Энэтхэг Хятадын амжилтыг давтахад ойрхон байна

Дэлхийн эдийн засгийн хямралаас болоод  улс орнуудын эдийн засгийн өсөлт нэлэнхүйдээ буурч байгаа билээ. Өндөр хөгжилтэй зарим оронд эдийн засгийн өсөлт нь хасах үзүүлэлттэй гарах төлөв ч мэдэгдээд буй.

Тэгвэл энэ хямралыг толгой өвдөхгүй давж байгаа ганц улс нь Энэтхэг. БНХАУ-ын эдийн засаг тогтмол 10-аас дээш хувиар өсч байх үед бүгд л “гайхамшиг” гэж нэрлээд, жилд ойролцоогоор 6-7 хувийн өсөлттэй байсан Энэтхэгийг тоогоогүй. Гэтэл Хятадын өсөлт 6.5-7 хувь болж буурч байхад Энэтхэг нөгөө л жигд темпээ хадгалсаар. Товчхондоо, Хятад холын зайд хэт хурдалж гүйгээд бахардаж байгаа тамирчныг, Энэтхэг нэгэн жигдээр удаан ч биш, хурдан ч биш гүйж яваа тамирчныг санагдуулах болов.  БНХАУ аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж,  сүүлийн 40 жилийн хугацаанд 700 сая иргэнээ ажлын байраар хангасан билээ. Энэ нь “Хөдөлмөрийн зах зээлд олсон амжилтаараа дэлхийд тэргүүлэх улс” гэсэн статусыг БНХАУ-д өгч, өнгөрсөн зууны сүүлчийн хагасын хамгийн онцлох үйл явдлаар тооцогдсон.  Хэдийгээр Энэтхэгт эдийн засгийн өсөлт нь  ажиллах хүчнийхээ өсөлтийг гүйцэхгүй бэрхшээл  тулгараад  буй  ч XXI зуунд Энэтхэг Улс Хятадын хөдөлмөрийн зах зээлд олсон  амжилтыг давтах боломжтой гэж дэлхийн тэргүүлэх эдийн засагчид үзэж  байгаа юм. Энэтхэг нь эртний соёл иргэншилтэй ч харьцангуй залуу хүн амтай улс. Тус улсын хөдөлмөрийн насны иргэний тоо жил бүр 12 саяар нэмэгдэж байдаг. Мөн  ажиллах хүчний тоогоор 516.3 сая гэсэн үзүүлэлтээр  дэлхийд хоёрдугаарт ордог. Ер нь Энэтхэгт цаг байгаа, боломжоо ашиглана гэдэгт итгэх өөдрөг үзэлтэн цөөнгүй байна. 2005-2007 онд тус улсын эдийн засгийн өсөлт ойролцоогоор есөн хувьтай гарсан. Үүнээс хойш дунджаар долоон хувийн өсөлтийг хадгалж яваа. Энэ хооронд хүн амын өсөлт нь ч хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын чуулга уулзалт буюу Дэлхийн эдийн засгийн чуулганы гол хэлэлцүүлгийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нээсэн. Дэлхийн эдийн засгийн чуулган жил бүр онцлох эрхмээр нээлтээ хийлгэдэг. 2018 онд энэ хүндтэй үүргийг Моди хүлээсэн нь цэнхэр гариг даяар Энэтхэгийн эрин үе ирж буйг хүлээн зөвшөөрч байна гэхэд хилсдэхгүй. Ер нь бол эдийн засгийн өндөр өсөлтөөрөө дэлхий дахиныг гайхуулж байсан Хятадын хөөс арилж, оронд нь Энэтхэг хэмээх даруу атлаа аварга хүч хөрөнгө оруулагчдыг татаж эхлээд байна гэхэд болно.  Эдийн засгийн хүчин чадлаараа өдгөө дэлхийд долдугаарт эрэмбэлэгдэж буй тус улс ирэх 10 жилийн дотор Японыг ардаа орхиж, гуравдугаар бичигдэх төлөвтэй. Ингээд зогсохгүй 2050 он гэхэд АНУ, Евро бүс зэргийг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болно хэмээн олон улсын шинжилгээний байгууллагууд таамаглаж байна. Үүний зэрэгцээ тус улсын бодлого тодорхойлогчид эдийн засгаа илүү нээлттэй болгохоор зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд Нарендра Модигоор удирдуулсан Засгийн газар авлигатай тууштай тэмцсэний үр дүнд  төрийн хүнд суртал  тодорхой хэмжээнд буурсан. Мөн татварын бодлогоо цогцоор нь шинэчилж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн Энэтхэгийн зах зээл хөрөнгө оруулагч нарт ирээдүйтэй гэгдэж байна. Тус улсын төр засаг 2032 он гэхэд эдийн засгийн үзүүлэлтээ 10 их наяд ам.доллар болгоно  гэсэн зорилт тавиад буй. Энэ үзүүлэлт нь одоогийн БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлттэй адил байгаа юм. Одоогоор Энэтхэг Улсын эдийн засгийн үзүүлэлт 2.2 их наяд ам.доллар байна. Харин 2032 он гэхэд 10 их наяд ам.долларт хүрэх нь хэцүү биш ажээ. Учир нь сүүлийн 16 жилийн турш Энэтхэг Улсын эдийн засаг 4.6 дахин өссөн.  Олон улсын валютын сан Энэтхэгийн эдийн засаг 2030 он гэхэд 6.6 их наяд ам.доллар хүрнэ гэсэн таамаглал ч  дэвшүүлсэн удаатай. 2000 онд Энэтхэгийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 53 хувийг эзэмшдэг байсан бол одоо энэ тоо 36 хувь болтлоо буурчээ. Энэтхэг эдийн засгийн хурдацтай хөгжил, ялангуяа мэдээллийн технологийн салбар дахь гялалзсан амжилтаараа гайхуулах болов. Өнгөрсөн оныг тус улс ДНБ-ий 7.2 хувийн өсөлтөөр үдсэн. Тэгвэл энэ жил эдийн засгийн өсөлт 7.4,  2019 онд 7.8 хувь байх таамгийг ОУВС гаргасан. Харин Дэлхийн банкнаас 2018-2019 болон 2022-2023 онд эдийн засгийн өсөлт нь дунджаар 7.3 хувьтай байна гэж төсөөлсөн. Ийнхүү Энэтхэгийн эдийн засгийг тун өөдрөгөөр харж байгаа нь тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд нэмэгдэх хандлага байгаатай холбоотой. Технологийн хөгжил, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулахаар байгаа юм. Нөгөө талаас Энэтхэг бол үйлдвэрлэгч орон. Хэдийгээр төмрийн хүдэр, шохой, марганц, байгалийн хий, нефтийн нөөцтэй ч цагаан будаа, үр тариа, хөвөн, цай, чихрийн нишэнгэ, төмс зэргийг экспортолж ДНБ-ийхээ 28 хувийг, автомашин,  цахилгаан барааны экспортоос 18 хувийг, цемент шохой, хувцасны экспортоороо 10 орчим хувийг бүрдүүлдэг. Ерөнхийдөө экспортын гол  суурийг машин болон тоног төхөөрөмж, гар хийцийн бараа бүтээгдэхүүн, химийн бараа бүтээгдэхүүн, хүнс болон хөдөө аж ахуйн түүхий эд, бэлэн хувцас, оёмол бараа бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд  гол худалдан авагч нь Европын холбоо, АНУ юм. Харин гаднаас жилдээ 160 сая тонн буюу 40 сая ам.долларын хэмжээтэй нүүрс,  27 тэрбумаас 40 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний алт,  гурван тэрбум ам.долларын өртөг бүхий зэс болон зэсийн баяжмал  импортолдог байна.