Улаан-Үүд, Тяньжинын авто тээврийг манай улс холбоно

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хурал­дааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийд­вэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй хол­боотойгоор уг хуульд өөрчлөлт оруулах болсон юм. Уг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авна гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн байна. Цэцийн дүг­нэлттэй нийцүүлэх үүд­нээс уг заалтыг хүчингүй болгох, мөн 118.5 дахь хэсгийн эшлэлийг хасахаар болсон талаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

Санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хорооны бүтцэд өөрчлөлт оруулах талаар санал хэлэв. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аас гарсан бүх хууль, тогтоомжийг байнгын хорооны бүрэлдэхүүнд байгаа дэд хороогоор оруулж дүгнэлт гаргадаг тогтолцоо руу оръё” гэлээ. Харин УИХ-ын гишүүн М.Билэгт “Шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуульд үгсэн хуйвалдах ажиллагаа гарна гэсэн үүднээс шүүгч нарыг хариуцагч, нэхэмжлэгч нартай уулзаж болохгүй хэмээн өөрчлөлт оруулсан. Үүнээс болж нэхэмжлэгч, хариуцагч тал  шүүгч нартай уулзаж асуудлаа тайлбарлах боломжгүй болсон байна. Шүүгч нартай давж уулздаг, төлбөр авдаг бүлэглэлийг бий болгосон. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах талаар авч үзнэ үү” хэмээсэн юм. Гишүүний асуултын хариуд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Шүүхийн тухай, шүүхийн захиргааны байгууллагын болон Шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч, сайдын өгсөн чиглэлийн дагуу төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Хуульд заасны дагуу холбогдох судалгаа тооцоог хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн Засгийн газраас санал авсны үндсэн дээр эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа” гэв. 
Байнгын хорооны саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах асуудлыг хэлэлцлээ. “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, баталгаажуулсан талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдлаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван улсыг дамнасан авто тээврийн гэрээ батлагдах гэж байгаад баяртай байгаа ч хоёр хөрш болон гуравдагч орнуудтай ойлголцож чадахгүй бол тарифын хязгаарлалт бизнес эрхлэгчдэд дарамт болно гэдгийг хэлэв. Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Монголын нутаг дахь босоо тэнхлэгийн замын төсөөлөл ямар байгаа вэ. Улс төрөө давахгүй уначихдаг замын асуудал байна. Танилцуулга, хөрөнгө оруулалтын боломж багцааг нь харахаар явах боломжтой, бүтвэл Монгол Улсын нүүрийг тахлахаар зам болохоор харагдаад байгаа юм. Үүнээс гадна Алтанбулаг, Замын-Үүдийн  чөлөөт бүс байгуулагдаад удлаа. Том аж ахуй захиргаа байгаад байдаг хэр нь ажил нь явдаггүй чөлөөт бүсийн асуудал байх юм. Үүнийг шийдэх боломжийг яам нь юу гэж харж байгаа юм бэ” хэмээн асуув. Үүний хариуд Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улаан-Үүд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны есдүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийж, манай улсын дугаартай, манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн. Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ” гэлээ. Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн татвар, тарифийн хөнгөлөлтийн талаар асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьж байгаа гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга С.Батболд хэлсэн юм. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрээр Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл эхлүүлж, одоогоор долоон улсын дөрөвтэй нь хэлэлцээр байгуулахаар тохирсон талаар дурдлаа. Энэ мэтээр гишүүд асуусан асуултдаа хариулт авч, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжив. Хуралдааны төгсгөлд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.