Хөрөнгө эзэмшил дээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна

Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийн судалгаагаар манай улсад эрэгтэйчүүд илүү их хөрөнгө эзэмшдэг нь тогтоогджээ. Энэ нь манай улс эрэгтэйчүүдээ гэрийн эзэн хэмээн хүндэтгэдэг үндэсний уламжлалтай холбоотой гэнэ.

Азийн хөгжлийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох нь”  судалгааг улс даяар явуулжээ. Ингэхэд уг судалгааны дүнд дээрх үр дүн гарсан байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд баримтан дээр суурилж бодлогоо гаргана шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрх хөрөнгийн эзэмшил  тал дээр хэрхэн зөрчигдөж байгаа вэ гэдгийг гаргаж ирээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэрэгтэй. Энэ үүднээс уг судалгааг хийсэн. Үүнээс бодлого гарч ирнэ. Манай улсын хувьд ямар нэгэн хөрөнгө ихэвчлэн өрхийн тэргүүн дээр бичигдэж, бүртгэгддэг. Эмэгтэйчүүд дээр очоод судалгаагаа авахад тэд “Би бол хөрөнгийн хамтран эзэмшигч мөн. Энэ бол манай гэрийн дундын хөрөнгө” гэж ярьж байгаа. Хуулинд, албан ёсны бичиг баримтан дээрээ ч эмэгтэйчүүдийн нэр байдаггүй. Энэ нь гэр бүл салахад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй явдал юм. Бүс болгоноос хоёр аймаг, хотын зургаан дүүргийг хамруулсан. Судалгаагаар  үндсэн сууц, хөдөө аж ахуй, мал аж ахуй, төнөг төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад үл хөдлөх хөрөнгө, зээл, үнэт зүйлс, банкны данс хэний нэр дээр байдаг. Энэ хөрөнгөө хэн борлуулж, захиран зарцуулах вэ гэдгийг тодруулсан” хэмээв. 
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 33 хувь нь малтай байхад, эмэгтэйчүүдийн 18 хувь нь малтай гэж хариулжээ. Харин насанд хүрсэн эрэгтэйчүүдийн ойролцоогоор гурван хувь нь хөдөө аж ахуйн том оврын тоног төхөөрөмж эзэмшдэг бол эмэгтэйчүүдийн нэг хувь нь л байдаг байна. Үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн тухайд эмэгтэйчүүд байр болон үл хөдлөх хөрөнгөний баримтжуулсан эзэмшигчдийн 40 хувийг л эзэлдэг байна. Ингэхээр  эрчүүд мөн л 60 хувь буюу дийлэнх хувийг эзэлж байна. Мөн эрчүүдийн 80 хувь нь газар эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө эзэмшил дээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа юм байна. Үндэсний статистикийн хорооны ХШМХ-ийн дарга Б.Саранчимэг “Энэ судалгааг гурван үе шаттайгаар 3000 гаруй өрхөөс авсан. Ингэхэд тухайн өрхийн бүхий л зүйлс нөхрийн нэр дээр баталгаажиж бичиг баримтаа авсан байгаа юм. Манай улс бүх юмаа өрхийн тэргүүн мэдэх ёстой гэдэг уламжлал хадгалагдсаар байгаа нь энэ судалгаанаас харагдсан. Өрхийн удаан эдэлгээт бараа мөн ихэвчлэн эрэгтэйчүүдийн нэр дээр байна. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь авто машинаа өөрийн нэр дээр бүртгүүлдэг юм билээ. Гэтэл гэрт байдаг нийтийн хэрэглээний  хөргөгч, угаалгын машин гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг хөрөнгийг эмэгтэйчүүд илүү их эзэмшдэг. 
Мөн санхүүгийн хөрөнгийг эмэгтэйчүүд бас илүү эзэмшиж байсан. Хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч нь ээж нар нь байдаг тул ийм хариу гарсан. Судалгаанд хамрагдсан өрхийн 30 гаруй хувь нь хадгаламжтай байсан. Тэгэхээр манай улсын иргэд хуримтлал үүсгэх талаар санхүүгийн мэдлэг доогуур байх. Харин хөрөнгөө зарцуулах, өвлүүлэхийг эхнэр, нөхөр хамтаараа ярьж байгаад шийддэг гэж хариулж байсан. Тэгэхээр гэр бүлийн дотор тухайн хөрөнгөө худалдаж борлуулах, өвлүүлэхээ эхнэр, нөхөр хамтын шийдвэрээр гаргадаг гэсэн дүгнэлт гарсан” гэлээ. Хөрөнгө эзэмшлийн хувьд жендерийн ялгаа их байгаа нь цаашлаад гэр бүл салахад, хөрөнгө өвлүүлэхэд эмэгтэйчүүдийг эдийн засгийн тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа аж. Эмэгтэйчүүдийн хувьд хөрөнгийг дангаараа эзэмших явдал давамгай байгаа юм байна. Манай улсад хөрөнгө эзэмшигчдийн дийлэнх нь гэрлэсэн, ажилтай 30-49 насныхан байдаг байна. Гэрлэлтээ тусгаарласан, цуцалсан, бэлэвсэн эмэгтэйчүүд нь ижил гэрлэлтийн статустай эрэгтэйчүүдээс илүү хөрөнгө эзэмшдэг байна. Харин мал эзэмшигчдийн 44 хувь нь бага боловсролтой гэнэ. Хөрөнгө эзэмшлийн жендерийн ялгаа манай улсад хамгийн их байдаг гэдгийг энэ үеэр Азийн хөгжлийн банкны статистикч Артуро Мартинез хэлж байлаа. Харин Филиппинд хамгийн бага байдаг гэнэ. Манай улс шиг эрэгтэйчүүд хөрөнгийн мэдээлэл болон хөрөнгөө баримтжуулсан эзэмшигч байх тохиолдол дэлхийн улсуудад ч их байдаг байна.