Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хууль бусаар хорьсон гэв

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэдний өмгөөлөгчид хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа:

-Миний үйлчлүүлэгч С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны 18.00 цагт шүүгчийн шийдвэргүйгээр баривчилсан. Гэмт хэргийн ул мөр нотлох барим­тыг зөөвөрлөх, устгаж бол­зошгүй гэдэг үндэслэлээр шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Энэ үндэслэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэхээр шүүх С.Баярыг баривчилсан гол үндэслэл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой. Оюутолгойн гэрээ байгуулснаар их хэмжээний авлига авсан талаар 10 жил орчим шуурлаа. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Шүүхээс зөвшөөрөлгүй баривчилсан нь буруу. Оюутолгойн гэрээтэй бүх холбоотой материалууд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүй зөвлөлийн архивд нотлох баримтууд байсаар байтал энэ нотлох баримтууд яагаад зөөвөрлөх устгах, үрэгдүүлэх боломжтой нөхцөл байдал үүсэж болзошгүй гэсэн нөхцөл байдлаар хойшлуулалшгүйгээр баривчилсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хурлын үеэр С.Баяр “Өнөөдөр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорилоо гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаар унах, Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, Оюутолгойн нэр хүнд унах энэ асуудал нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талыг нь харж үзээч ээ” гэсэн саналыг хэлсэн. Хамгийн гол нь цагдан хорих болсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
 

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров:

-Манай үйлчлүүлэгч Ч.Сайхан­билэгийг баривчилсан үйл ажиллагааг нь хууль ёсных байсан эсэх, мөн цаашид сэжиг­лэн цагдан хорих эсэх асууд­лыг хэлэлцлээ. Гэхдээ харамсалтай нь шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчсөн. Энэ асуудлыг бид дараа дараагийн шүүхэд гаргах болно. Учир нь 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийг гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгэхээр гэрчээр байцаагдах албан бичиг авсан. АТГ очоод гурван цаг гаруй байцаагдсан. Дараагаар нь прокурорын байгууллагын батласан шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж авч явсан. Нэгэн цагт төрийн жолоог атгаж байсан хоёр Ерөнхий сайдыг нэг цаг мөчид ачаад явсан. Энд ямар асуудал яригдах вэ гэхээр Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг зөвхөн шүүгчийн захирамж гарсны дараа л баривчлах ёстой байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчиж төрийн тусгай чиг үүргээ гүйцэтгэж байгаа хоёр ажилтныг баривчилж авч явсан.