Д.Хаянхярваа: Д.Гантулга гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцвэл Үндсэн хууль зөрчсөн болно

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Бүлгийн хурлаар УИХ-ын гишүүдээс УИХ-ын дэргэд  цахим бодлого хариуцсан болон хүчирхийллийн эсрэг хоёр дэд хороо байгуулах санал гаргасныг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаас гадна банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч ажиллахаар болсон байна. Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхэд тулгарч буй хууль эрх зүйн асуудлыг хэлэлцжээ. Прокурорын байгууллагаас Д.Гантулга гишүүнийг яллагдагчаар татаж, УИХ-д түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн тул Д.Гантулга гишүүн өөрөө түдгэлзэх саналаа гаргасан юм. Гэвч прокурорын байгууллагаас ирүүлсэн санал Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон заалтад үндэслэсэн, бас УИХ-ын гишүүн өөрөө гишүүн байхаас бүр мөсөн татгалзахаас биш түдгэлзэх санал гаргах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй аж. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу Цэцээс хүчингүй болгосон заалтад өөрчлөлт оруулахаас өмнө УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчиж буй үйлдэл гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ. Тэрбээр “Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцлээ. Бүлэгт ямар нэгэн байдлаар Д.Гантулгыг авч үлдэх, хамгаалах асуудал яриагүй. Удирдлагуудын зүгээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх чиглэл өгсөн. Одоо УИХ-ын тухай хуульд нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг зарчим барьж байна. Асуудлыг энэ долоо хоногтоо шийднэ. Харин Д.Гантулга гишүүнийг хамгаалж байгаа асуудал байхгүй. Хэрэв Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно” гэлээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 
-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар тусгасан. Үндсэн хуулиа авч үзвэл Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх боломжтой юм биш үү?
-Энэ асуудалд би хуульч биш болохоор мэргэжлийн хуульчдаас асуухад прокуророос ирсэн тогтоолыг УИХ хэлэлцэж болохгүй. Хэрэв хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно гэдэг тайлбар өгч байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт Үндсэн хууль болон бусад хуулийг судалж байгаад тодорхой шийдэл гаргана.
-МАН эрх бариад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд зээл авч, өр төлөхөөс өөр ямар ямар ажил хийсэн бэ?
-Монголчууд өөрсдөө нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн хувьд эдийн засгийн хувьд урагш харж, ажил хийх боломж үндсэндээ байгаагүй. Бидэнд эдийн засгийн хувьд ажил хийх бололцоо нөхцөл хомс байсан. Цалинтай ээж, насны хишиг, хүүхдийн мөнгө гэх мэт асуудлыг шат дараатай шийдэж байна. Бүтээн байгуулалтын хувьд зам харгуй үйлдвэрлэлтэй холбоотой асуудал ярьж байгаа. Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцаж байна.