Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улстөрчийг баривчлах шалтгаан болох уу

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайд баталсан тус төслийн далд бүтээн байгуулалтын санхүүжилтийн  төлөвлөгөөг батлахдаа тухайн үеийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг нээсэн. Энэ дагуу Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг баривчилж, улмаар 30 хоногийн хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. 


Тэгвэл өчигдөр дээрх асуудалтай холбогдуулан  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг прокурорын зөвшөөрлөөр саатуулсан байна. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2016 онд Дубайд Оюутолгой төслийн далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж байсан юм. Өмнө нь АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас Монголд ирсэн даруйд нь баривчлах талаараа мэдээлж байлаа. Харин тэрбээр УЕПГ болон АТГ-ын дарга нарт хандан энэ долоо хоногт эх орондоо очиж хуулийн байгууллагад хүндрэл учруулалгүй шалгуулах тухайгаа ил захидлаар мэдэгдээд байсан юм. Тэрбээр даваа гаригт ирсэн бөгөөд өчигдөр нийслэлийн Прокурорын газраас дуудах хуудас ирүүлсний дагуу АТГ-т мэдүүлэг, тайлбар өгөхөөр очсон бөгөөд эндээс хойшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан байна. Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг өнөөдөр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжүүлэн хорих санал хүргүүлэх юм байна. Хэрвээ шүүхээс прокурорын саналыг хүлээж авбал Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой уг асуудалтай холбогдуулан үйл явц сунжирч мэдэх нь. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улстөрчийг баривчлах шалтгаан болох бололтой.