Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг нийтийн эзэмшлийн болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтарч, Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн боловсруулсан байна. Тиймээс АН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгчийг УИХ-д өргөн барихыг зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Манай улсын бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани бол “Эрдэнэс Тавантолгой” юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг нь эзэмшиж байгаа төр өрөнд оруулж, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтуудыг хийхээр болсон” гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийг нийтийн эзэмшлийн болговол иргэд хувьцааг нь 100 хувь эзэмших гэнэ. 
Үүнээс гадна АН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын талаар хэлэлцжээ. Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчихгүй гэж үзсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын нөхдүүд “Хуулийн мухардалд орлоо” гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад “Хуулийн мухардал” гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29.3-т зааснаар “хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө гаргасан бол УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай” гэсэн юм. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдийн асуултад хариулав. 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг иргэдэд 100 хувь эзэмшүүлчихвэл хувьцаагаа гадаадын иргэдэд бэлэн мөнгөөр худалдах байх гэсэн болгоомжлол байна. Үүнийг хориглосон зохицуулалт хуулийн төсөлд тусгасан уу?
-Хуульд “тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй” гэсэн хориглосон заалтууд байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч өр, зээлгүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртэх боломжтой юу?
-Тэгж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм.