бол Монголын оюуны ертөнцийн гол бөгөөд гал цэг нь байсан. Хэвлэлийн газар уран зохиолын редактороор 1972-1978 он хүртэл ажиллаж байлаа. Би их зохиолч Б.Ренчин гуайн редактор байсан. Уран зохиолын редактор гэхээр утга найруулгын алдааг харахаас гадна зөв, буруу орчуулсан байдлыг эх зохиолтой нь тулгадаг. Нэг сайн орчуулгын номыг редакторлаад дуусахад дараа нь арай тааруу орчуулгатай ирэх жишээтэй. Ном гаргадаг хүн бүхэн манай редакциар орж гарна. Санаа оноогоо ярина, цуурна, хөөрнө, аяга тагш юм ч болцгоодог зохиолчид, ном бүтээдэг хүмүүсийн хоёр дахь гэр байсан юм. Одоо бодох нь ээ оюуны ордон байж дээ. 
-Одоо хүн бүхэн хэвлэн нийтлэх эрхтэй. Харин дээхэн үед ном хэвлүүлнэ гэдэг их бэрх ажил байсан гэдэг. Энэ тухай?
-Хэвлэлийн комбинатад ном хэвлэх төлөвлөгөөнд оруулна гэдэг тийм ч амар зүйл байгаагүй. Ном орчуулах эрх авна гэдэг том ажил байлаа. Чадал, чадвартай ч үзэл суртал, улс төрийн хувьд найдваргүй этгээдэд бол ном өгөхгүй. Надад давуу эрх олгон, би ч жигтэйхэн баяр хөөртэй орчуулсан “Шадар гурван цэрэг”, “Алаг шаазгай” зурагт номууд маань аль нэг номын санд байдаг л байх. Харин өөрийнхөө номыг хэвлүүлэх гэж төлөвлөгөөнд өгнө, төлөвлөгөөнд орчихвол зохиолчдын Хорооноос редактор сонгож өгнө. С.Дашдооров гуай миний номын редактораар ажиллаж байсан. Их чамбай, хянамгай редактор надад оноодог байлаа. Учир нь намайг эвгүй зүйл бичээд үзэл суртлын хэлтсийн хараанд өртчих вий гэж болгоомжилдог байсан байх. 
-Сайн уншигч байхын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Шигтгээ

Лодонгийн Түдэв
“Бор дэвтэр” ардын аман зохиолоос ялгагдах онцлог нь ардынх биш Дашнямынх, олных биш, нэг хүнийх байгаад оршино. Аливаа аман зохиол эхлээд мэргэн хүний амнаас гарч, амнаас ам  дамжин түгэж дэлгэрдэг болой. Дашнямын “Бор дэвтэр”-ээс цөөнгүй үгс нь хэдэн он өнгөрсний дараа “Ардын цэцэн үг” гэгдээд зохиогчоороо биш, ард түмнээрээ овоглоод ирээдүй өөд аялж өгөх ч магадгүй санагдана.

Шаравын Сүрэнжав     
Алдарт зохиолч Владимир Солоухинтай аяны дөрөө нийлж, Прага болон Будёвиц зэрэг өмнөд Чехийн олон газраар зан ааш алив нийтээрээ нийцэн зохирсон билээ. Солоухин надад хэзээний танил дотно мэт санагдсан нь эрхэм дуун хөрвүүлэгч Л.Дашнямын гавьяа юм. Түүний сэтгэл, оюун бүтээл, зүтгэл оролцоогүй ном Монголд ховор. 

Бавуугийн Лхагвасүрэн    
Монголын уран зохиол, “Цусаа сэлбэсэн” жилүүд байлаа. Бидний дунд Дашням хамгийн “өндөр” нь. Аль ч бодистой урвалд ордоггүй, өөрийнхөөрөө зүтгэсэн тэр залуу уламжлал шинэчлэлийн алиныг ч үл тоох, мэтгэдэг зангаа эс нуух, эрт боловсорсон түрүү намрын “жимс” байв. 

Дамдинсүрэнгийн Урианхай
Энэ бүтээлч бол онцгойлж анхаарах гурвалсан суурь хөрс ч гэдэг юм уу, уран бүтээлийн гурвал мэдрэмжтэй хүн. Энэ юу вэ гэвэл нэгдүгээрт, хүн юмыг цэгнэж дүгнэх, учир утгыг ухаарах, болгоон задлах, шинжлэх ухааны сэтгэлгээтэй хүн. Хоёрдугаарт, энэ хүнийг бурхан тэнгэр, аав, ээж нь гайхмаар сайхан уянгын сэрэл, сэтгэлгээтэй, хүний дотоод ертөнцийн уйлан хайлан, уярал нигүүсэл, сэтгэл ухаарлын ямар нэг элгэмсүү цацраг долгисыг барьж онох билгүүн увидас мэдрэмжтэй төрүүлжээ. Гуравдугаарт бол хэлний ялангуяа эх хэл, тэрчлэн гадаад хэлний маш өндөр боловсролтой хүн. Тийм ч учраас сэтгэлгээний болон уянга ухаарлын гүн мэдрэмж, илэрхийлж гаргах өвөрмөц барилтай, оюунлагаар дүрслэх чадвартай нь түүний бүтээлийн дүр төрхийг тодотгож, бусдаас ялгарах онцлог нь болдог гэж хэлж болно.

Академич Г.Чулуунбаатар
Монголын нэгэн бор ухаант хөвгүүн, гүн ухаан, уран зохиол, хэвлэл, соёл, улс төр, боловсрол, шинжлэх ухаан, олон улсын харилцааны өргөн хүрээнд мэдлэг сорьж, мэргэжил шаардсан олон чиглэлээр ажиллаж, ажил бүхэн дээрээ улам хайрлагч их ухаарал, соён гэгээрүүлэгч үр үндсийг таригч Лувсандамбын Дашням хэмээх бүтээлч эрдэмтний “Эрт эдүгээгийн элдэв санаа оноог улбаалан чирч, эгэл борыг ч болохунаа түмэн олондоо сануулюу” хэмээн ухаан түрж, учир тэрлэсэн нь өвөрмөц байнаа. 

Жамбын Дашдондог
Л.Дашням нь “Гена матар түүний нөхөд” номыг орчуулахдаа орос үгийг махчлан буулгасангүй, монголчууд яаж ярьдаг билээ, тэр талыг түлхүү барьжээ. “Тэр чинь бас л нүх рүү уначихна шүү дээ” гэхэд анааш “Нет не может” гэж хариулсныг “үгүй ээ заяа нь унахгүй” хэмээн буулгажээ. “Я бы до этого никогда не подумался” гэхийг “Миний ухаанд тэгнэ чинээн ер орсонгүй шүү”, “За то у неё можно списать” гэхийг “Тэр ч байтугай түүнээс будаа идэс щж болно”, “Хорошо бы её проучили” гэхийг “Бид түүнийг ёстой болгож тавиа биз” гэх зэргээр орчуулгын биш монгол зохиолоо уншиж байгаа мэт хар ярианы хэлээр дуун буулгасан нь гайхамшигтай.

Тангадын Галсан
Ер нь Дашнямын танин мэдэхүйг хүндлэхээс өөр аргагүй. Давж гарсан хэнийг ч илүү хүндлэхээс өөр аргагүй. Цаг үргэлж мэдсэнээ чамлаж, улам ихийг мэдэхсэн гэж чармайдаг нь жинхэнэ багшийн нандин чанар. Тийм чанар цогцолсон багшийн нэг бөгөөд эрдэм ном, уран зохиол улстөрд Дашням олон шавьтай.

Дарма Батбаяр
Дашнямын сэтгэлгээний үндсэн төрх бол задаргаа, шинжилгээ, бусад юмстай харьцуулсан сонжлог, нэгтгэн дүгнэлт юм. Дашням бол ертөнцийн “адармаа” тайлах гэж зүддэг хүн. Дашнямын эрхэмлэл бол язгуурыг эрхэмлэх, “Миний ээж” алив юмны эхлэл. Эхлэл бол язгуур.

Чойжилжавын Билигсайхан
“Нялх ногоо”-нд орсон үгүүллэгүүд хэмжээ нь гуч дөчөөд үгүүлбэрт багтах мөртөө тэр үеийн хэлээр бол том санаатай байв. Том санаа гэдэг нь дэлхийн утга зохиолын онолын ойлголтоор бол хүний оюун ухааны цочроогүй, сэрээгүй байсан эд эсийг хатгаад сэрээгээд орхичихдог чанарыг хэлж байгаа юм. Нэгэнт сэрчихсэн эд эс тэр хүний оюун тархийг зовоогоод, амар тайван байдлыг алдуулаад болдоггүй онцлогтой.

Гунаажавын Аюурзана
Дашням гуайн үеийнхэн өмнөх үеэсээ илүү нарийн, сэтгэлгээний эрэл хайгуул ихтэй зохиол бүтээлээрээ ялгардаг. Шинэ сэтгэлгээ, уламжлалт бичлэг хоёрын жорыг найруулж чадсанаараа тэд өнөөдөр цөм нэр алдартай зохиолчид болцгоожээ. Харин Дашням гуайн шүлгүүдэд эрэлхийлэл нь бусдынхаасаа илт давамгай тул, “яруу найрагч Дашням” гэж давын өмнө зарлагддаггүй мэт.

Л.Өлзийтөгс
Дашням ахын шүлгүүдийн сайн, муу тал нь мэдрэмжид нь биш, бодролд тулгуурласан байдаг. Энэ нь нэг талдаа шүүмжлэлд хүргэдэг ч, нөгөө талдаа ялгарал болдог. Тэрний, энэний шүлэгтэй “адилхан” гэчихмээр юмгүй нь хамгийн олзуурхууштай нь байх. Огт өөр цаг үед чацуутнуудаасаа өөрөөр бичиж байсан, одоо ч бас өөр байхаар тэмүүлж буй нь илэрхий харагдана.