Бусейна Шаабан: Асадын арми АНУ-тай тулалдахад бэлэн

Сирийн Дума хотод гарсан химийн зэвсгийн маргаантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжлээ гэж хатуухан шүүмжилсэн билээ.

Тэрбээр  өнгөрсөн лхагва гаригт  твиттертээ “Сирийн нутаг дэвсгэр рүү чиглэсэн бүх пуужинг ОХУ замаас нь устгахаа зарласан. Гэхдээ оросууд манай хамгийн шилдэг шинэ пуужингуудыг хүлээн авахдаа бэлтгэлтэй байгаарай. ОХУ энгийн иргэдийг хорт хийгээр утаж, тэрнээсээ таашаал авдаг араатны холбоотон байж болохгүй” гэж жиргэжээ. ОХУ өнгөрсөн 2015 онд анх Сирид цэргээ оруулж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын буюу Засгийн газрын цэргийн хүчинг дэмжиж, агаар болон газраар цэргийн  ажиллагаа  явуулж байгаа билээ. Трампын жиргээтэй холбоотойгоор ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя АНУ-аас Сирид агаарын цохилт өгөх нь маш их хор уршиг дагуулна гэж мэдэгджээ.  Түүнчлэн АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны гишүүн Кристофер Мерфи Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлын хариуд АНУ Сирид цэргийн цохилт өгөх нь тус улсын нөхцөл байдлыг сайжруулахгүй гэдгийг онцолсон байна.  Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч хувирамтгай, болчимгүй, нэн хачирхалтай шийдвэр гаргадаг бөгөөд үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй байлаа ч цөмийн зэвсэг хэрэглэх тушаал өгч чадах хүн” гэжээ. Түүний үзэж буйгаар, цэргийн хүч хэрэглэх нь Ерөнхийлөгч Дональд Трампын санааг амрааж магадгүй ч Сирид өрнөж буй үйл явцад даацтай нөлөө үзүүлэхгүй бөгөөд эрх зүйн үүднээс ч байж боломгүй зүйл ажээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын зөвлөх Бусейна Шаабан “Al Mayadeen” телевизэд  өгсөн ярилцлага-даа “Сирийн мөргөл-дөөнд ялагдал хүлээсэн АНУ болон өрнөдийн орнууд сүр хүчийг үзүүлж, байр сууриа сэргээхийн тулд Сирийн эрх баригчид болон  түүний холбоотнуудын эсрэг сэтгэл зүйн дайн өрнүүлж байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Сирийн эрх баригчид болон зэвсэгт хүчний террористуудтай хийж буй зоримог тэмцэл бүх улсад ашиг тусаа өгч байна. Сиричүүд АНУ-ын түрэмгийллээс айхгүй байгаа бөгөөд шаардлагатай бол тулалдахад  бэлэн. Сири, Орос,  Иран гэсэн гурван улс АНУ-ыг хүссэнээ хийх боломж олгохгүй. АНУ болон өрнөдийн орнуудын санаархлыг таслан зогсоох үүднээс гурван улс эрчимтэй зөвлөлдөж байгаа. Сирийн Засгийн газрын цэрэг пуужингийн болзошгүй цохилтод бэлтгэх арга хэмжээг Оросын дэмжлэгтэйгээр авч хэрэгжүүлсэн” гэжээ. Хэдийгээр ОХУ, Иран, Сири зэрэг улс АНУ-ыг Сирид агаарын цохилт өгөхийн эсрэг байгаа ч Их Британи тэргүүтэй зарим улс АНУ-ын талд гэдгээ илэрхийлж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол Их Британийн парламент дэмжихгүй байсан ч Сирийн Засгийн газрын эсрэг явуулах цэргийн ажиллагаанд нэгдэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сирийн Зүүн Гутад химийн зэвсэг ашиглалаа гэж барууны орнууд мэдээлсэн. Гэхдээ Сирид яг энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан эсэхийг одоогийн байдлаар нотлоогүй байгаа юм. Одоогоор Химийн зэвсэг хориглох байгууллага Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгаж байна. Тэд мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд Химийн зэвсгийн конвенцийн гишүүн орнуудад тайлангаа танилцуулах юм  байна. Ямартай ч уг үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвөөс холдоод байсан Сирийн асуудлыг дахин олны анхаарлын төвд авчирч, дэлхийн улс орнуудыг талцан хуваагдахад хүргээд байна. 
Эх сурвалж: www.bbc.com