Леброн Жеймсийн төгсөшгүй баримтууд

2007 оны нэгдүгээр сарын 5-нд “Кливлэнд” баг “Милуоки”-той учраа таарахад Гүүдэн маш сайн тоглолт үзүүлэв. Тэрбээр хоёрдугаар хагаст 19 оноо авч, тоглолтыг 30 оноо, 15 самбартай дуусгажээ. Энэ тоглолтод Леброн Жеймс ердөө найман оноо авсан юм. Үүнээс хойш 11 жил хоёр сар 25 хоногийн турш “Хаан” Жеймсээс бид ийм зүйл харсангүй. Тэрбээр 868 тоглолтын турш хамгийн багадаа 10 ба түүнээс дээш оноо авснаар сагсан бөмбөгийн “бурхан” хэмээх домогт Майкл Жорданы 866 тоглолт дараалан үзүүлсэн дээд амжилтыг шинэчлэв. Түүний энэ гайхалтай үзүүлэлтийн талаарх 10 сонирхолтой баримтыг хүргэе.

867-Леброн Жеймсийн хувьд 867 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо авах нь амархан байж болох юм. Гэхдээ бусад тоглогчийн хувьд тийм ч хялбар зүйл биш. Түүний энэ амжилт Бүх оддын тоглолтод сонгогдсон доорх 15 тоглогчтой тэнцүү гээд бодвол. ЛаМаркус Олдриж (84), Яннис Антетоконмпо (82), Карл Энтони Тоунс (75), Стефен Карри (74), Горан Драгич (60), Кайри Өрвинг (58), Крис Пол (57), Клэй Томпсон (56), Жон Уолл (55), Пол Жорж (55), Энтони Дэвис (52), Кемба Уолкер (48), Жимми Батлер (44), Кристапс Порзингис (34), Ол Хорфорд (33).


610-Түүний 257 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо авсан Жеймс Харден нэхэж буй. Гэхдээ Леброн араас нь нэхэж яваа долоон тоглогчийн нийлбэрээс ч илүү амжилтыг хэдийнэ үзүүлчихсэн яваа.


50-Тэрбээр замналынхаа турш 11 удаа 50 ба түүнээс дээш оноог нэг тоглолтод авч байв. Харин ердөө найман удаа ганц оронтой оноо авсан юм. Ийм амжилтыг Майкл Жордан, Уилт Чаймбэрлэн нар л үзүүлжээ.


99.3-Леброн замналынхаа турш нийт тоглолтынхоо 99.3 хувьд нь 10-аас дээш оноо авсан. Түүний ард Кевин Дюрант 98.8 хувиар бичигддэг.


1-Домогт Майкл Жордан “Чикаго Буллз”-ын өмсгөлтэй 1109 тоглолтоос ердөө нэг удаа 10-аас бага оноо авсан гэдэг. 1986 оны гуравдугаар сард баг нь “Кливлэнд”-д хожигдоход Жордан найман оноо авчээ. Үүнээс хойш Майкл 2001 оны арванхоёрдугаар сард “Вашингтон Визардс”-ын бүрэлдэхүүнд байхдаа “Индиана”-гийн эсрэг ердөө зургаан оноо авч байв. Энэ үед Жордан 38 настай байлаа.

 
40-Майкл Жордан 866 тоглолт дараалан 10-аас дээш оноо авахдаа 159 тоглолтод 40-өөс дээш оноо авчээ. Харин 20 оноо авсан тоглолтын тоо нь 78-д хүрч байв. Тэгвэл Жеймс 867 тоглолтын турш 44 удаа 40 ба түүнээс дээш оноо авсан билээ.


71-NBA-ийн “Алдрын танхим”-д бүртгэгдсэн 71 тоглогч замналынхаа турш 867 тоглолтод тоглож үзээгүй байдаг. Үүнд, алдарт Жорж Гервин, Боб Петтит, Элжин Бэйлор, Боб МкАдоо, Пете Маравич нар багтана.

90-Одоо лигт тоглож буй тоглогчдоос 90 хувь нь Жеймсийг хамгийн сүүлд 10-аас бага оноо авах үед лигт тоглож байсангүй. 2007 онд Лебронтой хамт тоглож байсан багийн бүрэлдэхүүнээс нэг ч тоглогч лигт үлдээгүй байна. 

1029-Хэрвээ Леброн 2007 онд дээрх тоглолтод найман оноо аваагүй бол энэ цуврал хэдийнэ 1000 давах байсан аж. Үүнээс өмнө 161 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо аваад байжээ. 

2-Леброн хасагдах шатны хоёр л тоглолтод 10 ба түүнээс бага оноо авчээ. Тэрбээр 2014 оны Дорнод бүсийн аварга шалгаруулах цуврал тав дахь тоглолт “Индиана”-гийн эсрэг долоон оноо авсан. Харин 2011 оны NBA-ийн шигшээ цувралын дөрөв дэх тоглолт “Даллас Маверикс”-ын эсрэг найман оноо авсан удаатай. Энэ тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед Жеймс нэг ч оноо аваагүй, ердөө ганц л шидэлт гүйцэтгэсэн билээ.