Марк Зукерберг: Хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалахаа амлаж байна

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор АНУ-ын Сенатад тайлбар өглөө.

Тэрбээр АНУ-ын Сенатын гишүүдийн асуусан асуултад хариулахдаа “Фэйсбүүк компани нийгмийн сүлжээг улс төрийн зорилгод ашигладаг Оросын операторуудтай тэмцэж байгаа” хэмээн мэдэгджээ. Тус компани мөн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг дээр Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллертэй хамтарч ажиллаж байгаа аж. Марк Зукербергийн мэдүүлснээр Фэйсбүүк компани  хуурамч цахим хаягуудыг тогтоох шинэ арга хэрэгслүүдийг хөгжүүлж байгаа юм байна. Их Британийн улс төр, бизнесийн компаниудад олон нийтийн санаа бодлыг тандах, нөлөөлөхөд тусалдаг “Cambridge Analytica” фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг  сонгуулийн кампанит ажлын үеэр ашигласан тухай дуулиан дэгдсэний дараа АНУ-ын Сенатын хороо Марк Зукербергээс тайлбар хийхийг шаардаж, байцаалтад дуудсан билээ. Фэйсбүүк компанийг үндэслэгч, залуу тэрбумтан Марк Зукербергийн Сенатын гишүүдэд өгсөн хариултаас тоймлон хүргэж байна.
Сенатор Камала Харрис:
-2015 онд анх фэйсбүүкийн хэрэглэгчдийн мэдээлэл алдагдаж байсан тухай та өөрөө мэдэгдэж байсан удаатай. Тухайн үед яагаад энэ талаар хэрэглэгчдэдээ мэдэгдээгүй юм бэ. Фэйсбүүк бол цэвэр итгэлцэл дээр тогтдог. Ер нь фэйсбүүкээр дамжуулан хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн буруугаар ашиглаж болох талаар мэдээлэл хэрэглэгчдэдээ өгч байсан уу?
-Бид фэйсбүүкийг буруу зорилгод ашиглахаас сэргийлж чадаагүй. “Cambridge Analytica”  тэдгээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгасан гэж итгэн, шалгаагүй орхисон нь бидний том алдаа байсан. Харин хэрэглэгчийн мэдээллийг буруугаар ашигласан тохиолдолд бид энэ талаар хэрэглэгчдэдээ цаг тухайд нь мэдээлэх болно. 
Сенатор Чак Грассли:
-Мэдээллийн аюулгүй байдлын асуудал ноцтой хөндөгдөж байгаа энэ үед технологийн салбарынхан мэдээллийн аюулгүй байдлыг хангахад, олны илтгэлийг сэргээхэд дорвитой арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй байна?
-Бид үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлж чадаагүй нь том алдаа. Би Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулсан мөн  удирддаг. Энэ компанид юу ч тохиолдсон үүрэг хариуцлагыг нь би хүлээх ёстой. Хүмүүсийг зөвхөн хооронд нь холбоно гэдэг хангалтгүй, энэ холболтыг зөв зохистой төвшинд хийх ёстой. Хүмүүст санал бодлоо илэрхийлэх боломжийг нь олгохоос гадна, бусдыгаа хохироох, буруу мэдээлэл тарахаас сэрэмжлэх шаардлагатай. Харин энэ өөрчлөлтийг хийхэд бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ би үүнийг зөв зохистойгоор хийхээ амлаж байна. Үүнд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах үндсэн үүрэг маань ч багтаж байгаа.
Сенатор Сар Салливан:
-Фэйсбүүк компани хүчирхэг болвол чи мөн хүчирхэг болох уу?
-Бид хэн хэрхэн хүчирхэг болох талаар бус зөв зохицуулалтын талаар ярих хэрэгтэй байх гэж бодож байна. 
Сенатор Гари Питерс: 
-Фэйсбүүк компани ямар нэгэн зорилгоор хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж дата сан үүсгэж байсан тохиолдол бий юү?
-Мэдээж үгүй.
Сенатор  Бен Сасс:
-Хүмүүсийг фэйсбүүкэд донтуулахын тулд тусгай зөвлөх авч ажиллуулдаг уу. Ер нь ийм тусгай зөвлөх ажиллуулдаг мэдээлэл технологийн компани мэдэх үү?
-Үгүй ээ, Сенатораа. Харин ийм төрлийн зөвлөхүүдийг ажиллуулдаг компаниудыг мэднэ. Гэхдээ нэрийг нь дурдаад дэмий байх.
Сенатор Тед Круз:
-Фэйсбүүк төвийг сахисан олон нийтийн форум байж чадах уу?
-Бид фэйсбүүкийг бүх үзэл бодлын чөлөөт платформ гэж үздэг.
Сенатор Сен-Оррин:
-Фэйсбүүк цаашид ч үнэ төлбөргүй байх уу?
-Фэйсбүүкийн одоогийн үнэ төлбөргүй хувилбар цаашид ч үргэлж хэвээрээ байна. Дэлхий даяар хүн бүртэй холбоо тогтоож, дэлхий ертөнцийг ойртуулахад туслахыг хичээх нь бидний зорилго.
Сенатор Дик Дюрбин:
-Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг бидэнтэй хуваалцахдаа болон энэ долоо хоногт хэнтэй мессэж бичсэнээ бидэнтэй хуваалцахад бэлэн үү?
-Мэдээж үгүй.
-Миний бодлоор дэлхий дээр амьдарч  байгаа хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор хүний хувийн мэдээлэлд хэр их халдсан нь эндээс харагдаж байна.
Сенаторууд Марк Зукербергээс асуулт асуухаас илүүтэйгээр  “Хэрэв  Фэйсбүүк компаниас  эхлээд бусад нийгмийн сүлжээний компани үүргээ зохистой биелүүлэхгүй бол мэдээллийн нууц байдал гэж байхаа болино” гэдгийг онцолж байжээ. Дэлхийн томоохон судалгааны байгууллагууд Марк Зукербергийг Сенаторуудын марзан,  ач холбогдол багатай асуулт бүрт тайвнаар хариулж, зарим эгзэгтэй асуултад хариулт өгөхөөс зайлсхийж чадсан гэж дүгнэжээ. Түүнчлэн “Wall Street journal” Сенаторууд  энэ удаагийн мэдүүлгээр технологийн талаар тааруухан мэдлэгтэй гэдгээ харууллаа гэв. Зукербергийг Конгресст мэдүүлэг өгч байх үед Фэйсбүүк компанийн хувьцааны ханш таван хувиар өсч, зэх зээлийн үнэлгээ нь гурван тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Үүнээс гадна Марк Зукербергийг сүлжээнийхээ алдааг залруулахыг шаардсан жагсаал болсон байна. Мөн  “Delete Facebook” аян ч  хүрээгээ тэлжээ. Хамгийн сүүлд “Apple”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк “Delete Facebook”  аянд нэгдэж буйгаа илэрхийлсэн. Үүнээс өмнө “Whatsapp”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Брайан Астон, “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск нар нэгдээд байсан юм. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2018/04/10/us/politics/mark-zuckerberg-testimony.html