Хатуу хог, хаягдал боловсруулах үйлдвэрийг шинэчлэх санхүүжилтийн төслийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралд­лаа. Хуралдаанаар Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм.

Манай улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт авч, 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Харин одоо тус банкнаас “Улаанбаатар хотын хатуу хог, хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд таван сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Засгийн газарт олгохоор тохиролцсон юм. Энэхүү зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэв. 
Энэхүү төслийг хэрэгжүүлж, үйлдвэр барьснаар жилд 100 мянган тонн барилгын хог, хаягдлыг боловсруулах бөгөөд авто замын асфальт, хучилт, цемент, хавтан, брдюр хийдэг материалуудыг үйлдвэрлэх аж. Эдгээрийг худалдан борлуулснаар зээлийн эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд нөхөн төлөх тооцоо гарчээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд жилд 116-120 мянган тонн барилгын хог хаягдал гардаг. Одоогоор энэ төрлийн хог, хаягдлыг Туул голын хөндий, Дунд голын ай саваар зөвшөөрөлгүй хаяж байна. Түүнийг нь нийслэлийн харьяа байгууллагуудаас зардал гарган цэвэрлэж байгаа” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүд улсын хэмжээнд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох санал гаргав. Ингээд Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжих томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. 
Түүнчлэн хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан юм. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулав.