Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, үг хэлжээ.

Тэрбээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын төвшинд олон удаа оролцож байгааг дурдсан байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгаагаа хэлжээ. Үүнээс гадна БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. 
Боаогийн энэ удаагийн чуулга уулзалтад улстөрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид оролцжээ. Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулсан байна. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд хэлсэн аж. Мөн энэ үеэр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлсэн байна. Үүнээс гадна  Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутеррештэй уулзаж, ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын Бага хуралд оролцохыг урьжээ.