Б.Энх-Амгалан: “ЛендМН” ХК-ийн үйл явдал хувьцааг хүссэнээрээ авч болдоггүй гэдгийг мэдрүүллээ

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Энх-Амгалантай хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд ярилцлаа.

-Эдийн засаг өнгөрсөн жилээс сэргэж эхэлсэн. Үүнийг дагаад манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хэд дахин өссөн. Нэг үеэ бодвол хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхож, хөрөнгө оруул­даг болсон байна? 
-Жил хагасын өмнө л гэхэд хөрөнгийн зах зээлийг сонирхох, мэдэх хүн ховор байлаа. Тэр үеэ бодвол хүмүүс хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхох болсон. Энэ нь мэдээж эдийн засаг сэргэсэнтэй холбоотой. Дээрээс нь ОУВС-гаас банкуудад хяналт, шалгалт хийсний дүнд алдаа, дутагдлууд нь илэрч эхэлж байгаа. Энэ нь хөрөнгийн зах зээлийг тэлэхэд нөлөөлсөн. Ер нь зах зээлд банкны, хөрөнгийн, даатгалын гэсэн гурван тулгуур байдаг. Гэтэл манайх банк гэдэг нэг хөл дээр догонцсон байдалтай байгаа. Харин одоо иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон нь тэнцвэрт байдлыг бий болгох сайн талтай. Хүмүүс банкинд мөнгөө байршуулах нь тийм ч ашигтай биш, харин олон улсын жишгийг дагаж, хөрөнгийн зах зээл дээр мөнгөө эргэлдүүлэх боломжтой гэдгийг ойлгож эхэлжээ. 
-Аливаа зүйлд сайн, муу хоёр тал бий. Сүү­лийн үед хөрөнгийн зах зээл тэлэхийн хэрээр эрсдэлүүд гарч эхэлж байна. Нэг компанийн хувьцааг хошуурч худалдаж авах, тэр нь цаашлаад “хөөс” үүсэх хандлагатай болсон. Тухайлбал, “ЛендМН”, “Айтүүлс”, “Анд-Энерги” зэрэг шинээр гарч ирсэн компаниудын хувьцааг иргэд маш ихээр авч байгаа. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээлд “хөөс” үүсгэж, тэнцвэргүй байдлыг бий болгох талтай гэдгийг зарим мэргэжилтнүүд хэлж байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 
-Ер нь хөрөнгийн зах зээл дээр “хөөс” үүсдэг. Гэхдээ хэт туйлширсан зүйлүүд ажиглагдаад байна. Компаниуд хөрөнгө санхүүгээ үндсэн хоёр аргаар татдаг. Нэгдүгээрт,  уламжлалт арга буюу банкнаас зээл авах. Нөгөөх нь, хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох. Ер нь банкинд хүү төлөхийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө татах нь илүү найдвартай, сайн арга л даа. Дээрээс нь тухайн компани олон нийтэд нээлттэй учраас хяналт нь сайжирдаг сайн талтай. Гэхдээ иргэд, хөрөнгө оруулагчид тухайн компанийн хувьцааг авахдаа тодорхой хэмжээ­ний мэдлэгтэй байх ёстой. Сайн судалж шийдвэр гаргахгүй бол алдах аюул байдаг. 
“Айтүүлс” ХК-ийн нэгж хувьцааны үнэ анх 100 төгрөг байсан. Одоо 120 гараад явж байгаа.  Тэгэхээр үүнд нэг их асуудал үүсэх нь гайгүй. Энэ компани олон нийтээс 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөв­лөсөн. Гэтэл “ЛендМН” ХК-ийн олон нийтээс татахаар төлөвлөж байсан нь хөрөнгө нь таван тэрбум. 2.5 тэрбум төгрөгийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад өгөөд, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг нь олон нийтэд зарна гэж байсан. Гэтэл захиалга нь 40 тэрбумд хүрсэн. Төлөвлөснөөсөө хэд дахин илүү хөрөнгийг татсан. Энэ явдал юу харуулж байна вэ гэхээр нэг талаасаа үнэт цаасныхаа танилцуулгыг олон нийтэд маш сайн сурталчилсантай холбоотой. Тиймээс хүмүүс энэ компанийн хувьцааг авах сонирхол нь өндөр байсан байж магадгүй. Ингээд хөрөнгийн зах зээл рүү ихээр шуурсан. Гэхдээ үүнийг  “хөөс” гэж хэлэхэд төвөгтэй л дөө. “ЛендМН” ХК-ийн нэрлэсэн үнэ нь 25 төгрөг байсан. Энэ бол бага тоо. Тиймээс хүмүүс “ЛендМН” ХК-ийн нэгж хувьцааг 25 төгрөгөөр худалдаж аваад маш их хэмжээний хувьцаатай болно гэж андуурсан. Мөн банк бус санхүүгийн бай­гууллагаараа дамжуулан бага хэмжээний зээлүүд гаргадаг учраас эргэлт нь түргэцтэй байна гэж хүмүүс тооцоолсон байх. Ингээд хүмүүс тус компанийн хувьцааг их хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн байх талтай. 
Энд нэг дутагдалтай тал бий. Компани их хэмжээний хувьцааны захиалга аваад түүнийгээ дараа нь хувь тэнцүүлж, хуваарилах ёстой. Ингэхээр хүмүүс захиалсан хэмжээгээрээ авч чадахгүй болчихож байгаа юм. Жишээ нь, сая төгрөгийн захиалга өгсөн хүн захиалсан хэмжээнээсээ бага хувьцаа авна гэсэн үг. Ингээд хүмүүсийн худалдаж авахаар төлөвлөж байсан тооцоо нь алдагдаж,  банкнаас татаж авсан бэлэн мөнгө нь гар дээр нь үлдэж байгаа юм. Бага хэмжээний мөнгөөр хувьцаа авч байна гэсэн үг. Үүнийг аюул гэж хэлж болохгүй. Гэхдээ хувьцааг хүссэнээрээ авч болдоггүй гэдгийг мэдрүүлж байгаа үйл явдал л даа. 
-Ямар нэгэн компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахаар бол­лоо гэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос эрс­дэлийг нь тооцох ёстой биз дээ. Тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан гэдэг ч юм уу, ямар нэгэн шалгуур байдаг уу? 
-Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт хийх ёстой. Хоёрдугаарт, зах зээлийг өргөжүүлэх, эрүүлжүүлэх талаас нь дэмжих үүрэгтэй байгуул­лага. Санхүүгийн зохицуулах хороо хууль, журмынхаа хүрээнд зөв зүйтэй ажлууд хийж байгаа. Гэхдээ ямар нэг байгууллага хувьцаат компани болж, IPO хийхээсээ өмнө 5-6 жил хөрөнгийн зах зээл дээр ажилласан, олон нийтэд танигдсан, санхүүгийн тайлан баланс нь асуудалгүй байх ёстой. Ингээд хөрөнгийн зах зээл рүү орж ирэх асуудал яригдах ёстой юм. “ЛендМН” ХК-ийн түүх бага байж болно. Гэхдээ толгой компани нь олон жил үйл ажиллагаа явуулаад ирсэн юм билээ. Тэр үйл ажиллагааг нь харгалзан үзээд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгосон байж болно. Энэ компанид Зүүн Өмнөд Азийн орнуудын хөрөнгө оруулалт хийдэг гэж сонсож байсан. Гэхдээ бодит байдлыг нь нарийн судалж үзээгүй. 
-Санхүүгийн зохицуу­лах хорооны үйл ажил­лагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Олон ч шүүмжлэлтэй тулгардаг байгууллага шүү дээ? 
-Санхүүгийн зохицуулах хороо 3-4 жилийн өмнө нэлээн хүнд сурталтай байсан. Харин одоо дүрэм, журмаа боловсронгуй болгож, асуудлыг хурдацтай шийдвэрлэж байгаа нь хэдэн жилийн өмнөхөөс арай өөр болоо юу даа гэж харж байна. Хэдэн жилийн өмнө хөрөнгө оруулалтын эрхийн зөвлөх авах гээд материал өгөхөд сар гаруй таг болдог байлаа. “Тийм зүйл нэмээд аваад ир” гэнэ. Үүнийг нь аваад ирэхээр хүлээлгэж, цаг алддаг байсан. Тэр хооронд нь андеррайтерийн үйл ажил­лагаа явуулах гээд компаниудтай ярилцаж, тохиролцож байсан ажлууд бүгд цуцлагдаж билээ. Нэг ёсондоо зах зээлээ боомилох үйл ажиллагаа явагддаг байсан. Харин одоо үйл ажиллагаа нь хурдан болсон нь анзаарагдаж байна лээ. Дүрэм, журам нь харьцангуй гайгүй болсон байх шиг байсан. Үйл ажиллагаа нь жаахан ахицтай байна уу даа гэж харж байгаа. 
-“Эрдэнэс-Тавантол­гой”-н 1072 хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах асуудлыг ярьж байгаа. Хэрэв гарвал хэр үр ашгаа хэр өгөх бол? 
-1072 хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаад ирвэл сайн зүйл. Сая “ЛендМН” ХК-ийн үнэт цаасны захиалга төлөвлөснөөс хол давсан нь хүмүүст хөрөнгө байна гэдгийг харууллаа. Хүмүүст хувьцаа авах сонирхол байна. Эдийн засаг өсч байгаа тохиолдолд дагаад Хөрөнгийн биржийн ТОР-20 индекс өсөх  нь ойлгомжтой. 2017 оны эхэнд Хөрөнгийн биржийн ТОР-20 индекс 11 мянга орчим байсан бол өнөөдөр 22 мянга болсон байх жишээтэй. 2017 оны эцэст хөрөнгийн зах зээлд 860 тэрбум төгрөгийн үйл ажиллагаа явагдсан байгаа юм. Үүнийг нь өмнөх онтой харьцуулахад 16 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, эдийн засагт жаахан сэргэлт ажиглагдахад хүмүүс хөрөнгийн зах зээл рүү шуураад эхэлсэн. Би өмнө нь хэлж байсан даа. “Хэрэв компаниудын хувьцааг авах гэж байгаа бол эдийн засаг хямралтай байх үед нь авчих. Эдийн засаг сэргэхээр үнэ, ханш өсдөг учраас аль ч банкны өндөр хүүнээс илүү өндөр ашиг авчирна” гэж би хэлж байсан. Энэ зарчмаар “Говь” ХК-ийн ханш эдийн засаг хямралтай байх үед буюу хоёр жилийн өмнө 8800 төгрөг байсан бол одоо 25 мянган төгрөгөөс дээш өсөөд явчихсан байна. Эдийн засаг сэргэхээр дагаад хувьцааны ханш сэргэнэ. Дагаад компа­ниу­дын зах зээлийн үнэлгээ өсдөг. Хувьцаат компаниудын хувьд эерэг үр дагавартай байдаг. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гарах ёстой. 1072 хувьцаагаа хөдөлгөхийн тулд иргэд хөрөнгийн зах зээлийг судлах л хэрэгтэй. 
-Манай хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа олон улстай хэрхэн уялд­даг вэ. Ижил төвшинд байж чаддаг уу? 
-Манай эдийн засаг харьцангуй дүлий. Шалт­гаан нь юу вэ гэхээр дэлхийн зах зээл дээр манай компаниуд хамаагүй бага холбогдсонтой холбоотой. Гаднын зах зээл дээр ямар нэгэн шок болоход улс орнуудын хөрөнгийн зах зээлүүдийн индекс унаад эхэлдэг. Харин манайх харьцангуй нөлөө багатай байдаг учраас тогтвортой байдаг. Гаднын индексийн хэлбэлзлийн нөлөөллийг бага авдаг гэсэн үг. Дүлий гэж миний хэлээд байгаа нь ийм учиртай. Харин дотооддоо ямар нэгэн шоконд ч харьцангуй бага өртөнө. Манай улстөрчид огцом шийдвэр гаргадаг шүү дээ. Тэдний шийдвэр  хөрөнгийн зах зээлийн ТОР-20 индекст нэг их нөлөөлөхгүй.  
-Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх асуу­дал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Дүрэм, журам ч гарсан. Гэвч одоог хүртэл ямар нэгэн ком­пани бүртгүүлээгүй гэх мэдээллийг Хөрөнгийн биржээс өгсөн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?  
-Уг нь их ашигтай зүйл шүү дээ. Дотооддоо Хөрөнгийн биржид бүртгэл­тэй компани бол үүнийгээ ашиглаад гаднын хөрөн­гийн зах зээл дээр гарах боломжтой болсон. Миний ойлгож байгаагаар Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компа­ниуд гадагшаа гарах ойлголт тааруухан байгаа юм болов уу. Давхар бүртгэлийн талаарх ойлголт нь тааруухан учраас яаж, ямар замаар бүртгүүлэх вэ гэдэг талын ойлголт нь муу байх шиг байна. Уг нь “Жайка”-гийн төслийн шугамаар давхар бүртгэлтэй холбоотой аж­лыг хэрэгжүүлээд, хувь­цаат компаниудтай нэлээд уулзалт хийсэн. Хоёр жилийн өмнөөс явсан асуудал. Гэхдээ ямар зарчмаар цаад гаднын хөрөнгийн биржтэй хэрхэн холбогдох вэ гэдэг дээр идэвхи санаачилга гаргаж чадахгүй байна уу даа гэж бодож байна. Уг нь компаниуд хөрөнгөө гад­нын зах зээл дээрээс босгочихвол сайн шүү дээ. 
-Хүмүүс хөрөнгийн зах зээлийг сайн судлах хэрэгтэй гэж та хэлсэн.  Сайн судлаагүйгээс ямар нэгэн эрсдэлтэй тулгарч магадгүй байна. Тэгэхээр хүмүүс хөрөнгийн зах зээл дээр хэрхэн тогловол амжилтанд хүрэх вэ? 
-Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгоно гэдэг бол нэг талдаа ашигтай, нөгөө талдаа эрсдэлтэй. То­дорхой судалгаагаа сайн хийж, таамаглалаа бо­дитой дэвшүүлээд, байнга шалгаад явахгүй бол ханш буурах, өсөх хандлага байдаг. Үүнийг хувь хүн л өөрөө үүрнэ. Ер нь алдагдлыг хэт өндөр байлгахгүйн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой дүрэм, журам гаргаад өдрийн ханшны хэлбэлзлийг хэт өндөр байлгахгүй байх замаар зохицуулж байгаа. Жишээ нь, Хөрөнгийн бирж дээр 15 хувийн хэлбэлзэл байвал хувь хүн даах чадвартай. Харин хэт өндөр болоод ирвэл тэр хэл­бэлзлээс хүмүүсийн хүлээх алдагдал их байх учраас тодорхой дүрэм, журмуудаар зохицуулах тухай асуудал байж болно. Харин манайд “ЛендМН”  рүү бүгд хошуураад, алдагдалд орлоо гэхэд хэн нэгнээс хариуцлага нэхэх эрхгүй. Хувь хүн асуудлаа өөрөө л хүлээх хэрэгтэй. Харин үүний оронд “ЛендМН” рүү бүх мөнгөө хийхээс илүүтэй тодорхой төвшинд, урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулаад ирсэн хувьцаат компаниудын хувьцаанаас тодорхой хэсгийг худалдаж авах ёстой л доо. Үүнийг багцын хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг юм. Багцын хөрөнгө оруулалтад тараан байршуулах замаар явахад нэг компанийн хувьцаа уналаа гэхэд нөгөөх нь өсч байдаг учраас харьцангуй баланслаад явчихдаг. Тэгэ­хээр томоохон хэмжээний алдагдал хүлээх нь бага байдаг юм. 
Ер нь хөрөнгийн зах зээл сэргэж байгаа учраас сайн судлаарай гэж ир­гэ­дэд хэлмээр байна. Битгий харанхуй гүйж ороорой. Мөнгөө банкинд хадгалуулс­наас илүү боломж байдаг юм. Тэгээд өөрөө идэвхитэй өдөр бүрийн ханшийн хэлбэлзлийг шалгаад яваад байвал хэзээ авах, зарах уу гэдгээ мэддэг болно. Ингээд явбал хөрөнгө мөнгө чинь арвижих боломжтой. Дээрээс нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд улсаас анхаараал хандуулах хэрэгтэй. Тэтгэврийн болон Нийгмийн даатгалын сан дээр байгаа илүү дутуу хөрөнгийг тодорхой менежментийн багаар удирдуулаад хөрөнгийн зах зээл рүү оруулж ирвэл их хэмжээний мөнгө эргэлдэнэ шүү дээ.  Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж би хувьдаа харж байгаа.