Ц.Магалжав: бөхчүүд ээ, мөнгөтэй хүний ятгалгад битгий ороорой

Бөхийн холбоо, бөхийн өргөөг булаацалдсан маргаан дээд цэгтээ хүрэв. Уржигдар Л.Чинбат тэргүүтэй холбооныхон “Монгол” телевизийн байранд хуралджээ.

Ингэхдээ Бөхийн өргөөнд хүч хэрэглэн орох талаар ярилцаж, бусад бөхийг энэхүү үйл ажиллагаанд нэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Тэгвэл үүнтэй холбогдуулж МҮБХ-ны шинэ удирдлагууд болох дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, улсын гарьд И.Доржсамбуу нар өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийв. Дэд тэргүүн Ц.Магалжав хурлын эхэнд “Үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлж, чөлөөт бөхийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна. Учир нь өчигдөр “Монгол” HD телевизийн байранд хэсэг бөх цуглаж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр манай холбооны талаар ташаа мэдээлэл гаргаж байгаад харамсаж, яаралтай хурал хийж байгаа нь энэ. Цагийг эзэлсэн дархан аваргын бурхан болсон энэ үед хийж байгаа үйлдлээ түр зогсоогооч  гэдгийг Л.Чинбат захиралд утсаар хэлсэн. Гэтэл тэрбээр төлбөртэй мэдээллийг мэдээллийн сайтуудаар тавьж  байна. Мөн өчигдөр өөрийн телевизийн байранд болсон хурал, уулзалтын үеэр “Би Бөхийн холбооны тэргүүн болсон. Оюуны өмчийн газраас тамга, гэрчилгээ өгсөн. Тиймээс хуулийн дагуу тамга тэмдэг байгаа учраас ирэх бямба гаригт /маргааш/ Бөхийн өргөөнд дайрч орно. Үүнд хамгаалалтын баг ажиллана” гэж бөхчүүдэд ярьжээ. Энэ талаар бөхчүүд бидэнд мэдээлсэн учраас яаралтай хурал хийхээс аргагүйд хүрлээ. Өмнө нь Бөхийн өргөөнд хоёр удаа дайран орох гэсэн оролдлого гарч, зарим бөх шатаасан ч яах вэ гэж зохисгүй зүйл ярьсан байна. Бид Бөхийн холбоо, Бөхийн өргөөг авах юм бол бөхийн бай шагналыг нэмж, бөхчүүдийг цалинтай болгох зэрэг болзол тавьж, тэднээр гарын үсэг зуруулан авч үлдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлээд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн байгууллагууд, Прокурорын газарт бүгдэд нь хандана. Мөн бөхчүүддээ хандаж хэн нэгэн мөнгөтэй хүний ятгалгад орж, талцуулж байгаа энэ асуудалд орохгүй байхыг сануулж, уриалсан. Уг нь бид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Л.Чинбат захиралтай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Гэтэл үүний маргааш бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орно гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна” гэв. Үүнээс гадна уг хуралд оролцсон өмгөөлөгч Д.Одонтунгалаг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг хууль бус тэргүүн гэж онцоллоо. Ингэж тодотгох болсноо тэр ингэж тайлбарлав. “2017 оны тавдугаар сарын 28-нд болсон ээлжит бус “Их Эе” хурал нь өөрөө МҮБХ-ны дүрмийг зөрчсөн байна. Дүрмээр бол тэргүүнээр сонгогдсон хүн нь орон тооны байх ёстой гэж заасан. Гэтэл Л.Чинбат нь орон тооны бус этгээд байна. Үүнээс гадна Улсын бүртгэлээс гаргасан тамга, гэрчилгээ байна. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой гэж хуульд заасан байгаа. Бүртгэл хийсэн үндэслэл болох нотлох баримтууд нь өөрөө ээлжит бус хурал нь нээлттэй болоогүйгээс гадна бөхчүүд хуралдаа ороогүй. Төрийн бус байгууллагын холбогдох заалтыг зөрчсөн учраас энэ хуралдааныг хүчингүй болгох маргаан явж байгаа учраас эцсийн шийдвэрийг хэлэх боломжгүй” гэв. 2017 оны тавдугаар сарын 28-нд болсон ээлжит бус “Их Эе”-д нийт 42 бөх, гишүүн оролцжээ. Гэтэл 2018 оны гуравдугаар сарын 24-нд болсон ээлжит “Их Эе”-д 200 гишүүнээс 151 нь мандатаа авч албан ёсоор хуралдаа суусан нь хууль ёсны шаадлага хангасан гэсэн хуулийн үндэслэлтэй гэв. Тэгвэл хурлын төгсгөлд дархан аварга Х.Баянмөнх болон бөх сонирхогч М.Хүдэрбаатар нар ирж байр сууриа илэрхийллээ. Дархан аварга Х.Баянмөнх “2002 оны IV “Их Эе” хурлын ямар ч хүчин төгөлдөр бичиг байхгүй. VI “Их Эе-ийг хүчээр хийж, намайг хүчээр хөөн гаргаж байсан. Сая VIII их хурлыг Б.Бат-Эрдэнэ даргалж, ард иргэдийн толгойг эргүүлчихлээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Би МҮБХ-г албан ёсны Бөхийн холбоо гэж үзэхгүй.  Би нэг зүйлийг баримталдаг. Монголын ард түмэнд үнэн үг хэл. Худал хэлж болохгүй. Өнөөдөр Улсын бүртгэлийг хүчингүй болгож байна. Шүүхийн шийдвэрийн захирамж гарчихсан байхад үгүйсгэлээ. Надад цаашид дахин 10 жил бөхийн төлөө зүтгэх чадвар байна. Оюун ухаан мөнхөд байдаг. Энэ Бөхийн холбоог бөхчүүдээс гадна энгийн иргэд авах ёстой. Би болоогүй байна. Бөхийнхөө төлөө тэмцэнэ” гэлээ.