Хууль тогтоогчид хуулиа зөрчвөл зэм хүртэхгүй

Гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний халдашгүй байдал “халхавч” биш болсныг нийтээрээ сайшааж байсан цаг саяхан.  Одоогоос гурван сарын өмнө Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өмнө нь Цэцээс түдгэлзүүлсэн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн хэмээн УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон юм. Энэ заалтад Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах боломжтой байхаар заасан байв. Тухайн үед гэмт хэрэгт холбогдсон ч зургаан сарын турш асуудал нь шийдэгдээгүй байсан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгахад ямар ч хүндрэлгүй болж байгаад иргэд итгэж, ийм шийдвэр гаргуулсан залуу хуульчдыг сайшааж байлаа.

Гэвч одоо прокурорын байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг яллагдагчаар татаж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УИХ-д гаргасан ч хуулийн хийдэл гэх шалтгаанаар асуудал мухардалд ороод буй. Өөрөөр хэлбэл, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт УИХ-ын тухай хуульд үгүй болж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хуулийн хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсэв. Ингэснээр одоогийн нөхцөл байдлаар хэн нэгэн УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэг хийсэн хуулийн хариуцлага хүлээхгүй болсон гэхэд болно. Учир нь, УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосноос хойш гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх хуулийн зохицуулалт одоог хүртэл хийгээгүй байгаа юм. Хуулийн хийдлээ арилгаагүйн дээр хүчингүй болсон заалтаас иш авсан заалтуудыг ч хэвээр байлгасаар байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 6.10-т “Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай УИХ-ын даргад гурван цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ” гэх мэт хүчингүй болсон заалтаас иш авсан заалт олон байна. 
Энэ нөхцөл байдал зөвхөн одоогийн УИХ-тай холбоогүй бөгөөд эх үндэс нь өмнөх парламентаас үүдэлтэй гэж болно. Өмнөх парламент 2011 онд анх Цэцээс түдгэлзүүлсэн УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг 2013 онд өөрчлөхдөө үг, үсгийг нь сольсноос биш агуулгаар нь өөрчлөөгүй. Тиймээс 2011 онд Цэцээс хүчингүй болгосон заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэснийг  2013 онд “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” хэмээн өөрчилсөн нь агуулгын зөрүүгүй гэдгийг Цэцээс нотолж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүчингүй болгосон байдаг. Улмаар Цэцийн тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ тухайн үеийн УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзсэн юм. Энэ бол хууль тогтоох дээд байгууллага хууль батлахдаа хариуцлагагүй хандсаны нэгэн жишээ. Ер нь УИХ-аас баталж байгаа хуулиуд Цэцийн босго давахгүй буюу Үндсэн хууль зөрчиж байгаа тохиолдол их гарч байгааг өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлнэ лээ. Тэрбээр хуулиудыг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хариуцдаг дэд хороотой болох талаар ч санал гаргасан юм. 
Хэдийгээр одоог хүртэл хуулийн зохицуулалт хийгээгүй ч, асуудлыг даруйхан шийднэ гэдгээ УИХ дахь МАН-ын бүлэг мэдэгдээд буй. Нэгэнт хүчингүй болсон заалтыг агуулгаар нь өөрчилсөн өмнөх парламентын алдааг давтахгүй, УИХ-ын тухай хууль болон, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульдаа зохицуулалт хийхийг хүсье. Хууль тогтоогчид хуулийн хариуцлага хүлээхгүй байх өнөөгийн нөхцөл  удаан үргэлжлэх учиргүй юм.