Химийн зэвсгийн халдлагад өртсөн хүмүүсийн хариуцлагыг Иран, ОХУ хүлээх ёстой гэв

Сирийн Хомс хотын ойролцоох “Т-4”  хэмээх цэргийн зориулалттай  нисэх буудлын орчимд пуужин унаж,  олон хүн амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  энэ үйл явдлын талаар “Сирийн армийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем “Т-4” нисэх буудал руу харвасан пуужингуудыг замд нь устгалаа. Нийт найман пуужин устгасан. Пуужингийн хэлтэрхийнүүд онгоцны буудлын ойр орчимд унаснаас энгийн  иргэдийн  амь нас үрэгдэж, гэмтэж бэртсэн” гэж мэдээлжээ. Пуужинг чухам хаанаас харвасан,  хэчнээн хүн амиа алдсан болон бэртэж, гэмтсэнийг нь тогтоогоогүй байгаа аж. Ливаны “Аль Маядин” сувгийн мэдээлснээс үзвэл пуужингуудыг Газар дундын тэнгис, Ливаны Кисерван мужийн орчмоос харвасан байх магадлалтай юм байна.  Харин Сирийн “SANA” агентлаг АНУ-ын Зэвсэгт хүчин цохилт өгсөн гэж мэдээлжээ. Сирийн цэргийн байгууламжууд руу хэд хэдэн удаа халдсан Израиль Улсыг пуужингийн цохилт өгсөн байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаад буй ч одоогоор нотолгоо байхгүй байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Сирид ажиллагаа явуулж байсан Израилийн “F-16” сөнөөгч нисэх онгоцыг Сирийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем харван унагасны дараа  Израилийн агаарын хүчин Сирийн Пальмира хотын нисэх хүчний бааз дахь Ираны нисгэгчгүй нисдэг аппаратуудын удирдлагын цэгт болон Сирийн өмнөд нутагт орших Иран болон Сирийн  цэргийн байгууламж руу агаараас цохилт өгсөн юм.  Түүнчлэн өнгөрсөн бямба гаригт Сирийн Дума хотод халдлага гарч, 70 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн. “White Helmets” буюу “Цагаан дуулгатнууд” байгууллагын ажилтнууд халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийг харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг багагүй татаад буй. Амиа алдагсдын олонх нь мөн л  хүүхэд, эмэгтэйчүүд  байгаа аж. Дүрс бичлэгт бичигдсэнээр нас барсан хүмүүсийн  амнаас нь цагаан хөөс сахарч байжээ.  Түүнчлэн гэмтэж, бэртсэн хүмүүсээс ямар нэгэн химийн бодист хордсон шинж тэмдэг илэрч байгаа аж. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Дума хотод болсон халдлагыг химийн зэвсэг ашигласан халдлага гэж тодорхойлоод буй ч  Сирийн эрх баригчдын зүгээс халдлагын талаарх мэдээлэл хуурамч бөгөөд энэ нь Сирийн Засгийн газрын зүүн Гута дахь цэргийн ажиллагаанд саад болох гэсэн оролдлого хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн  ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Думад химийн зэвсэг ашигласан хэмээх мэдээлэл нь Сирид өөрийн улсын цэргийн хүчээ оруулах гэсэн улс орнуудын явуулга хэмээн мэдэгджээ. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ “Маш олон хүүхэд, эмэгтэйчүүд химийн зэвсгийн золиос боллоо. Ерөнхийлөгч Путин, Орос болон Иран зэрэг улс зэрлэг адгуус Ассадыг дэмжиж байгаа. Тэд үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой” гэж жиргэжээ.  Долоон жилийн турш үргэлжилж буй Сирийн хямралын улмаас 400 мянга гаруй хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон бөгөөд хүн амынх нь талаас илүү хувь нь гэр орноо орхиж дүрвэхээс өөр аргагүй болсон юм.
Эх сурвалж: 
http://www.bbc.com/news/world-middle-east-43694588
https://edition.cnn.com/2018/04/08/politics/donald-trump-syria-assad/index.html