Цемент, арматурын үнэ нэмэгджээ

Гадаадын хөрөнгө санхүүжилт нэмэгдэж, эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарсан нь хямралд автаад байсан олон салбар эргээд сэргэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тухайлбал, барилгын салбар. Тиймээс энэ жилийг бүтээн байгуулалтын жил хэмээн эрх баригчид нэрийдсэн. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Энэ он бол хямралаас гарсан барилгын салбарын бүтээн байгуулалтын жил. Тиймээс Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж байсан зарим барилгыг балансаас балансад шилжүүлэх арга замаар хөгжлийн банкны 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барина. Улаанбаатар хотод Буянт-Ухаа хоёр хороололд баригдаж байгаа есөн давхар 18 блок, 972 айлын орон сууц, Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт баригдаж буй барилгууд өмнө нь Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан ч хугацаандаа дуусаагүй нэмэлт төсөв хөрөнгө шаардагдах болсон юм. Дээрх орон сууцнуудын барилгын ажлыг энэ оны арваннэгдүгээр сард дуусгахаар болсон” гэв.

Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаад 127 цэцэрлэг, 93 сургууль барихаа илэрхийлсэн юм. Ийнхүү улсын болон нийслэлийн төсвөөс барилга барихаас гадна. Барилгын компаниудын үйл ажиллагаа эрчимжинэ. Энэ нь барилгын материалын үнэ өсөхөд нөлөөлөх талтай. Барилгын материалын үнэ ханшийн талаар  Барилга.мн сэтгүүлээс судалгаа гаргадаг. Уг судалгаанаас харахад гол барилгын материалын үнэ энэ оны эхний улиралд өссөн байна. Гэхдээ үнэ өссөн нь олон шалтгаантай бөгөөд импортын бараа материалын өсөлт, валютын ханштай холбоотой гэнэ. Харин манай улс цементийн хэд хэдэн дотоодын үйлдвэртэй. Гэвч цементний үнэ жилийн дотор 10 хувиар өссөн байна. Үүнийг түүхий эдийн үнэ, үйлдвэрлэлийн зардалтай холбон мэргэжлийхэн тайлбарлав. Энэ талаар Барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсүхээс тодруулахад “Энэ оны эхний улирлын байдлаар барилгын материалын үнэ өмнөх улирлын мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Барилгын үндсэн материал болох арматурын төмөр, цемент, элс хайрга зэрэг тодорхой нэр төрлийн барилгын материалын үнэ өссөн. Арматурын төмрийн хувьд өмнөх онд 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 1.8 сая болтлоо өссөн байна. Цемент ч гэсэн өмнөх онтой харьцуулахад 10 гаруй хувиар өсчээ. Арматурын төмрийг манай улс 100 хувь импортоор оруулж ирдэг. Манай улсад арматурын төмрийн үйлдвэр тун явцгүй байна. Дарханы арматурын үйлдвэр гэхэд арматур биш ган үйлдвэрлэдэг болсон. Дотоодын үйлдвэрүүд хумигдсаар байгаа. Үйлдвэрлэл маш бага явуулж байна. Энэ нь нэг талаасаа хаягдал төмрийн нөөц багассантай холбоотой. Нөгөө талаас импортын арматурын төмөр нь валютын ханшаас шалтгаалан үнэ нэмэгдсэн. Мөн дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн арматурын үнэ өссөн байна. Барилгын  бас нэгэн гол материал болох хайрга, дайрганы үнэ өссөн шалтгаан нь Туул голын сав дагуу буюу хотын ойр орчим ажилладаг хайрга олборлох үйлдвэрүүд хаагдсантай шууд холбоотой. Үүнээс болоод хайрганы олдоц багассан. Тиймээс хайргыг холоос тээвэрлэх шаардлага тулгарч буй тул тээврийн зардалаас шалтгаалан ийнхүү үнэ нь нэмэгдсэн. Импортоор орж ирдэг бусад барилгын материалын тухайд бас л нөгөө валютын ханшийнхаа өсөлтөөс шалтгаалаад бага зэрэг өссөн дүр зурагтай байна. Барилгын материалын өөрийн өртөг буюу зардал нэмэгдээд байгаа учраас барилгын материалын  үнэ өссөн. Импортоор авч буй материалуудын өртөг  тээвэрлэлтээс эхлээд л нэмэгдэж байна. Валютын ханш тодорхой хэмжээнд чангарсан зэрэг нь үнэд нөлөөлөх нь мэдээж. Бусдаар энэ жил бүтээн байгуулалт их хийнэ. Барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжлээ гээд үнэ нэмэгдсэн хэрэг биш юм” гэв. Одоогийн байдлаар цемент нэг тонн нь үйлдвэр дээрээ 100-175 мянга, харин Улаанбаатар дахь худалдагдаж буй үнэ нь тонн тутам нь 160-170 мянган төгрөг байна. Харин бетон зуурмаг шоо метр нь 134-247 мянга, зам талбайн хавтан ширхэг нь 435-3800 төгрөг, дээврийн материал Орос, Хятад, Польш, Солонгос гэх мэт улсаасаа шалтгаалаад 5500-35000 төгрөг, палк ширхэг нь гурваас зургаан метрийн хэмжээтэй нь 24-60 мянга, брүс боодол нь 22-25 мянга, банз метр куб нь 110-260 мянга, арматур нэг тонн нь 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй байна. 
Барилгын салбар нь зах зээлд нийт 95 мянга  гаруй ажлын байртай, түүний дийлэнх буюу 78.6  мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байна.  Уг салбар жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэдэг гэж Барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн дээр танилцуулж байв. БНХАУ-ын  өгч байгаа 300 сая ионы буцалтгүй тусламжаар Дэнжийн мянга чиглэлд 1008 айлын орон сууц, сургуультайгаа иж бүрэн цогцолбор баригдах аж. Улсын болон нийслэлийн төсөвт Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байгаа юм байна. Тухайлбал, 1310 ор бүхий цэцэрлэгийн долоон барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана. Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна. Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Нийслэлд энэ онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ. Нийслэлд 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэх гэнэ. Тухайлбал, улсын төсвөөс 192.8 тэрбум, нийслэлийн төсвөөр 153 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 55.1 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулна. Хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.