Боаогаар дамжуулан эдийн засгаа нээлттэй болгох төлөвлөгөөг танилцуулна

БНХАУ  2018 оны Боаогийн чуулга уулзалтыг өмнөд нутгийн Хайнань мужийн далайн эргийн Боао хотноо “Хөгжингүй дэлхийн ертөнцийн төлөөх нээлттэй бөгөөд шинийг санаачлагч Ази” сэдвийн дор зохион байгуулж байна.  Чуулга уулзалт өнгөрсөн ням гаригт албан ёсоор эхэлсэн бөгөөд ирэх лхагва гариг хүртэл үргэлжилнэ.

Улс орнуудын төрийн тэргүүнүүд, олон улсын томоохон бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчдын энэхүү уулзалт ач холбогдлоороо Швейцарийн Давос хотноо зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форумыг хэдийнэ даваад байгаа билээ. Энэ удаагийн чуулга уулзалтад Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Голландын Ерөнхий сайд Марк Рутте, Пакистаны Ерөнхий сайд Шахид Хак Абабаш, Сингапурын Ерөнхий сайд Ли Хиен Лоонг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар оролцохоос гадна олон улсын томоохон бизнес эрхлэгчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн Австрийн Ерөнхийлөгч, Голланд,  Монгол, Сингапурын Ерөнхий сайд, НҮБ-ын тэргүүн нар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Дөрвөн өдрийн чуулга уулзалтын хүрээнд нээлттэй Ази, даяарчлал, “Нэг бүс-Нэг зам”, инноваци болон шинэчлэл  гэсэн үндсэн дөрвөн сэдвийн дор 60 орчим салбар хурал зохион байгуулах юм. Түүнчлэн Боаогийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жоугийн мэдэгдсэнээр, энэ удаагийн чуулга уулзалтын үеэр Азийн хамтын ажиллагааны талаарх дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах аж. Чуулга уулзалтыг нээж, Хятадын дарга олон улсын анхаарлыг татсан онцгой мэдэгдлийг хийдэг. Тухайлбал, 2015 онд тэрбээр Ази Европыг холбох дэд бүтэц, худалдааны томоохон  төсөл болох Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгыг танилцуулж байв. Тиймээс  “Азийн Давос” гэгддэг тус чуулга уулзалтын нээлт дээр БНХАУ-ын дарга  Ши Жиньпиний  өнөөдөр хийх мэдэгдэл олны анхаарлын төвд байна. Ажиглагчдын үзэж буйгаар Хятадын дарга  эдийн засгийг илүү нээлттэй болгох төлөвлөгөөг танилцуулж магадгүй аж. Учир нь  Хятад Улс нь чөлөөт худалдааны боомтуудыг олноор дэмжин байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд буй. Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлого барьж байгаа бол эсрэгээрээ Хятад Улс глобалчлалыг дэмжиж ирээдүйгээ холбосон нийгэмлэг байгуулахыг зорих болсон.  Түүнчлэн Бээжин олон улсын харилцаанд тэргүүлэх байр суурийг олж авахын тулд худалдааны гэрээ хэлцлээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд Азийн орнуудыг тэргүүлэн оролцох болсон юм. Наньжины их сургуулийн эдийн засгийн профессор Ян Дэцай “Хятад Улс 1978 оноос шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалсан. Гэсэн хэдий ч Бээжин  шинэчлэлийг улам гүнзгийрүүлэх замаар илүү тогтвортой хөгжлийн замд орохыг эрмэлзэж байна. Хятад Улс гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа илүү өргөнөөр дэлгэж, худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчилж байгаа учир бүс нутаг болоод дэлхий дахин ч хөгжлийн боломжуудаа  бие биетэйгээ хуваалцах нь эргэлзээгүй. Аж үйлдвэрлэлийн салбараа нээлттэй болгож, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, ахмадын асаргаа, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын бизнес эрхлэгчдийг найрсгаар хүлээн авахад бэлэн буйгаа БНХАУ-ын Засгийн газар зарласан. Илүү олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар бизнес эрхлэгчид салбар бүрээс тодорхой хэмжээний ашиг хүртэх боломж нээгдэнэ” гэжээ. Боао хотод болж буй Боаогийн чуулга уулзалт буюу  Азийн эдийн засгийн чуулга уулзалтын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүныг сонгосон нь дэлхий нийтийн анхаарлыг багагүй татаж байна.  Өчигдөр болсон санал хураалтаар БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Ли Баодун чуулга уулзалтын нарийн бичгийн даргаар, Хятадын Ардын банкны тэргүүн асан Жоу Сяочуань Хятадын талын ерөнхий төлөөлөгчөөр тус тус сонгогдсон байна. Шинээр сонгогдсон  чуулга уулзалтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 19 хүн оржээ. Өнөөдөр чуулга уулзалтын нээлтийн ёслол болох бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар үг хэлэх ажээ.
Эх сурвалж:
 http://www.chinadaily.com.cn/a/201804/03/WS5ac2d64da3105cdcf6515e64.html