Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүний насны босгыг 35 болгох санал тусгагджээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн хэвлүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын танилцуулгын 23 дугаар зүйлийн гуравдугаар заалтад “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг өөрчилж 35 нас болгох тухай дурджээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2016 оны УИХ-ын сонгуулиар 25-35 насны хоёр хүн сонгогдсон. Мөн 36-45 насны 27, 46-гаас дээш насны 47 гишүүн бий. 1990-1992 оны Улсын Бага хуралд 30 нас хүрээгүй 10 депутат байсан бол 1992-2000 оны парламентад 25-35 насны 21 гишүүн сонгогдож байжээ. Түүнээс хойш залуу гишүүдийн тоо буурсаар 2012 оны УИХ-ын сонгуулиар 25-35 насны ганц ч гишүүн сонгогдоогүй тохиолдол бий. Үндсэн хууль батлалцаж явсан депатутын төлөөллөөс УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нэгэнтээ насны босгыг анхнаас нь багаар тогтоосон тухай хэлж байсан бол УИХ-ын гишүүн Л.Болд “Би өөрөө залуудаа УИХ-д сонгогдож байсан. Залуусын төлөөллийг оруулахгүй бол залууст чиглэсэн бодлого, хуулийн зохицуулалт багасдаг” тухай ярьж байлаа. Ерөнхийдөө ахмад УИХ-ын гишүүд насны босгыг арай өндрөөр тогтоох нь зүйтэй гэдэг бол залуу гишүүдийн хувьд насны хязгаар тавих нь зохисгүй гэж байр сууриа илэрхийлдэг. Өнөөгийн парламентын хамгийн залуу гишүүн нь 29 настайдаа УИХ-д сонгогдсон Д.Гантулга. Түүнээс өмнө С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 27, 28 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.