Эрсдэл үүрч, элдүүр дааж сургасан тэртээх он жилүүд

Хагас зуун гэдэг хүний амьдралын багагүй хугацаа боловч хорвоогийн настай зүйрлэхэд  хормын төдийд ч дүйцэж эс чадах. Эдүгээ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт үр хүүхэд, ач зээ нараа тойруулан аж төрөн суугаа өндөр настан миний бие хорин хэдхэн настай буриад басган байхдаа эмч мэргэжил эзэмшиж, хүзүүн дээгүүрээ чагнуур тохоод хүн зоны дунд орж хутгалдаж эхэлсэн цагаас хойш өдий хугацаа өнгөрчээ.

Орон даяар өрнөсөн соёлын довтолгооны ид гал дунд эмчийн диплом өвөрлөсөн нөхдийнхөө л адил  ажлын гараагаа эхэлсэн  хүн л дээ. 1968 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөөд төрөлх нутгийн зүг хүлгийн жолоо залж, Хэнтий аймгийн Норовлин, Батширээт суманд хүний их эмчийн салбарын эрхлэгч,  аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч, аймагтаа эмийн бус  эмчилгээний  тасаг байгуулж, хөдөө орон нутагт 15 жил ажилласан даа. Норовлинд шан татсан анхны  гараа маань зөвхөн үзлэг үйлчилгээ биш, хүүхдийг хөхөөр тэжээх, өдөр бүр усанд оруулах гээд одоо бол хэний ч хийчих мэдээжийн урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа, наад захын шаардлагыг гол болгож ажлаа барьж авч байсан. Орон даяар соёлжилтын хөдөлгөөн өрнөж байсан үед лхагва гаригийн эмнэлэг гэгээрлийн ажлаар айл өрхөөр явж айл өрх бүрийг хүний тоогоор ор хөнжил, 2-3 ээлжийн даавуутай болгох гэж үзэж тарж, тэр бүхнээ биелүүлэхээр бараг л орон гэрээ мартан зүтгэж эхэлсэн хэнээтний нэг гэж хэлж болно. Тэгээд ч ажлын үр дүн гарсанд урамшиж байлаа. Эхчүүдийн амралтын танхимтай болгож, жирэмсэн эхчүүдийг амаржихаас нь  сарын өмнө урьж авчирч эмчийн зөвлөгөө өгч, хөхөө хэрхэн арчлах, хүүхдээ яаж арчилж асрах соёлжилтын хичээлийг сумын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран явуулж, эх бүрийг эмчийн хяналтад байлгаж амаржуулаад долоо хоногийн дараа дахин эхийн амралтад 21 хонуулаад гэрт нь хүргэж өгдөг байв.  
Ажлын гараа муугүй, амьтны ам ч наашаа байсан санагдана.   Гэтэл үйлийн үр нь хөтөлсөн үү, амьдралын аяс ч  тэгэж таарав уу, цаашдын ажил алхмууд маань хойно хойноосоо дагалдсан хатуу сорилтоос тойроогүй. Тэгээд өнөөдөр би энэ бүхнээсээ цөөнийг дурдвал өнөөгийн залуу эмч мэргэжилтнүүдэд  авах гээхийн ухаанаар хандах юм байх болов уу гэсэндээ үзэг цаас холбож сууна. Энэ бол аль хагас зууны тэртээх хөдөөгийн амьдралын жаргал зовлонг тоочсон, огтхон нэмж хасаагүй дурсамж шүү. Тэр үеийн хөдөө өнөөгийнхөөс  тэнгэр газрын  зөрүүтэй, өнөөдөр бол энэ цагийн хөгжсөн, техникжсэн, цахилгаанжсан шинэ хөдөө нутаг залуус та бүхнийг тосч хүлээж байгаа гэдгийг сануулъя. Норовлингоос 70 км зайтай Бүрэнхааны модны үйлдвэрт 1972 онд осол гарч  хүмүүс нь ухаангүй байна гэсэн дуудлага ирлээ. Очиход үйлдвэрийн дарга Цэмбэлдож тархины хүнд гэмтэлтэй, хоёр нүд нь юм харахгүй болж, чихнээс нь цус гарч байв. Ойн яамны ажилтан Дэмбэрэл гэдэг хүн тархины суурь ясны гэмтэлтэй, ухаангүй байсан. Мэдэх чадах бүхнээ шавхан бололцоотой бүхнийг хэрэгжүүлж, 24 цагийн турш эмчилсний  дүнд тэр хоёр маань ухаан орж эхэллээ. Нийслэлээс нисдэг тэргээр мэдрэлийн мэс заслын эмч нар ирж, үзээд миний чармайлт, анхны тусламж зөв байсныг үнэлээд өвчтөнүүдийг онгоцоор авч явсан. Хожим сонсоход хоёр хүн маань сайн сайхан  эдгэрч хагас жил, жилийн дараа ажил төрөлдөө эргэн орцгоосон сураг дуулдсанд би өөрийн эрхгүй баярлаж билээ.
1973 онд би уугуул нутаг Батширээт сумандаа шилжин очиж  салбарын эрхлэгчээр ажилласан л даа. Нутагт маань модны үйлдвэртэй, сумын нийт хүн ам  3000 давсан, өвчлөл ихтэй, эхийн эндэгдэл гарсан, ер нь л миний хувьд ажлын ачаалал урьдахаас  давсан уу гэхээс дундарсангүй. Ядаж би очсон жилээ жирэмсэн байдаг. Аравдугаар сард амралтаа аваад явах гэж завдтал Ононгийн цаад биеэс амаржих эхийн дуудлага ирлээ. Эх баригч эмчээ явуултал жирэмсний хордлоготой ухаан  алдсан байна, та яаралтай ирээч гэж бичээд жолоочоо буцаасан байв. Явсан чинь Онон гол үертэй, эрэг рүү ойртохын аргагүй улаанаар эргэж байна. Нөгөө  жолооч  булиа том залуу чинь харин давхар биетэй дал наян кило масстай намайг бүр хүүхэд шиг тэвэрч аваад завинд суулгаж хөдөлдөг юм байна. Үерт  урссан том моднууд завийг маань ирж мөргөж хөмрүүлчих гээд арай ядан эрэг дээр гарч очтол мотоциклтон хүлээж байлаа. Нийслэлээс ирсэн бие давхар 18 настай сурагч охин урьд шөнө нь орноосоо унаж ухаан алдсан байв. Үзэхэд ураг амьгүй, эх даралт ихтэй, маш их хавантай, ухаангүй байв. Дор нь арга хэмжээ авч, даралтыг буулгаж ухаан оруулж аваад эмчилгээг үргэлжлүүлсэн. Аймгаас нойрсуулагч эмч, Биндэрийн сум дундын эмнэлгээс мэс заслын эмч, донор яаралтай ирүүлэх хэл залгуулахыг хүсч сумын холбоонд бичиг явуулав. Энэ завсар дүнзэн байшингийн ханыг цуу ямбуугаар доторлуулж, шалыг модыг нь гартал угаалгаж бригадын мужаануудаар мэс заслын ширээ бэлтгүүлж амжив. Ингээд маргааш нь аймгаас онгоцоор Чантуу эмч, Биндэрээс Загдаа эмч, мэс заслын сувилагч, донор Дашцэрэн нар ирж кесерво ажиллагаа хийж эхийн амийг аварсан даа. Одоо тэр ээж нийслэлд эрүүл саруул аж төрж байгаа гэсэн. Би өөрөө эрүүл саруул амаржиж үрийн зулай үнэрлэж баяр хөөртэй золгосон ч барцад бас л дутуу байсан юм болов уу, дараа жил нь алсын дуудлагад явж байгаад гүн жалга харайлгаж, зүүн хөлөө хоёр хэсэг газар гэмтээсэн ч өвчтэй хүндээ тусламжаа үзүүлээд өөрөө өөрийгөө аргалсан болоод өнгөрч байлаа.


Огт санаандгүй, бүр төсөөлөхийн  аргагүй хүнд сорилт өмнө маань тулж  ирээд байсныг тэр үед хэн яаж таахсан билээ дээ. 1974 оны  долдугаар сарын 22-ны тэр өдрийг би огт мартдаггүй юм. Тэгэхэд би сумын урлагийн бригадынхантай хамт ээлжит үзлэгээ хийхээр Эг, Барх, Хурх бригадын төвд шөнө ирж хоносон. Өглөө нь тоглолтын дараа үзлэг үйлчилгээгээ амжуулаад  Хурхын хойд бие гарч майхнаа босгож байтал Биндэрийн овоон дээгүүр бөөн хар үүл гарч ирэн цахилгаан цахиж эхэллээ. Гэнэт үүлнээс доошоо бөөн хар юм унжиж шороо босгоод бас тэндээс сүүл шиг нэг хар юм үүл рүү харваснаа дахин унжиж тоос босгож зүүн тийшээ дөрвөлжин цагаан юм болоод аажуухан шилжиж бригадын төв хавьцаа очив уу гэхийн үед дахин газраас бөөн шороо тоос манарч тэнд яалтчгүй аюул нүүрлэсэн нь  тодорхой болов. Удалгүй морьтой хүн давхиж ирээд, “Эмч яаралтай хэрэгтэй байна, бригадын төвд аюул болсон” гэсэн. Би ч яаран өмссөн хувцастайгаа машинд сууж клубын эрхлэгч Гантөмөр, жолооч Оюун нартай очлоо. Бидний урдаас зарим нь сүү цайгаа өргөж байна, зарим нь амь авраач гээд мөргөж байна. Хиншүү хярвас, цус нөж үнэртэж, энд тэнд үхсэн хүн, нохой, морь мал, суугаагаараа ч дух нь цоороод амь тавьсан хүн, уяатайгаа үхсэн морь гээд яг л кинон дээр хардаг дайн болж, бөмбөгдүүлсэн нүд халтирам дүр зураг нүдэнд тусав. Долгор багшийн дөрөвдүгээр ангийн хүүгийн тархины ясыг хөрөөдөөд авсан шиг уураг тархи нь ил бумбалзаж байв. Кордамин нэг ампулыг хийлгэсэн төдий болоод л амьсгал хураасан даа. Нас ная дөхөж очсон Гүнсэл гуайн зургаан хавирга хугарсан, амьсгал авч чадахгүй, ухаан нь орж гарч байлаа. Тариа хийж байж ухаан оруулаад айл руу зөөж хэвтүүлэхэд Багшийн дээдийн орос хэлний багш Цэвэлмаа тэнд цээж нь битүү цохигдсон, хөл нь   хугарсан байлаа. Аймаг руу яаралтай холбоо барих, Биндэр сумын эмнэлгээс эмч ирүүлэх үүрэг давхар хавсаргаж Цэвэлмаа багшийг машинаараа Биндэрийн эмнэлэгт хүргүүлэв.
Ганцаараа үлдээд хүмүүсийг үзэж эм тариагаа хийж явахад нөгөө айж цочирдсон балмагдсан хүмүүсээс над руу ирж тусалсан хүн байгаагүй.  Харин ашгүй улсын аварга малчин Р.Дорж гуай морин тэрэгтэй хүрч ирэв. Эднийх бригадын төвөөс хориод км-ийн зайтай зусч байсан айл. “Бригадын төв орчмоор тоос босоод байсан, борооны дараа дурандахад төвийн байшингууд харагдахгүй болохоор нь хүрч ирлээ” гээд шогширч байв. Гэмтэж бэртсэн хүмүүсийг Дорж гуайтайгаа хамт морин тэргээр зөөж таван айлд хуваарилж хэвтүүлээд эм тариагаа хийсээр байтал харанхуй боллоо. Бид хоёр бас өдөр нас барсан 13 хүний цогцсыг цуглуулж айлын пинг гуйж оруулав. Орой үнээ мал нь ирж үхсэн тугалаа харж мөөрөлдөөд, отрын айлуудаа эргэж явсан бригадын дарга, агент, жолооч гэсэн хүмүүс шөнө хүрч ирэхдээ гэрийнхэн нь бүгд нас барсныг хараад зарим нь амиа хорлоно гэж хүртэл айлгаад, эрүүл өвчтэй тэр хүмүүсийг шөнөжин аргадаж арчилж эмчилсээр бид цурам хийлгүй үүр цайлгаж билээ. Биндэр рүү явуулсан машин эмчгүй ирсэн ч харин аймгийн холбоо руу хэл хүргэсэн байв. Маргааш нь аймгийн дарга Баатар, ЭХГ-ын дарга Дамдинсүрэн нар аймгаас мэс заслын эмчтэй ирсэн. Оройхон Улаанбаатараас гэмтлийн эмч сувилагч нар нисдэг тэргээр ирсэн. Мөн төвөөс дэслэгч генерал Бүдрагчаагаар ахлуулсан онцгой комиссынхон хүрэлцэн ирсэн. Майхан сууц босгож өвчтэй хүмүүсээ айлуудаас зөөж тэндээ авчирч эм тариа дусал хийж нэг хонуулаад гар хөл нь хугарч толгой нь доргисон, арьс нь түлэгдсэн, эсвэл түлэгдэл доргилт хавсарсан зургаан хүнийг хотын гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлж, арай гайгүй гэсэн бусад таван өвчтнийг сумын эмнэлэгтээ авч хэвтүүлэв. Онцгой комисын дарга Биндэрээс эмч дуудаж цогцсуудыг цэвэрлүүлж байлаа. Хагас өвчтнөө сум руу, хагасыг нь нийслэл рүү явуулаад  сая нэг ухаан орж санахад  би хоёр хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй, унтах бүү хэл суугаачгүй, айсандаа болоод даарсан  өлссөнөө ч мэддэггүй юм билээ. Улсаас анхаарч, орон гэргүй болсон 15 айлд  Онцгой комиссоос бүрэн хэрэглэлтэй гэр өгч, нас барсан 13 хүнийг ёс төртэй оршуулалцсан даа. 
Өнөөдөр бодоход ийм аюултай үзэгдэл урьд өмнө болж байгаагүй,   түүнээс хойш бараг хагас зууны нүүр үзэхэд ч хаа нэгтээ  тохиогоогүй болов уу. Барцад мундах биш, хойтон нь аймаг руу АН-2 онгоцоор өвчтөн хүргэж яваад онгоц унаж 15 хүн явснаас хоёр нь хөнгөн бэртэж би нуруу нугасны гэмтэл авснаас таван жилийн дараа хоёр хөл суларч хэвтэрт ороод аймагтаа хоёр сар, нийслэлд мэдрэлийн мэс заслын тасагт хэвтээд ч дээрдэхгүй, умард хөршийг зорьж Москва хотын Боткины эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хөл дээрээ боссон.   Хөдөөгийн эмчийн өдөр тутмын ажил үйлст тохиох алив бэрхшээл, санаандгүй бүхнийг тоочоод байвал баршгүй. 1975 онд Асралжав ээжийн долоон сартай дутуу төрөлт бас л ховор тохиолд орно. Хүүхдийн өрөөсөн гар нь гарч үхжиж цэврүү үүссэн, эх нь цааш оруулах гэж оролдсон, базалт ихтэй байв. Ургийн зүрх цохилж байгаа ийм тохиолдолд кесерво хийхээс өөр заалтгүйн улмаас аргаа барахдаа мэс заслын эмч, сувилагч, донор авчруулахаар нөгөө л Биндэрийн сум дундын эмнэлэг рүүгээ Цуваа зургаа машин зүтгүүллээ. Тэр  хооронд базлалт зогсоох эм тариа хэрэглэсэн ч зовиур огт зогсохгүй, номоо сөхөхөд базлалт ихтэй бол умай задарч цус алдснаас эх эндэнэ гэснийг уншаад эхийн эндэгдэл гаргаж шоронд орох нь гэх холгүй үймэрч бухимсч байтал хоёр цаг маш хүчтэй базалсны эцэст дутуу хүүхэд  дундуураа нугаларч  гарсан тохиол таарч байсан. Машины хурдаар давхиж ирсэн Биндэрийн эмч нар ингээд гарчихлаа гэхийг дуулаад ухаангүй баярлаж байж билээ. Хойтон жил нь дээ, Дэлгэр гэдэг малчин эмэгтэй орой ажил тарснаас хойш дуудлага өгөхөд нь очиж үзлээ. Умайн гадуурх жирэмсэн гэдэг онош тавиад маргааш өглөө эрт онгоцоор эмэгтэйчүүдийн эмч ирүүл гэж аймагтай холбоо барьтал “Хэрэв онош зөрвөл онгоцны ирэх очих зардлыг төлүүлнэ шүү” гэж аймгийн ерөнхий эмч сүрдүүлж байна. Онош ч зөрөөгүй л дээ, дуудлага өгсөн маань зөвдсөн. Ийм л хариуцлагатай үе байлаа шүү дээ. Бас тэр жил л дээ, Лоошир гэдэг хүн хөдөө машин дотроо нас барсан байна гэсэн дуудлагаар очиж үзэхэд тэр хүн суугаагаараа нас бараад хэдийн хөшсөн байв. Аймгаас задлангийн эмч дуудаж задлан хийлгэхэд уг хүн бөөлжиж цагаан мөгөөрсөн хоолойн хоёр салаа руу нь мах орж хоёр уушгийг бөглөснөөс нас эцэслэснийг тогтоосон гээд ховор гэвэл ховор, аюултай, аймшиг дагуулсан, тэр бүр тохиогоод байдаггүй сонин хачин учралууд намайг хөдөө ажиллаж байсан он жилүүдэд болж өнгөрснийг дурдахад өөрийгөө магтсан  болохгүй болов уу.
Эмч болж тангараг өргөсөн цагаас бүхнийг хүн ардын эрүүл энхийн төлөө гэсээр ихэнхдээ өөрийн гэр орон үр хүүхэд, амь амьдралаа умартаж ирсэн санагддаг.  Дуудлага ирэхийг хүлээж суухгүй, хуваарь гарган сууриудаар явж шаардлагатай хүмүүсийг хяналтдаа авч ажилласан маань гол үр дүнгээ өгсөн дөө. Сумандаа ингэж гурван жил ажиллахад дээрх бүх сонин учрал, асар их ачааллаас болж заримдаа  бараг солиорох нь холгүй байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Харин энэ бүхнийг ч харж үзсэн биз, нөгөө талаар ажлын үр дүнг маань харгалзаж аймгийн намын хорооны шийдвэр гарч намайг аймгийн төвд татаж 1976 оноос эмнэлэг эрхэлсэн орлогчоор ажиллуулсан юм. Тэглээ гээд ажил хөнгөрсөн юмгүй, шөнөжин утсаар ярьж хонох тохиолдол ч гарч байлаа. 1977 онд физик, биеийн тамирын эмчилгээний гурван сарын дамжаа дүүргээд, аймгийнхаа тухайн чиглэлийн кабинетыг тасаг болгон өргөтгөж гэрэл, цахилгаан, биеийн тамир, иллэг, тосон эмчилгээний кабинетууд ажиллуулж, Хэрлэн голын эрэгт нар, ус, агаар, элсээр чийрэгжүүлэх кабинет байгуулж ажиллуулсан. 1978 онд Баянхонгор аймагт болсон эмийн бус эмчилгээний анхдугаар симпиозумд оролцож ирээд гавьяат эмч Сарайдамбын туршлагыг ажилдаа авч нэвтрүүлсэн. Бас БНПАУ-ын Варшав, Блесток хотуудад туршилга судалж ирснээр грунтотерапи, сэтгэл заслын панорам, капиталины ширээ, ЗХУ-ын Боткины эмнэлгийн жишгээр ширээн дээрх татлага, профессор Ф. Ромашков, М,Фролов  нарын туршилгаар сөрөг өнцгөөр хийх дасгал зэрэг газар газрын 20-иод тэргүүн туршилгыг тасагтаа авч нэвтрүүлснээр эмчилгээ үйлчилгээнд  тодорхой ахиц гарч олны талархал сайшаал хүлээх болсныг “Үнэн” сонин, орон нутгийн “Урагшаа” зэрэг сонин хэвлэлүүдэд удаа дараа бичигдэж зураг хөрөгтэйгөө тавигдаж байлаа. Хажуугаар нь хөдөлмөрчдөд эрүүл энх аж төрөх зөвлөгөө болгож “Эрүүл мэнд” сэтгүүл, “Урагшаа” сонинд 10 гаруй өгүүлэл сурталчилгаа нийтлүүлж “Нөхөн сэргээх эмчилгээ” гэсэн товхимол  хэвлүүлж олны  хүртээл болгосон. 1981 онд сэргээн засах эмчилгээгээр мэргэжил дээшлүүлэх гурван сарын дамжаа төгсөөд тасагтаа бас л хэд хэдэн дэвшил авчирсан гээд түүх яривал  миний хөдөөний эмчийн ажил амьдралын талаар багагүй  зүйл нуршиж болно.  
Тэртээ он жилүүд бол Монголд сэргээн засах эмчилгээ өндөр авсан цаг үе байсан гэж хэлж болно. Энэ ажлыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход манай байгууллагын гаргасан хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байх, 1983 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч  эмийн бус эмчилгээний хоёрдугаар симпозиумыг улсаас зохион байгуулж Хэнтий аймагт хийлгэсэн. 1985 оноос манай  гэр бүл хөдөөний  хаягаа сольж  хотын айл боллоо. Миний бие  улсынхаа хамгийн том эмнэлгийн хаяа түшсэн төдийгүй тушаал дэвшиж УКТЭ-ийн сэргээн засах тасгийн эрхлэгчийн өндөр хариуцлагатай албанд зүтгэх болж,  тэгэхдээ бүр тухайн цаг үед манай мэргэжлийн түүчээ нь болж шүтэгдэж, улс даяар нэр нь цууриатаж байсан Д.Должин-Очир багшийнхаа хажууд ирсэн маань миний хувьд ховорхон тохиох аз завшаан байлаа. Ажиллахад ч урамтай санагдсан. Багшийнхаа хамт хөөцөлдөж байж ЭХЯ-ны сайдын тушаал гаргуулан хануур эмчилгээ хийхийг зөвшөөрүүлж чадсанаар долоо хоногийн гурван өдөр уг эмчилгээг явуулахаар тохиролцож, тэгэхдээ эмчлүүлэгчдийг ажлаа хийгээд эмчилгээгээ хийлгэх боломж  олгох зорилгоор тасгаа өглөөний 8.30-аас орой 19.30 хүртэл уртасгасан цагаар ажиллуулсан маань хүмүүсийн санаа сэтгэлд нийцэж, эмчилгээ маань ч үр дүнгээ өгч эхэлсэн. Монголын радио,телевизээр манай үйл ажиллагааг орон даяар сурталчилж, “Үнэн”, “Хөдөлмөр” зэрэг төвийн хэвлэлүүдэд зураг хөрөгтэйгээ тавигдаж эхлэв. Үйл ажиллагааны маань энэ нааштай дуулиан хилийн чанад дахь анд нөхдийн анхааралд өртөж тэд бидний туршилгыг сонирхож эхэлсэн. Ингээд манай эмнэлэг, Буриадын Улаан-Үд хотын эмнэлгийн хооронд 1991 онд байгуулсан эмнэлэг хоорондын гэрээгээр миний бие Буриадын Улаан-Үд, Хоринск, Загребск районуудын эмнэлгүүдэд уригдан хоёр сар ажиллаж хануур самнуур, алтан мутрын эмчилгээг 1100 гаруй хүнд хийж үйлчилснээр өөрийн эмнэлэгт хоёр сая гаруй төгрөгийн багаж, эмнэлгийн хэрэгсэл авчирч хүлээлгэж өгч байсан түүх бий.
Болно, чадна, хийе, бүтээе гэж хэчнээн хүчлэн зүтгэвч бие гүйцэхээ больдог цаг эмч хүнд ирдэг юм билээ. Нэг л мэдэхэд бие маань ёстой “намх” болсон байсан. Өөрийгөө бодохгүй зүтгэсэн миний буруу ч байгаа л биз. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хэчнээн удаа аюул эрсдэлтэй тулгарч байснаа дээр өгүүлсэн дээ. Тэгтэл эмчийн тангараг өргөснөөс яг 21 жилийн дараа элэгний хорт хавдартай гэсэн онош тавиулдаг юм байна. Бээжин хотод очиж элэгнийхээ 30 хувийг тайрууллаа, дэлүүгээ авахуулаад эмчийн хяналтад орсоор 10 жил болж байна. Мэргэжил маань хэчнээн сайхан ч биендээ арч муутай над шиг хүнд ийм үр дагавар авчирсан байхыг үгүйсгэхгүй. Сэргээн засахын эмч хүний гол зэвсэг нь чагнуур биш, харин гар нь байдаг юм шүү дээ. Тэгээд тэр олон жил төчнөөн олон янзын өвчин зовлонтой хүмүүсийн биетэй улаан гараараа ноцолдож байгаа юм чинь дээрх уршиг дагавар бол байх л зүйл биз. Ингээд  урьдын Дарийм эмч одоо өөрөө энд тэндхийн эмч нарын хяналтад данстай хүн болоод  явж байна. Эм тариа хоёроор “хооллолоо” гээд би гутардаггүй. Тэтгэвэрт 1992 онд гарсан ч мэргэжил минь юунд тэтгэвэрт суухав! Хааяа эмнэлэгт хэвтэхдээ хэвтээд , эмч нарын байнгын хараа хяналтад байх зуураа нөгөө л хануур самнуур, алтан мутрын иллэг, рейк эмчилгээгээ хийж оролдож л явна. Олны ам сайн байдаг нь над их хүч өгдөг, хамгийн том шагнал бол чухамдаа энэ билээ. Гарт баригдахгүй тэр шагналыг төрөөс  биелүүлж биежүүлж тэртээ социализмын үед энгэрт маань Хөдөлмөрийн хүндэт медаль зүүж өгч, гэрийн хоймрыг өчнөөн үнэмлэх, жуух  тэргүүтнээр дүүргэсэн бол өнөөдөр ардчиллын өнгөнд  харин хавь ойрынхны хүсэлт, хороо дүүргийн өргөмжлөлөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болж  энгэрт минь ирж гялалзлаа. Гавьяатад тодорхойлсон юм гэсэн, тэр гавьяат гэдэг нь тэтгэврийн хөгшинд тийм ойр зүйл биш байх л даа. Нас ахисан үед ийм сайхан одон энгэртээ зүүгээд хөгшин би их л баярлаж сууна.  Зүгээр харин жаахан наргиа болгож хэлэхэд, бидний үеийнхэн яльгүй эрт төрчихжээ дээ. Ид үзэж тарж байсан нөгөө залуу нас маань энэ шинэ нийгмийн үед тохиосон бол доо, бидний хэний маань ч энгэрт ямар гээчийн хурц содон өнгөтэй хэчнээн од мич хэд ирж гялалзах байсныг таашгүй. Ингээд төр засагтаа баярлалаа, төрийн нүд, чих болж түмний дундаас намайг олж сонгож төрийн сонорт хүргэсэн харъяа дүүрэг, хороо, түмний төлөөлөл болсон хурлынхандаа баярласан гялайснаа ахин дахин илэрхийлье. Энэ баярыг маань хамгийн түрүүнд надтай хуваалцсан хүмүүс бол хагас зууны өмнө хамт эмчийн диплом өвөрлөж тангараг өргөсөн ангийнхан маань байлаа. Өнөөдөр харин би ангийнхаа хэдэн хөгшчүүлд эмчийн тангараг өргөснийхөө 50 жилийн баярын мэнд дэвшүүлж хүн бүхэнд урт нас, удаан жаргал, буян өлзий бүхний дээдийн өлзийтэй ерөөл өргөе дөө.
Хүний их эмч, өндөр настан Баатарын Дарийм
Улаанбаатар. 2018 оны дөрөвдүгээр сар