Лука Гуаданьино: Би кинонуудаа эрх чөлөөтэй байлгахыг л хичээдэг

“Бертоллучинигийн тухай Бертоллучи” киногоо хийчихээд өөрт нь үзүүлэхэд тэр “Та нар яаж намайг ингэж сайн ойлгосон юм бэ” гэж асууж байсан. Миний амьдралын хамгийн гайхалтай, сэтгэл хангалуун байсан мөчүүдийн нэг энэ юм. Над шиг ажил хийдэг хүмүүс өөрийгөө хэзээ ч оргилд нь хүрчихлээ гэж бодож болдогггүй. Тийм оргил гэж байхгүй шүү дээ. Гэхдээ л Бертоллучини надад тэгэж хэлэхэд би үнэхээр их баяртай байсан шүү.


Кино найруулагч Лука Гуаданьино нь Феллини, Розеллини, Бертолучи гээд алдартай кино уран бүтээлчдийн оронд төрсөн ч бусдын бүтээлийг давтахгүйгээр зөвхөн өөрийн гэсэн киногоо хийхийг амьдралынхаа зорилгыг болгосон юм. Түүний “Намайг нэрээрээ дуудаач” кино нь олон зангилаа, хурц өрнөлөөрөө биш зураг авалт, гайхамшигтай хөгжмийн сонголтоороо үзэгчдийг татаж, 2018 оны Оскарын кино наадмын “Шилдэг сэдэвлэсэн кино зохиол” шагнал хүртсэн юм. Түүний “crash.fr”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Та кино урлагт хэрхэн орсон бэ?
-Кино урлаг надтай үргэлж л хамт байсан. Би багадаа ээжтэйгээ “Арабын Лауренс” киног үзэж байлаа. Тухайн үедээ юу ч ойлгоогүй ч том дэлгэцэн дээр дүрсүүд тасралтгүй урсаж, тэр урсгалаар амьдралын нэг хэсгийг дүрслэн үзүүлж байгаа нь үнэхээр хачирхалтай байсан. Тиймээс багаасаа л дүрсний хүч, киноны хачин жигтэй байдалд татагдан орж, гайхамшигтай кино найруулагч болохоос өөр зүйл хүсэхээ больсон юм. Найман настайдаа “Супер найм” гэх киногоо хийж, камертай байх, дүрс авах гэж юу болохыг ойлгосон нь миний найруулагчийн амьдралын анхны гараа байсан байх. Түүнээс хойш өөрийнхөө чадах чинээгээрээ л ажиллаж эхэлсэн. Палермод (Италийн хот) амьдарч байхдаа орчин тойронд байгаа зүйлсээрээ хийсэн маш олон жижиг баримтат кинонууд ч бас нэг эхлэл байсан.
-Та Палермод төрсөн юм уу?
-Тийм ээ. Нэг сартай байхдаа Этиоп руу нүүж, зургаан настайдаа буцан Палермод ирээд тэндээ 15 жил амьдарсан. Түүнээс хойш ажлынхаа шаардлагаар олон улс орнуудаар хэсч яваад, эцэст нь Миланд ирж суурьшсан. Би кино найруулагч хийж эхэлснээсээ хойш 15 жилийн дараа л киноноосоо мөнгө олдог болсон. Одоо ч гэсэн миний хувьд амьдрах хэрэгцээ болсон зүйлээ ажил болгож, мөнгө олж байгаадаа баярладаг.
-Таны бүтээлүүдийг хувцас загваргүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Хэзээнээс, яагаад ийм холбоо үүссэн бэ?
-Саяхнаас л байх. Багын насны минь сонирхолтой ч холбоотой байж магадгүй. Ээжийнхээ арьсан цүнх, атласан даашинз гээд өөр өөр материалтай хувцсан дээр гэрэл яаж ойж, сүүдэр нь яаж гарч байгааг хэдэн цагаар ч хамаагүй ажиглаад суучихдаг байлаа. Загварт ирээдүйг харуулах, мэдрүүлэх чадвар байдаг. 2005 онд Силвиа Вентури Фенди гэх гайхалтай эмэгтэйтэй уулзаж танилцсан нь загварыг ойлгох ойлголтод минь нөлөөлсөн. Силвиа надад Фендид зориулж гаргасан эрэгтэй хувцасныхаа коллекцид зориулж богино хэмжээний кино хийх санал тавьсан юм. Тэр үед загварын кино гэсэн ойлголт байгаагүй ч Силвиа маш ухаантай, загвар ямар чиглэлээр хаашаа явж байгааг мэддэг хүн байсан. Ингээд бид хоёр киногоо том дэлгэцээр гаргаж, хүмүүс ч их сонирхсон нь намайг кино урлагт улам гүнзгий дурлуулж байлаа. Дараа нь Жил Сандерсын шоугаар дамжуулж Раф Симонстой танилцсан. Би түүний эрэгтэй хувцасны коллекцийг нь их сонирхож байсан юм. Одоо үед киноны зураглалд ийм их анхаарал тавьсан бүтээл ховор болсон. 
-Таны кинонууд 1960-аад оны Итали кинонууд шиг сонирхолтой, нарийвчилсан зураглалтай юм.
-Маш их баярлалаа. Тун сайхан магтаал байна. Би нарийн чимэглэл, деталиудад л киноны амин сүнс оршдог гэж боддог. Зураг авалтаараа юу илэрхийлэхийг хүсэж байгааг минь хүмүүс ойлгож, түүнээсээ цаашаа ургуулан бодож, дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байгаасай гэж би хүсдэг. Миний кино бодит амьдралын зурган тусгал байх ёстой. Ингэхийн тулд жижиг хэсгүүд дээрээ анхаарахаас өөр арга байдаггүй.
-Киноны зураглалууд сүүлийн үед хоорондоо их төстэй болоод байх шиг харагдах юм. Хүмүүс гоо сайхныг нэг л өнцгөөс нь хараад байгаатай холбоотой юм болов уу?
-Киноны хэсэг бүрийг гоё сайхан болгох гэж хүмүүс хэтэрхий их хичээдэг болжээ.  Хүмүүс ч тийм л зүйл харахыг хүсдэг болсон байна. Зөвхөн гадаад гоо сайхныг анхаардаг, гял цал, өнгөлөг зургийн плануудыг авахыг хичээгээд байхаар киноны гол сүнс нь арилчихдаг байх гэж би боддог юм. “Би бол хайр” кинон дээр мөнгө, эд баялаг, эрх мэдэл, түүнийг эсэргүүцсэн тэмцэл зэрэг сэдвүүдийг харуулсан. Киноны үед жүжигчид дээ үнэтэй, сайхан хувцас өмсүүлэх хэрэгтэй байсан ч энэ хувцасны цаана хэн байна вэ гэдгийг л харуулахыг зорьсон. Хуурамч гял цал юманд би дургүй.
-Таны кинонуудын өнгө төрх ч бас хоорондоо их ялгаатай санагддаг?
-Мэдээж өөр орчин, нөхцөл байдалд өөр жүжигчид ажиллаж байгаа болохоор ойлгомжтой л доо. Би кинонуудаа аль болох баригдмал биш, эрх чөлөөтэй байлгахыг л хичээдэг. “Би бол хайр” киноны бүх дүрийн амьдрал маш хаагдмал байдаг ч гэсэн байгаа орчин нь эсрэгээрээ туйлын эрх чөлөөтэй. Ингээд харахаар би өөрийнхөө арга барилыг тодорхой үгээр илэрхийлж чаддаггүй юм. Дүрсээр л тоглож, түүгээр өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг. Сүүлийн 25 жилд кино урлагт харилцан ярианы гүйцэтгэх үүрэг ихсээд дүрсний нөлөө багасаад байх шиг. Харилцан яриаг ч холоос үзүүлж, ярилцаж байгаа дүрүүдийнхээ биеийн хэлийг харуулах хэрэгтэй. Найруулагчийнхаа хувьд яагаад тэр хоёр хүн яриад зогсож байгаа, энэ ярианаас ургаж ямар үйл явдал гарч ирэхийг тодорхой байлгахыг хичээдэг.
-Таны Бертоллучигийн тухай хийсэн баримтат кино тань гарсан байсан. Та үүнийхээ талаар яриач?
-Манай найз, кино уран бүтээлч Валтер Фасано бид хоёр хамтарч энэ киног хийсэн. Бага байхаасаа хойш л би кино урлаг, Бертоллучи хоёрыг нэг зүйл гэж ойлгодог байсан. Бертоллучи кино урлагийг илэрхийлдэг, кино урлагийг ч Бертоллучигүйгээр төсөөлж болохгүй. Найруулагчийн үлгэр жишээ, төгс дүр л дээ. Би кинонуудаас нь гадна түүнд өөрт нь, хандлагад нь маш их хайртай. Тиймээс ч би түүн шиг л найруулагч болохыг хүсдэг. Гэхдээ кинонуудыг нь дуурайж биш түүн шиг киноны талаар өргөн мэдлэгтэй, бодит байдлыг харуулах чадвартай байхыг л хүсдэг юм. Түүний тухай кино хийнэ гэж бодмогцоо л кинонуудынх нь тухай биш, хувь хүн талаас нь, өөрийнх нь тухай байх ёстой гэдгийг ойлгосон. Ингээд судалгаа хийж, 300 орчим цагийн ярилцлагыг нь бүгдийг нь үзээд түүний сэтгэхүйгээр хүмүүсийг аялуулъя гэж шийдсэн. “Бертоллучинигийн тухай Бертоллучи” киногоо хийчихээд өөрт нь үзүүлэхэд тэр “Та нар яаж намайг ингэж сайн ойлгосон юм бэ” гэж асууж байсан. Миний амьдралын хамгийн гайхалтай, сэтгэл хангалуун байсан мөчүүдийн нэг энэ юм. Над шиг ажил хийдэг хүмүүс өөрийгөө хэзээ ч оргилд нь хүрчихлээ гэж бодож болдогггүй. Тийм оргил гэж байхгүй шүү дээ. Гэхдээ л Бертоллучини надад тэгэж хэлэхэд би үнэхээр их баяртай байсан шүү.
-Та түүнийг хийж байгаа ажлаа маш сайн бодож байж хийдэг уран бүтээлч гэж боддог уу?
-Уран бүтээлч, кино найруулагч хүний хувьд хийж байгаа бүтээл бүрийнхээ утга учрыг бодох нь хамгийн чухал. Үгүй бол зүгээр л хүмүүсийн ярьж байгааг л авч байна гэсэн үг.
-Таны хувьд Бертоллучи нэг ёсны кино урлагийн загалмайлсан эцэг юм уу даа?
-Би өөрөө хүнийг нэхэж дагаад байдаг хүнээс их айдаг. Тиймээс түүнийг намайг өөрийг нь шүтэж, нууцаар дагаад байдаг гэж бодуулмааргүй байна л даа. Намайг кино хийж байх үед тэр үргэлж миний дотор оршиж байдаг л гэж би боддог.
-Бертоллучини, Пасолини хоёрын хооронд ижил төстэй зүйл, ямар нэгэн холбоо байх шиг санагддаг юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Пасолинигаас Бертол­лучи­нигийн сурсан ганц зүйл нь өөрөө өөрийнхөө киног хийх л байсан байх. Би ч өөрийнхөө киног хийж байгаа. Өнөө цагт Итали уран бүтээлчид торонд орсон шувуу шиг л өнгөрснөөсөө салж чадахгүй байна. Феллинигийн загварыг дуурайж кино хийдэг найруулагчид маш их болж. Түүнтэй ижил кино хийж, алдар нэртэй болж байгаа найруулагчдаас өөрийн гэсэн киногоо бүтээгээд явж байгаа нь надад хамаагүй илүү сонирхолтой санагддаг. Өнгөрснөөрөө музей хийж суухаас ирээдүй рүү харах нь сонирхолтой шүү дээ.
-Итали шиг кино урлагийн гайхамшигтай түүхтэй оронд өөрийн гэсэн онцлогтой кино хийх нь найруулагчдын хувьд хэцүү байдаг байх?
-Үнэн л дээ. Гэхдээ юм сурсан гэдэг нь түүнийгээ давтах ёстой гэсэн үг биш. Постмодернизмын хөдөлгөөн анх 1980-аад онд гарч ирэхдээ их хүчтэй байсан. Институт болохоосоо өмнө уг нь тогтсон хэв маягийг эвдэж байсан юм. Өөрсдийгөө хайрцаглачихсан ийм хөдөлгөөнөөс хүмүүс салах хэрэгтэй.
-Та яаж ийм хүчтэй нөлөөнд автахгүй киногоо хийдэг юм бэ?
-Би киноноос юу сурж авах вэ гэдгээ боддог. Жишээ нь, Росселини энэ киног яаж хийх байсан бэ, яагаад ингэж хийх вэ гэдгийг бодохоос биш дагаж дуурайхгүй гэсэн үг л дээ. Фройд амьд байсан бол юу хэлэх байсан бол. Иймэрхүү зүйл надад сонирхолтой санагддаг юм.
-Танд продюсер олоход хүндрэлтэй байдаг уу?
-“Студио канал” гэж томоохон групп надад өөрсдөө эхэлж санал тавьсан. Кино хийж байгаа хүмүүсийг нэгэн хэвд цутгах гэж хичээдэггүй, байнга өсөж дэвших боломж олгодог нь надад сайхан санагддаг юм. Өнгөрсөн жил л гэхэд “Паддингтон” гэх мэт маш олон сайхан кинонууд гаргасан. Зөвхөн төсөвтөө баригдалгүй зохиолдоо тулгуурласан сайн кино хийдэг студи.
-Энэ төслийнхөө дараа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?
-Аймшгийн кино хийх төлөвлөгөөтэй байна.
-Дарио-Аргентогийн загвартай кино юу?
-Суспириаг бид шинэчлэн хийе гэж төлөвлөчихсөн байсан юм. Та яаж мэдэв ээ.
-Би мэдээгүй, таасан юм л даа. Дарио Аргенто чинь Италийн аймшгийн киноны хамгийн том төлөөлөгч шүү дээ?
-Яг үнэн. Гэхдээ миний хийх кино арай өөр байна. Би Дарио Аргентогийн домогт бүтээлийг ашиглаж эх хүний тухай бүтээл хийх юм. Одоохондоо энийг л хэлж чадах байна. Маш олон сайн аймшгийн кинонууд гарчихсан болохоор хүмүүсийг цочроох хэцүү болчихсон ч гэсэн XXI зууны тэсрэлт болсон аймшгийн кино хийхийг хүсч байна. Хүрэхэд хэцүү л бодол байх, гэхдээ боломжгүй биш шүү дээ.