Олон хүний аминд хүрсэн онгоцны осол болов

Алжирын нийслэлээс баруун өмнөд зүгт 30 км зайтай орших газарт  цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 257 хүн амиа алджээ. Уг нисэх онгоц нь орон нутгийн цагаар  өнгөрсөн лхагва гаригийн өглөөний 8:00 цагт  “Boufarik” цэргийн онгоцны буудлаас хөөрснийхөө дараахан осолдсон байна.

Амиа алдсан хүмүүсийн 247 нь армийн алба хаагч болон тэдний гэр бүлийнхэн харин 10 нь нисэх багийн гишүүн байжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн онгоцны осол болж байна. Энэ осолтой холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлажээ.  Одоогоор онгоцны ослын шалтгааныг тодорхойлоогүй байгаа бөгөөд механик гэмтэл, цаг агаарын байдал, хөндлөнгийн оролцоо юу гэдгийг нь тогтоохын тулд нэлээн хугацаа шаардлагатай гэнэ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар онгоц осолдох үед онгоцны далавчнаас гал гарч байжээ. Шинжээчид  онгоцны нисгэгчийг ослын буулт хийх гэж оролдсон байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлсэн байна. 2015 оноос хойш ийм олон хүний аминд хүрсэн онгоцны осол болж байгаагүй юм. Осолдсон цэргийн онгоц нь 1970 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн Зөвлөлтийн үеийн “Ил-76” загварын цэргийн тээврийн онгоц гэнэ. Цэргийн энэ онгоцыг ачаа, тээвэрт өргөнөөр ашигладаг бөгөөд  Алжирын армид ийм загварын олон онгоц байдаг аж.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-africa-43724941