Төв цэвэрлэх байгууламж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг ойрын хугацаанд эхлүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айчилж байгаа билээ. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд хүрэлцэн ирэхэд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд угтан авч, хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэв.

Уулзалтын эхэнд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж “Хятад, Монгол Улс маш чухал хөрш. Бидний хооронд улс төрийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай” гэдгийг хэлжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хятадын Коммунист Намын 19 дүгээр Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал амжилттай болж улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлага, Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын шинэ эринд дэвшин орсноо дэлхийн тавцанд зарлаж, ард түмний ажил амьдрал, сайн сайхны төлөө дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсонд талархаж байна” гэсэн байна.  
Талууд хоёр орны харилцаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. 
Хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа аж. Тиймээс уг зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн  чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэж, зарим төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, хоёр орны Ерөнхий сайд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг (300 сая ам.доллар),  “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр (600 сая юанийн буцалтгүй тусламж)”, Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө”, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Мөн “Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурсан байна. 
Цаашид хөдөө аж  ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулахын төлөө байна гэдгээ илэрхийлжээ.