Л.Бөхболд: Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх шаардлагатай

Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.БӨХБОЛДтой ярилцлаа.

-Диспетчерийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагааг товчхон тайлбарлахаас ярилцлагаа эхлэх үү?
-Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүч импортлох, экспортлох, эрчим хүчний диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Эрчим хүчний тухай хуульд “Диспетчерийн зохицуулалт” гэж  диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хуульд заагдсан үйлдвэрлэл хэрэглээг тэнцвэржүүлнэ гэдэг нь эрчим хүчний сүлжээний үйл ажиллагаагаа тасралтгүй, найдвартай явуулах гол онцлогийг хуульчилж өгсөн гэж ойлгож болно.
-Үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлнэ гэдгийг манай уншигчдад тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?
-Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ зэрэг явагддаг онцлогтой. Одоогоор эрчим хүчний системд хуримтлуур байхгүй учраас бусад бараа бүтээгдэхүүн шиг нөөцлөх, дараа нь хэрэглэх боломж байхгүй. Гадны орнуудад нөөцлөх технологи бий ч хэт өндөр үнэтэй байна. Иймд эрчим  хүчний үйлдвэр буюу цахилгаан станцуудын  үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг хэрэглэгчдийн хэрэглэж буй цахилгаан эрчим хүчтэй тасралтгүйгээр тэнцвэржүүлж, зохицуулалт хийж ажиллахыг хэлж байгаа юм. Энэ нь эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааны гол суурь болдог. Энэ тэнцвэрт байдал алдагдвал хэрэглэгчдийг хязгаарлахаас эхлээд системийн ажиллагаа доголдож эхэлдэг. Тиймээс бид цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлөвлөлт хийж, түүндээ үндэслэн эх үүсвэрүүдийнхээ үйлдвэрлэх хэмжээ болон импортоор авах эрчим хүчний хэмжээг  тогтоож  өгдөг. Товчоор хэлбэл, эрчим хүчний хэрэглээний төлөвлөлт хийж түүндээ тохирсон эрчим хүчний үйлдвэрлэлийн технологийн процесс тогтоож хэрэгжүүлэхийг диспетчерийн зохицуулалт гэж нэрлээд байгаа юм. Тухайлбал, энэ онд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 6.2 тэрбум кВт.ц байх ба үүний 95.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, 4.7 хувийг ОХУ-аас импортоор хангаж ажиллах тооцоо гаргаад байна.
-Диспетчерийн зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?
-Диспетчерийн үндэсний төв нь өдөр тутмын хэрэглээнийхээ төлөвлөлтийг урьд өдөр нь хийж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоож, ОХУ-аас импортоор авах эрчим хүчний захиалгаа өгдөг. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 МВт, хамгийн бага нь 560 МВт орчим байгаа бөгөөд 300 орчим МВт-ын зөрүүтэй байна. Ийм хэмжээгээр цахилгааны үйлдвэрлэлийг ихэсгэж, багасгах  тохируулга хийж байна.
-Эрчим хүчний горим тохируулгыг хаана, хэрхэн хийдэг вэ? 
-Манай улсын хамгийн том цахилгаан станц болох IV цахилгаан станц болон ОХУ-аас авч байгаа импортын цахилгаан эрчим хүчээр гол тохируулгыг хийж байна. Ер нь дулааны цахилгаан станц нь тохируулгын эх үүсвэр биш. Эдийн засгийн үр ашиг муутай, тухайн станцын үндсэн тоноглол элэгдэх, насжилтад муугаар нөлөөлөх үр дагавартайгаас гадна дулааны цахилгаан станц зохицуулалтын хурд муутай тул импортын эрчим хүчээр тохируулга хийгээд араас хөөх маягаар ДЦС-4 дээрээ горимын тохируулга хийж байна.  Цахилгаан эрчим хүчний горимын тохируулгыг усан цахилгаан станц болон  усан цэнэгт цахилгаан станц, хийн станцаар  хийх нь хамгийн оновчтой байдаг. Эдгээр эх үүсвэрийг бий болгох нь манай  улсын эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Мөн ОХУ-аас 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар цахилгаан эрчим хүч импортлон авч горимын тохируулга хийж байгаа боловч энэ шугамаар авч болох чадлын дээд хэмжээ нь 245 МВт байна. Үүнээс илүү авах нөхцөл үүсвэл хэрэглээгээ хязгаарлах ёстой гэсэн үг.
-Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний асуудал хөндөгдөх болсон. Энэ нь системийн горим ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар “Клин энержи” ХХК-ийн Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймгийн “Солар повер интернэйшнл” ХХК-ын болон Сонгино хайрхан дүүргийн “Эвридэй ферм” ХХК-ийн тус бүр 10 МВт-ын нарны цахилгаан станц, “Клин энержи ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын салхин цахилгаан станц ногоон эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээж байна. Нийт чадал нь 120 МВт. Дээрээс нь энэ ондоо 55 МВт-ын Сайншандын салхин цахилгаан станц, нийлбэр чадал нь 140 МВт-ын таван нарны станцыг ашиглалтад оруулахаар байна. Нар, салхины эх үүсвэрүүдийн эрчим хүч үйлдвэрлэл нь байгаль цаг уураас хамаараад тогтворгүй байдаг нь тодорхой хэмжээний зохицуулалтын хүндрэл үүсгэж байгаа юм. Урьд нь зөвхөн хэрэглээний өөрчлөлтөөс шалтгаалан зохицуулалт хийдэг байсан бол одоо сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа чадлын хэлбэлзлээс  шалтгаалсан горимын  тохируулга хийж байгаа нь манай эрчим хүчний системийн хувьд шинэ зүйл бөгөөд урьд өмнөхөөс илүү тооцоо судалгаа, ур чадвар, хариуцлага шаардаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн шингээх чадвар ямар хэмжээнд байгаа бол? 
-Улс орнууд эрчим хүчний системийнхээ аюулгүй нөөц, тогтвортой үйл ажиллагааг харгалзан тухайн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хэдий хэмжээгээр оруулах вэ гэдгийг тогтоосон байдаг.  Энэ нь тухайн улсын эрчим хүчний системийн нийт чадал, тохируулга хийх эх үүсвэрийн хүчин чадлаас хамаараад өөр өөр байдаг. Манай улсын эрчим хүчний системийн хувьд усан цахилгаан станц, усан цэнэгт станц, хийн станц зэрэг тохируулга хийх эх үүсвэр байхгүй, импортын цахилгаанаар горимын тохируулга хийж байгаа өнөөгийн нөхцөлд системийнхээ аюулгүй байдлыг харгалзан сэргээгдэх эрчим хүчийг зохистой харилцаагаар хөгжүүлэх ёстой. Би түрүүнд дулааны цахилгаан станц зохицуулалтын хурд муутай тул импортын эрчим хүчээр тохируулга хийдэг тухай дурдсан. Дээр нь манай системд ажиллаж буй хамгийн том станц дээр нэг үндсэн тоноглол зогслоо гэхэд хэрэглэгчдийг таслахгүйгээр зохицуулалт хийгээд явах аюулгүйн нөөцтэй байх ёстой.  Одоогийн байдлаар ДЦС-4 болон   импортын цахилгаан эрчим хүчээр  240 орчим МВт хүчин чадлыг  тохируулаад явах техникийн бололцоо бий. Үүнээс илүү чадлын нар, салхины эх үүсвэрүүд системд холбогдвол хэрэглэгчдээ тасалж тохируулга хийх нөхцөл үүснэ. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байна гээд хэрэглэгчдээ таслах, хязгаарлаж болохгүй. Иймд  зохистой харьцаагаар хөгжүүлэхийн тулд эрх зүйн өөрчлөлт хийх шаардлага тулгараад байгааг салбарын инженер,техникийн ажилтнууд хэлэх болсон. 
-Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Манай улс нар, салхины асар их нөөцтэй. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарал тавьж байгаа энэ үед манай улс ч хоцрох ёсгүй. Манай улсын эрчим хүчний хөгжлийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч байна гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү өнөөдрийн цаг зуурын хүндрэлийг даван туулахын тулд мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, нөөцлүүр, зай хураагууртай хослон ашиглах боломжийг судлан зохистой харьцаагаар хөгжүүлэх, эрх зүйн өөрчлөлт хийх, олгогдсон олон тусгай зөвшөөрлийг цэгцлэх, шаардлагатай экспортын чиглэлээр хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.