Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах төсөл хэрэгжиж байна

“INSPIRED+” төсөл нь Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийг (GSP+) хэрэгжүүлэхтэй холбоотой НҮБ-ын болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцуудыг бүрэн хэрэгжүүлэхэд орон нутгийн бодлогод дүн шинжилгээ хийх, мониторинг хийхэд туслах зорилгоор есөн оронд хэрэгжиж буй төсөл юм.

Уг төслийг Европын Ардчиллын төлөөх түншлэл, Мадридын клуб, Нидерландын Олон намын ардчиллын институт байгууллагууд хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд уг төсөл 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арваннэгдүгээр сарын хугацаанд хэрэгжих юм. Төслийн үндсэн зорилго нь Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч бодлогын ярилцлага зохион байгуулж, шинэ боломж, шинэ цонхыг нээхэд нь сонгогдсон орнуудад туслах зорилготой. “INSPIRED+” (Integrated Support Programme for Inclusive Reform and Democratic Dialogue-Ардчилсан ярилцлага зохиож, хамруулсан өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд туслах хөтөлбөр) төсөл нь Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системтэй холбогдох НҮБ-ын болон ОУХБ-ын 15 конвенцийг хэрэгжүүлэхийн тулд тухайн орон нутагт нэг онцгой сэдэв сонгон ажиллаж байна. Монгол Улсын хувьд “Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллага сонгогдон 2017 оны есдүгээр сарын 1-нээс 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны хооронд төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсад сонгосон сэдэв нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” юм. Төсөл үр дүнтэй хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй болон бусад иргэдийн үйлдвэрлэсэн 7200 гаруй нэр төр-лийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 27 орны зах зээлд татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Төслийн эхний шатны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлын талаар нийслэл, хөдөө орон нутагт нийт найман удаагийн уулзалт зохион байгуулж, 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийжээ. Уулзалт ярилцлагад оролцогчдоос судалгаа авахад 44 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 56 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй байсан ба “Хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг хаана ажилладаг вэ” гэж асуухад 34 хувь нь хувиараа, 27 хувь нь хуулийн дагуу, төрийн байгууллагад, 15 хувь нь ТББ-д цалинтай, долоон хувь нь ТББ-д цалингүй, 11 хувь нь өрхийн бизнестэй, цалингүй тусалдаг гэж хариулжээ. Мөн “Ажлын байранд ялгаварлан гадуурхалтанд хэр өртдөг вэ” гэсэн асуултад 36 хувь нь хааяа мэдэрдэг, 11 хувь нь байнга, 12 хувь нь хариулахад хүнд, 41 хувь нь үгүй гэж хариулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлын талаар уулзалт ярилцагад оролцогчид олон арван санал гаргасныг багцалж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл бүрэн гүйцэт хэрэгжих боломжгүй, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад амьдрах арга ухааныг зааж, сургаж хөдөлмөрт бэлтгэхэд анхаарах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн журам дүрмийг шинэчилж өөрчлөхөд санаачлага гаргах, тухайлбал, үйлдвэрлэл эрхлэхэд зээл өгөөд байгаа хэрнээ үйлчилгээ эрхлэхэд зээл өгдөггүй байдлыг өөрчлөх, тогтвортой хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн түрээсийн төлбөрт нь хөнгөлөлт үзүүлэх, тоног төхөөрөмжийн зээл өгдөг болох, хөдөлмөрийн улсын байцаагчаас эхлээд гүйцэтгэх засаглалын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах гэх зэргийг дурдаж болно. 
Түүнчлэн тэднийг хөдөлмөрт бэлтгэх ажилд зуучлах төвийг тусад нь байгуулан ажиллуулах, тухайн орон нутаг, зах зээлд шаардлагатай мэргэжил, өөрийн нь хийж чадах ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалт, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр  сургах хэрэгтэй байна. Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ажил олгогчид итгэл төрүүлэх, өөрийгөө ажил олгогчид танилцуулж, өөрийн мэдлэг чадвараа харуулж ойлгуулж чаддаг, хуулинд заасан эрхээ мэдэж, эдэлж сурах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах шаардагатай. Тэдний  хийсэн үйлдвэрлэсэн зүйлсээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар сайн туршлагуудаа солилцох тал дээр ТББ-ууд санаачлагатай ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрөө хоршин, хоршоо, нөхөрлөл байгуулж хамтарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудын мэдлэг чадварыг зөвлөх үйлчилгээ маягаар ажиллуулах зэрэг асуудалд төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь ХБИ-ийн хөдөлмөрлөхөд саад тотгор болж байгаа ойлголтын зөрүүг багасгаж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, ялангуяа орон нутагт хүмүүст бага багаар зээл өгч байхаар бүгдийг төвлөрүүлэн, бэлэн ажлын байр бий болгож түүндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах нь илүү үр дүнтэй гэж тэд үзэж байна. Түүнчлэн бүс нутгуудад өөр өөр чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгоод хооронд нь сүлжээнд оруулчихвал үйлдвэрлэсэн бүтээгдэхүнээ солилцоод, борлуулалт ба менежмент талаас хамтран зохион байгуулахад хялбар, үр дүнтэй, үр ашигтай байна гэсэн санал гаргаж байлаа. УИХ, Засгийн газрын зүгээс НҮБ-ын болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенциудыг хэрэгжүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дээшлүүлэх, нийт хүмүүсийн нийгмийн ухамсарыг дээшлүүлэх, хамтран ажиллах тал дээр санаачлага гаргах хэрэгтэй байгааг нийт уулзалт ярилцлагад оролцогчид онцгойлон хэлж байлаа.