Арбитрт хүргэх акт

Татварын ерөнхий газраас Монгол Улсад хийсэн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт буюу “Оюутолгой” төсөлд 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа. Үүнийг “Оюутолгой” компанийн 2013-2015 оны хооронд төлсөн татварт хийсэн аудитын дүгнэлттэй холбон тайлбарлаж буй. Тэгвэл “Оюутолгой“-н 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл”-ийн толгой компани болох Их Британи, Австралийн “Рио тинто” групп өнгөрсөн жил дэлхийн улс орнуудад төлсөн татварын тайлангаа танилцуулжээ. Албан ёсны цахим хуудастаа мэдээлснээр тус групп өнгөрсөн жил төсөл хэрэгжүүлж буй улс орнуудад нийт 5.1 тэрбум ам.долларыг татварт төлжээ. Татвaрынхаа дийлэнхийг буюу 3.8 тэрбум ам.долларыг Австралид, Канадад 387 сая ам.доллар, Чилид 318 сая ам.доллар, Монголд 228 сая ам.доллар, Өмнөд Африкт 93 сая ам.доллар, Их Британид 81 сая ам.доллар, АНУ-д 78 сая ам.долларыг тус тус төлсөн гэдгээ онцолсон байна. Тус группийн санхүүгийн эрхэлсэн захирал Крис Линч “Рио тинто”-гийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн улс орныхоо эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Мөн тэрбээр дэлхийн улс орнуудад төлж буй татвараар дамжуулан “Рио тинто”-гийн хийж буй хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгох нь чухал гэдгийг тодотгожээ.

Оюутолгойн хувьд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тогтворжуулсан байдаг. Энэ нь ч дотоод, гадаадын ажиглагчдын зүгээс шүүмжлэл дагуулаар ирсэн. Тухайлбал, “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” компанийн татварын тогтолцоо нь Канад, Монголын Засгийн газарт 700 сая ам.долларын татварын алдагдал авчирсан талаарх мэдээллийг “SOMO” буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвөөс мэдээлсэн. Тус байгууллагаас “Туркойз хилл ресурс” компани Канадын Засгийн газарт ойролцоогоор 470 сая ам.доллар, Монголын талд 230 сая ам.долларын татварыг төлөлгүй орхисон гэсэн дүгнэлт гаргасан. Ингэхдээ Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр “Рио тинто” компани болон “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчид томоохон хөнгөлөлтүүд авсан нь Татварын ерөнхий газраас ногдуулах татварыг ихээхэн бууруулж байгааг онцолсон юм. Тус байгууллагын зүгээс 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд “Оюутолгой”-н рояалтийг таван хувиар хатуу тогтоосныг онцлон буруушаасан. “Оюутолгой” компани өнгөрсөн онд 795 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, улсад 132.5 тэрбум төгрөгийг  рояалти хэлбэрээр төлсөн байдаг.Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”  өнгөрсөн онд 651 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, энгийн болон өсөн нэмэгдэх рояалти хэлбэрээр нийтдээ 346 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Уг төслийн татвартай холбоотой маргаан 2014 оны зургадугаар сард эхэлсэн түүхтэй. Тус компанийг 2010-2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. 2015 онд үүний 30 саяыг “Оюутолгойн далд уурхайн” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед “Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.  
Харин энэ удаад “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын маргааныг шийдвэрлэх хүсэлтээ гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газарт ирүүлээд байгаа. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны Олон улсын арбитр (Эрдэнэтийн 51 хувийг шийвэрлээд буй)-ын шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан. Мөн “Оюутолгой” компани төлөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрч, төлбөрөө энэ оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсныг мэдээлсэн. Ирэх тавдугаар сард зөвшилцөх 60 хоног дуусах бөгөөд хоёр тал ойлголцож чадаагүй нөхцөлд маргаан Лондоны Олон улсын арбитрын шүүхэд шилжих юм. Ингэснээр Монголын Засгийн газар Английн компанитай Английн нийслэлд шүүхдэлцэх нөхцөл байдал үүсэх магадлалтай.  Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Татварын актын зарим хэсгийг “Оюутолгой” компани хүлээн зөвшөөрсөн. Гэвч тодорхой хэсэг дээр нь маргаан үүсэж арбитрын шүүхэд хандсан. Бид Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулаад, асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм.  Харин “Рио тинто” группийн зүгээс “Оюутолгой” компани Монгол Улсад 2010-2017 онд 1.48 тэрбум гаруй ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлснийг онцлон тайлбарладаг. Тус группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак Оюутолгой төслийн ач холбогдлын талаар “Эдийн засагт оруулж буй хувь нэмэр гэхээр татвар хураамж, байгалийн нөөц, бүтээгдэхүүний экспортоор хэмжих нь өрөөсгөл. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар төлсний зэрэгцээ  худалдан авалтын мөнгөн дүнг нэрлэж болно. Үүний цаана байгаа эдийн засгийн эргэлт, ханган нийлүүлэгчдийн бий болгож буй ажлын байр гээд дам нөлөөнүүдийг  ярих нь зөв байх. Өмнө нь “Оюутолгой” долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам. доллар зарцуулсан” гэсэн байдаг юм. Ингээд Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт хувь эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасныг бүрэн эхээр нь хүргэе.
14.1. Энэхүү гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьсанаас хойш ажлын 60 /жар/ хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ. Талууд энэхүү Гэрээний зүйлийн талаар маргаантай бол энэхүү гэрээний 10.7-д заасны дагуу мэдэгдэл гаргахгүй. 
14.2. Энэхүү гэрээний 14.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй 38 НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ. Арбитрын үйл ажиллагаа дараахь журмаар явагдана. 
14.2.1. Арбитрчийн тоо 3 /гурав/ байх;
14.2.2. Арбитрчдийг НҮБОУХЭЗК-ийн Дүрмийн 7, 8-д заасан журмын дагуу томилох; 
14.2.3. арбитрын ажиллагааг англи хэл дээр явуулах; 
14.2.4. Арбитрын бүрэлдэхүүн Хөрөнгө оруулалтын гэрээг тайлбарлахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэглэх; 
14.2.5. Арбитрын ажиллагааг явуулах газар нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот байх; 
14.2.6. Арбитрын ажиллагааг НҮБОУХЭЗК-ийн дүрмийн дагуу Лондонгийн Олон улсын арбитрын шүүх удирдан явуулах. 
14.3. Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг талууд заавал биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлснээс хойш 30 /гуч/ хоногийн дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий аливаа бусад шүүхэд хүргүүлж болно. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авч биелүүлэх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхээс аливаа хэлбэрээр зайлсхийхгүй байна. 
14.4. Энэхүү гэрээний 14 дүгээр бүлэгт заасан маргаан шийдвэрлэх журам нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд болон түүний хугацаа дууссаны дараа, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгосны дараа энэхүү Гэрээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдсэн үйл ажиллагааны талаар талуудын хооронд гарсан аливаа маргаанд нэгэн адил хамаарна.