Үргэлжлэн урсах, үл тасрах эрдмийн гэгээн мөр

“Үндэсний шуудан” сонин энэ удаагийн “Хоймор” буландаа Төрийн шагналт, ардын багш Ш.Чоймаа болон түүний хүү техникийн ухааны доктор, дэд профессор Ч.Лодойравсал нарыг урьж ярилцлаа. Эрдмийн гэгээн мөрийг эрхэм болгосон энэ л гэрэлт ертөнцөөс тунгаах, судлах, суралцах зүйл ихэд бий хэмээн итгэж, “Хоймор”-тоо урилаа. Эрхэм уншигч та таалан болгооно уу.

-“Хоймор” булангийн маань урилгыг хүлээн авсанд юун түрүүнд талархал илэрхийлье. Багагүй хугацааны турш хөөцөлдөж, өнөөдөр уулзалдлаа. Аав, хүүгийн эрдмийн мөр хөөсөн түүхийг уншигчдадаа танилцуулах нь өнөөдрийн бидний ярилцлагын гол зорилго. Таны эрдмийн мөр ааваас тань эхлэлтэй учир аавын тань талаар ярилцлагаа эхэлье. Аавыг тань нутгийнхан нь Цагаан мөрт хэмээдэг байсан гэлцдэг. Энэ чухам ямар учиртай нэр юм бэ? 
Ш.Ч:-Аав минь найман настайдаа одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд байсан Усан зүйлийн хүрээнд Эрдэнэ хамба ламын дэргэд шавилан сууж, 18 настайдаа багшийн заавраар Богдын хүрээнд ирж, Гандан хийдийн Дашчоймбэл дацанд ном үзсэн. Тэгээд Гамин орж ирж, Их хүрээ үймэх үест баруун зуу буюу Төвөдийн Лхасыг зорин явсан түүхтэй. Аав минь 1930-аад оны сүүл үесээр нутагтаа ирсэн бол хэлмэгдэх байсан биз. Харин хэлмэгдэл дууссан үе буюу 1944 онд нутагтаа ирсэн түүхтэй. Гэхдээ бас аймгийн төвд дотоод яамны төлөөлөгч зургаан сар саатуулж, байцааж, хүмүүст шашин зан үйлийн юм хийж болохгүй гэж хатуу анхааруулсан гэдэг. 
Аавын намтрыг нарийн ярьвал зузаан роман болох байх. Нутгийнхан аавыг минь Цагаан морьт ламах гэдэг. Бага байхдаа саваагүйтэж, “Ааваа, таныг Цагаан морьт гэх юм. Та цагаан морь унадаг байсан юм уу” гэж асуухад аав маань “Үгүй ээ. Надад цагаан морь огт байгаагүй. Хүн амьтанд тус хийж байсан юм байлгүй. Тийм болохоор Цагаан мөрт гэж нэрлэж байгаад л сунжирсаар Цагаан морьт болсон юм даа” гэсэн. Одоо хэр нь нутгийн настнууд аавын ач тус хийсэн тухай домог шиг л юм ярьдаг. Ламах гэдэг үг нь лам ах гэсэн үгийг хамт дуудсан хэрэг. 
Чи надаас таны эрдмийн мөр ааваас тань эхлэлтэй учир аавын тань талаар ярилцъя гэсэн. Би багаасаа л аавын дэргэд байж, хүмүүстэй аавын хуучлан ярих шашин номын тухай хэлэлцэх тэр бүгдийг сонсдог байлаа. Хэдийгээр ойлгохгүй ч гэсэн аливаа юмны учир утга, үүх түүхийг сонирхох зан төрх, тэр үед төлөвшсөн байх. Нутгийн эрдэм номтой настан буурлуудтай хонуут, өнжүүт л яриа дэлгэнэ. Ярианы сэдэв нь одоо бодоход хууч ярианаас эхлээд шашин номын олон талыг хамардаг байжээ. Түүн дотор монгол ёс заншил, буян нүглийн утга, үлгэр домог хүртэл гарна. Судар ном дэлгэчихсэн түүнээс иш татан ярьж суух нь одоо ч нүдэнд харагдах шиг санагдана. Ийм орчинд өссөн болохоор өөрийн эрхгүй Монголын уламжлалт хэл соёл, түүх, ёс заншил, шашин шүтлэгийг сонирхох болсон доо. Аав минь надад Дарви сумын Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан. Өөрөө төвд хэл бичиг заасан. Даан ч би, хөгшин хүний хэнз хүүхэд болохоор ааваасаа эрдэм номыг нь өвлөж чадаагүй дээ. Яахав алтны дэргэд байсан гууль шарална гэдгээр багагүй юм сонссон. 
-Та өөрөө хүний ганц хүү. Гурван охины дараа хүүтэй болохдоо мөн ч их баярласан байх?
Ш.Ч: -Ямар ч аав хүн хүүтэй болох юмсан гэж мөрөөддөг. Миний энэ хүү гурван охины дараа гар­сан. Ямар сайндаа эхнэр маань “Хөөгдөхийн даваан дээр хүү гаргалаа” гэж хошигнож байх вэ дээ. Хүүтэй болсондоо баярлаад, Нэгдүгээр төрөхийн шалан дээр сууж байгаад л хүүгийнхээ нэрийг өгч байлаа. Хүүгээ ямар хүн болгох вэ гэж бодож байгаад Лодойравсал гэдэг нэр өгсөн. Лодой гэдэг нь оюун ухаан гэсэн үг. Харин равсал гэдэг нь машид тодорхой гэсэн үг. Оюун ухаан нь машид тодорхой байвал, бусад юмыг өөрөө мэдэх болно гэж бодсон хэрэг. Би өөрөө айлын ганц хүү. Миний аав ч бас хүний ганц хүү байсан. Хүү минь бас айлын ганц хүү. Тийм болохоор би хүүгээ их хайрладаг. Гэхдээ тэр хайр нь миний сэтгэл зүрх дотор л байдаг. Хүү минь ч аавын хайрыг дааж яваа гэж боддог доо. 
-Ааваас тань танд өвлөгдсөн адилхан зан чанар бий юү?
Ш.Ч: -Монголчуудын уламж­лалт сургаал, зүйр цэцэн үг зэрэгт зааснаар хүүд нь аавын зан чанар өвлөгддөг, охинд нь ээжийн зан араншин уламжлагддаг ёстой. Тийм болохоор аавын минь бүх л зан чанар надад байх л ёстой. 
-Хүүхдүүдээс тань эрдэм номын мөр хөөсөн нь ганц Лодойравсал багш уу?
Ш.Ч: -Эрдэм номын мөр хөөсөн нь миний том охин, хүү хоёр. Энэ хоёр МУИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль төгссөн. Том охин Ч.Дулам­сүрэн маань Германд эрдмийн зэрэг хамгаалсан. Германы Гёнтингений их сургууль, МУИС хоёрын дунд багшилж, судалгааны ажил хийж, оюутан, магистрант, докторант залуучуудыг эрдэм номын мөрд хөтөлж явна даа. Сүүлийн 10 гаруй жилд Төв Азийн ой мод хөрс ургамлыг судлах шинжилгээний том ажлыг гардан удирдаж явна. Хавар 4-5 сард ирээд намар аравдугаар сард л буцдаг юм. Тэр хугацаанд бүхэлдээ л ой хөвч дотор шавь нарын хамт судалгаа, шинжилгээний ажил хийж явдаг. Уг судалгааны ажлын гол зорилго нь миний ойлгосноор дэлхий ертөнцийн экологийн бүтцэд хамгийн эрхэм зүйл болсон ой мод ургамал хэрхэн өөрчлөгдөж байгааг жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирэх нь хүн төрөлхтөн өөрийн алдаа гэмээ ухаарч, ой мод ургамлаа хайрлан хамгаалах ёстойг ухаарахад туслах ёстой буянтай л ажил юм билээ. Энэ том төслийн хүрээнд МУИС-ийн биологийн салбарт чамгүй хувь нэмрээ оруулж явдгийг мэргэжлийн багш нар нь хэлнэ биз дээ. 
Дунд охин маань МУИС-ийн математикийн анги төгсөөд одоо Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаа. Харин бага охин маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль төгсөөд одоо эмч хийж байгаа. Хүүхдүүддээ анхнаас нь л “Хувийн юм руу явна гэдэг өөдтэй юм биш. Улсын ажилд л зүтгэх ёстой” гэж хэлж сургадаг байсан болохоор хувийн хэвшлийн салбар юм уу бизнес энэ тэрийг эрхэлдэг хүн байхгүй. Энэ маань Монгол Улсын иргэн бүр улсынхаа төлөө эх орныхоо төлөө зүтгэж хувь нэмрээ оруулах ёстой гэсэн миний л яс махны үзэл дээ. 
Хүү Ч.Лодойравсал маань төгссөн даруйдаа “MCS” руу А.Цэлмэг баг­ший­гаа дагаж явах ёстой болсон. Өөрийн бэлдсэн шавь нараа багш нь авч явсан хэрэг. Төдий л удаал­гүй би өөрөө багштай нь ярьж, эрдэм номын мөр хөөл­гөхөөр шийдсэн. МУИС ч баг­шаар авахыг хүссэн. Ин­гээд одоо хүртэл МУИС-даа ажиллаж зүтгэж явна даа. 
-Таныг шинжлэх ухаа­ны зам мөр хөөхөд аавын тань нөлөө хамгийн их байсан нь гарцаагүй. Аавынхаа болоод багш нарынхаа зөвлөгөөг дагаж, Их сургуульдаа үлдсэн нь зөв байж гэж бодогдох үе цөөнгүй биз?
Ч.Л: -Өссөн орчин хүнд хамгийн их нөлөөтэй байдаг. Манай гэрт аавын ном хана дүүргэж, бас энд тэнд тавиастай. Хүүхэд байхаасаа эхлээд л аавтайгаа номын дэлгүүр их ордог байлаа. Манай гэр бүлийнхэн бүгд өөр, өөр мэргэжилтэй. Аавын мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Түрүүн аавын хэлсэн МУИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэдэг их нарийн учиртай. 1985 онд “Университетийн боловсролын төвшнийг дээш­лүүлэхийн тулд МУИС-д математик, физик, хими, биологийн гүнзгий­рүүл­сэн сургалттай анги нээсүгэй” гэсэн заалттай Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан. Суралцаж буй хүүхдүүд нь яг л оюутан шиг оюутны байранд байрладаг, тэтгэлэгтэй байсан. Ийм л орчинд манай том эгч бид хоёр хоёулаа суралцаж төгссөн. Энэ сургууль намайг шинжлэх ухаанд хөтлөх зам байсан. Сургуулиа төгсөөд МУИС-д шууд урилгаар ордог байлаа. Миний хувьд физик болон электроник гэсэн хоёр ангид орох боломжтой байсан. Тухайн үедээ шинэ зүйл рүү тэмүүлж электроникийн анги сонгосон. Манай багш нар сургуульдаа багшлахын хажуугаар компаниудад ажилладаг байлаа. Багш нарын хийж буй ажилд оюутнууд оролцох боломж­той байсан юм. Тиймээс гуравдугаар курсээ төгсөөд А.Цэлмэг багшийн зөвлөснөөр “MCS”-д ажилд орсон. Бид их азтай шүү. Тухайн үед хүний нөөц хангалтгүй, шинэ систем, шинэ ажил ундарч байсан тул залууст их боломж нээгдсэн. Дөрөвдүгээр курстээ Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг шинэчлэх олон улсын төсөлд гардан оролцох завшаан тохиосон юм. Төслөө үргэлжлүүлэхийн тулд бүтэн нэг жил Дорнодод ажиллаж, амьдарсан. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөсөн нэгдүгээр секцийн автоматжуулалтын төсөлд орон дөрвөн сар Эрдэнэтэд ажиллалаа. Энэ бүхэн дөнгөж сургуулиа төгсөж байгаа надад их ч зүйл сургаж, их ч туршлага болсон. Төслүүдийн хажуу­гаар эчнээгээр магистрт сурч байснаа ч дуусгаж амжилттай хамгааллаа. Магистраа хамгаалсны дараагаар аав ч их ятгасан, багш нар ч санал тавьсан. Тэгээд сургуульдаа баг­шаар үлдэхээр шийдсэн дээ. Багшаар үлдсэн шалтгаан нь яг тэр үед боловсон хүчин үнэхээр дутагдалтай байсан. Ямар сайндаа л үйлдвэрлэлийн автоматжуулалтын олон улсын том төсөлд оюутан хүүхэд ажиллаж байх вэ дээ. Тухайн үед миний бодсон зүйл бол өөрөө хөдөлмөрлөөд, мэдлэг чадвараа дээшлүүлээд явах нь нэг л хүний асуу­дал. Харин олон залууст шинийг санаачилж бүтээдэг чадварлаг инженер болох суурийг тавилцах юм бол Монгол орны хөгжилд илүүтэй хувь нэмэр болох юм даа гэсэн итгэл үнэмшил, зорилготой хандсан. Шийдвэр маань ч зөв байсан санагддаг. Миний хийж чаддаг, мэддэг юм шалихгүй. Гэхдээ миний зааж сургасан мэдлэг, төлөвшүүлсэн зан чанар, хандлага суурь нь болоод амжилттай яваа олон мундаг шавь бий. Мэдээж хэрэг олон багш нарын хүч хөдөлмөр нэгдэн нийлсэн шүү дээ. Багш хүн шавиараа л бахархдаг юм. 
-“Багшийн эрдэм шавьд” гэдэг. Таныг их сургуульд суралцаж байх үед хэл, соёлын бүхий л мундгууд хичээл орж байсан уу? 
Ш.Ч: -Их сургуульд ороход манай ангийн багш Х.Гаадан гэж төвд хэлний багш байлаа. Багш маань 1960-аад оны эхээр МУИС-д төвд, манж хэлний анги нээгдэхэд ирж сурсан юм билээ. Багадаа Төгсбуянтын хийдэд шавилж байсан бөгөөд төвд хэлний ангиа төгсөөд МУИС-д  багшаар үлдсэн юм билээ. Х.Гаадан багш маань надад төвд хэл, Зохист аялгууны толь хэмээх яруу найргийн онол зэргийг зааж байсан. Монгол бичгийн хичээлийг ардын багш Дагвын Чойжилсүрэн багш заадаг байлаа. Миний хүндэлж явдаг, бурхан шиг багш минь юм. Монгол бичиг заахаас гадна олон зүйл шастир уншуулдаг байсан. Монгол хэлний хичээлийг алдарт эрдэмт академич Ш.Лувсанвандан багш заадаг байлаа. Монгол хэлний авиа зүй, түүхэн хэлзүй, алтай хэл шинжлэл гээд хамаг гол хичээлүүдийг заасан. 
Их сургуулиа төгсөөд шууд л багш болсон. Оюутны ширээнээс шууд салангуут их сургуулийн багш болж, долоо хоногт 36 цагийн хичээл заана гэдэг тийм ч амар байгаагүй. Тэр үед тэнхимийн ахмад буурал багш нар нөмөр нөөлөг болж өгсөн дөө. 
Ардын багш Д.Чойжил­сүрэн маань миний аав шиг хүн байсан. Их сургуулийн хойхно гэртэй. Хичээл тараад л багшийнх руу очно. Сайндаа ч биш дээ унд уух, ном сонсох гэж очно. Тэгэхэд багшийн гэргий Шаваг гуай нэг их сайхан халиартай бин хайрчихсан, цай аягалаад л өгнө. Тэр үед багш “Алив чи хичээл тараад ирсэн биз. Гар чинь нил шохой байгаа. Гараа угаа” гэдэгсэн. Багшаас янз бүрийн юм сонсоно, надад ном судар бас хайрлана. Ёстой нэг бодь сэтгэлтэн байсан. Манай хүүхдүүд Чойжоо өвөө гээд л үргэлж орж, гарч байдаг байлаа.
Залуу багш байх үедээ Гандан тойрсон, хуралд хурдаггүй мөртлөө их эрдэм номтой хүмүүсийн гэр орноор очиж танилцаж, бас ч чамгүй юм сонсож, асууж лавлаж, явдаг бай­лаа. Тэд бүгд бурхан болчих­жээ. Одоо тэдэн шиг юм лав­лахад хэлээд өгчих хүн үгүй болж дээ. Цаг хугацаа гэж харвасан сум шиг өнгөрөх юм. Би өөрөө ахмадын тоонд ороод сууж байхаар арга ч үгүй юм уу даа. 


-Цаашид судалгааны ажлаа хийхэд тань ямар багш нар хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?
Ч.Л: -Багш бүхэн л нөлөө үзүүлсэн. Манай бага ангийн багш Догмидмаа гэж их мундаг багш байсан. Бага байхаас минь эхлэн олимпиадад бэлтгэдэг байлаа. Дунд ангид орсны дараагаар мате­матикийн Мөнхцэцэг багш маань намайг математикийн хичээлээ гүнзгийрүүлэн судлахад маш их нөлөө үзүүлсэн. Надад тусгай бодлого хүртэл бэлтгэж ирдэг байлаа. Би их сонирхолтой түүхтэй математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд орсон. Багш маань уг нь надад шинэ сургууль нээгдэж байна, шалгалт өгөөд үзээч гэж байсан боловч ангийнхантайгаа хамт байна гээд шилжих дургүй байв.  Аав миний эцэг эхийн хуралд бараг суудаггүй мөртлөө элсэлтийн шалгалтын өмнөх өдөр хуралд сууж таарсан. Орой ирэхдээ “Шалгалт өгнө шүү” л гэсэн. “За” гээд л шалгалт өгөөд тэнцээд орж байлаа. 11 дүгээр сургуульд их олон мундаг багш нараар хичээл заалгаж математик, физикт сайжирсан. Дараа нь МУИС-д орсон бас л түүхтэй. Наймдугаар анги­даа физикийн улсын олимпиадад мөнгөн медаль авчихсан байсан үе. Олон улсын математикийн олим­пиадын бэлтгэлд орох гээд явж байгаад физикийн Ганбат багштай их сургуу­лийн үүдэнд таартал МУИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай физикийн ангийн элсэлтийн шалгалт болох гэж байна. Чи өгөөч гэлээ. Тэгээд л санамсаргүй явж байгаад азаар шалгалтад орж, тэнцэж МУИС-ийн гүнзгийд орсон. Ганбат багш физикийг маш сонирхолтой, сайхан заадаг. Физикт дуртай болгосон доо. Их сургуульд олон сайхан багш нараар хичээл заалгасан. Ахлах курст А.Цэлмэг багш бидэнд хичээл ордог байлаа. Миний бакалаврын ажлыг маань удирдсан. Харин докторын ажлын удирдагч маань  С.Лодойсамба багш байсан. Цэлмэг багш маань ажлын туршлагатай болгож чадавхжуулсан бол Лодойсамба багш маань эрдмийн мөрд хөтөлсөн. Манай сургуулийн бүхий л багш нар залуучуудаа маш сайн дэмждэг байлаа. Дамдинсүрэн, Нямжав, Пүрэв, Болд, Бямбажав гээд олон мундаг багш нараараа зөвлүүлээд, тэд нарыгаа дуурайгаад судалгаа, шинжилгээ хийх гээд оролдоод л явж байна. Болд багш маань намайг хүн удирдах, хамт олныг нэгтгэх чадварт хөтөлсөн. 
-Хүүгээрээ бахархах цаг мөч танд олон л тохиодог байх?
Ш.Ч: -Хүү минь дунд сургуульд байхдаа ч, их сургуульд байхдаа ч эрдэм номын ажил хийж явахдаа ч надаар шахаж шаардуулж хэзээ ч үзээгүй. Харин надаас янз бүрийн юмны утга учрыг шалгааж асуудаг байсан. Өөрөөр хэлбэл, хүү минь сургуульд орсон цагаасаа эхлэн одоог хүртэл аавынхаа сэтгэлийг зовоож үзээгүй, бүхнийг өөрийнхөө чадлаар хийж бүтээж, амьдарч явдагт нь баярладаг даа. Хүний хүү ийм л байх ёстой гэж боддог. Хүүг маань дунд сургуульд байхад нь ч, оюутан байхад нь ч, багш болсон үед нь ч багш нар нь бүгд сайшаасан үг хэлж байхад нь дотроо их л баярладаг байсан. Мэдээж хэрэг хүүдээ хэлэхгүй л дээ. Би зүрх сэтгэлдээ хүүгээ хэрхэн тээж явдгийг хүү минь яаж мэдэх билээ. 
-Харин та ааваараа ямар цаг мөчид, хэзээ хамгийн их бахархдаг вэ?
Ч.Л: -Төрсөн цагаасаа эхлэн үлгэр дууриал авч, дууриадаг хүн бол аав, ээж хоёр. Багаасаа л ямагт ааваараа үлгэрлэж, бахархаж өссөн. Бага байхад манайд аавтай хуучлахаар олон хүн ирнэ. Ер нь хөгшин залуу гэлтгүй олон хүн аавтай ярьж суух дуртай байсан. Миний хувьд ямар ч хүн ирсэн үг сонсох давуу эрхтэй. Гэхдээ ярьж болохгүй. Их л сонирхолтой зүйл ярина. Түүнийг сонсох эрх байна гэдэг их том давуу эрх байлаа л даа. Таньдаг, таньдаггүй маш олон хүн аавыг “Багш аа” хэмээн дууддаг. Энэ л хамгийн их хүндлэл. Багш нар шавьдаа багшаа гэж дуудуулах нэг бахдам. Харин түмэн олонд “Багш аа” хэмээн дуудуулах нь хүндлэлийн дээд хэлбэр нь болж хувирч байгаа юм л даа. Түмэн олны хүндлэлийг хүлээдгийг нь мэдэрнэ гэдэг хүүхдүүдийнх нь хувьд мэдээж маш том бахархал байдаг.     
Ш.Ч: -Гандан тойрсон олон сайхан номтой улсуудаар очихдоо хүүгээ дагуулж очдог байлаа. Хүү минь намайг дагаж, хуучин цагийн олон сайхан номтой буурлуудын барааг харж, үгийг нь сонсож байсан. Бидний ярьж хэлэлцэж байгааг ойлгохгүй ч гэсэн дагаад л явдаг байлаа.           
-Таны амьдралын салшгүй нэгэн хэсэг бол Монгол Улсын их сургууль. Гэхдээ одоо ингээд харахад МУИС таны төдийгүй танай гэр бүлийн хоёр дахь гэр болжээ гэж харж болохоор? 
Ш.Ч: -Чи их сургуульд хэдэн жил болчихов.
Ч.Л: -Ажилд ороод 17 жил. 
Ш.Ч: -Би МУИС-ийн хоёрдугаар байрны босгыг 45, 46 дахь жилдээ элээж явна. Их сургууль минь миний хоёрдугаар гэр болчихжээ. Их сургууль минь сайн явбал баярладаг, саар явбал дотор эвгүйцдэг. Би их сургуулиа зүрх сэтгэлээрээ хайрладаг. Залуу наснаасаа өдийг хүртэл их сургуульд сайн хүн, зөв сэтгэлтэй хүн бэлтгэх юмсан гэж Их сургуулиа сайн сайхан байлгахын төлөө мэддэг чаддаг бүхнээ зориулж явсан. Энэ ажлыг хүү маань залгаад, зүтгэж яваад баярладаг. 
Ч.Л: -Тийм шүү. Миний дээд талын эгч л анагаахын сургууль төгссөн. Бусад нь МУИС төгссөн. Аавын хажууд хэлэхэд ичмээр ч МУИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орсноос хойш 25 жил болчихсон байна. Амьд­ралынхаа нэлээд цаг хугацааг МУИС-д өнгөрүүлж, ажил, амьдралын гараагаа эндээс эхлүүлсэн. МУИС-гүйгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болтлоо удсан байна. Манай том эгч бас МУИС-д багшилж байсан. Одоо эрдэм шинжилгээний ажил хийхийнхээ хажуугаар Германдаа багшилдаг. Ма­най гэр бүлээс МУИС-ийн гурван багш төрсөн. Эхнэр маань ч гэсэн МУИС төгссөн.   
-Эгч тань Германд докторын зэргээ хамгаал­сан гэсэн. Та ч мөн Гер­манд суралцсан байдаг. Аав тань Германд ажил­лаж байсан нь нөлөөлсөн үү?
Ч.Л: -Аав 1980-1983, 1992-1995 онд Гумбольд­тын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан. 1980-1983 онд багшилж байхад би Германд цэцэрлэгт явж байсан. Манай хоёр том эгч сургуульд сурдаг байлаа. Бидний хүүхэд нас Германд өнгөрсөн. Гэр бүлээрээ Германд байсан учраас элэгтэй байсан байж магадгүй. Нөгөө талаасаа намайг гадагшаа суралцах үед Герман, Япон Улсууд боловсролын системд нэлээн тэтгэлэг өгдөг, боловсролд хөрөнгө оруулдаг гол хоёр улс байсан юм. Тийм учраас Германы тэтгэлэгт хөтөлбө­рүүд их хэрэгждэг байсан. Бакалавраа төгсөөд Германд суралцъя гэсэн бодолтойгоор бэлтгэдэг байлаа. Гуравдугаар кур­сээсээ эхлээд ажлын талбар дээр гарч том төслийн ажилд оролцчихсон учир, гадагшаа явж сурахаа хойшлуулахаас өөр аргагүй болсон. Сүүлд докторын тэтгэлгээр Германд хоёр жил судалгааны ажлаа хийж байгаад ирсэн. Германы эрдмийн солилцооны албаны сандвич тэтгэлэг байсан. Герман болон монгол хоёр удирдагчтай, Германд судалгаагаа хийгээд Монголд хамгаалах нөхцөлтэй тэтгэлэг юм. 
-Багш хүн байхын сайхан нь юу вэ?
Ш.Ч: -Багш хүн байхын хамгийн сайхан нь багш хүн гэдэг хүний төлөө нэг насаа элээдэг улс. Ёстой нэг өрөөлийг хурцалж, өөрөө элэгддэг билүү чулуу юм даа. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг сургаж, эрдэм ном заахаас гадна зөв сэтгэлтэй монгол хүн болгох талаас нь хүртэл зааж залж явдаг. Олон өөр орчинд өссөн хүний олон хүүхдийг загнахыг нь загнаж, урамшуулахыг нь урамшуулна. Нас залуу цус шингэн хүмүүсийг эрдэм номын чиглэлд нь, хүний тухайд нь ч гэсэн Монгол Улсдаа сайн иргэн болгоод бэлтгэчих гэсэн ажил үйлс минь буянтай л зүйл дээ. Багш гэдэг нэр алдартаа би дуртай. Таних танихгүй хүмүүс гудамжинд “Багш аа” гэж дуудна. Багш гэдэг алдар бол сайхан алдар. Монголчууд дээр үеэсээ “Номд мөргөмү, багшид мөргөмү” гэж дээдэлсээр ирсэн. Яагаад гэвэл багш, ном хоёроос эрдэм мэдлэгийг хүртдэг. Шимийг нь хүртэх гэж буй зүйлээ дээдэлж, хүндэлж явдаг нь монгол сайхан уламжлалт ёс шүү дээ.    
Ч.Л: -Хүмүүсийн ажил, амьдралынх нь суурийг тавилцдаг гэдгээрээ багш бол их сайхан мэргэжил. Багш хүний бахархал бол шавь нар нь л байдаг. Шавь нар нь амжилтаар дүүрэн байх тусам багш хүн баярладаг. Багш болж буй хүмүүсийг анзаарахад гэр бүлд нь заавал нэг багш байдаг шиг санагддаг. 
-Та хоёр ер нь оюут­нууддаа юуг чухалчлан захидаг вэ?
Ш.Ч: -Нэг юм хийвэл эцэст нь тултал нь мохоож, шавхаж, судалж хий гэж зааж сургадаг. Би өөрөө өрөө дүүрэн номтой. “Номын тоос чинь дийлдэхгүй юм” гээд эхнэртэйгээ хэл амтай л суудаг. Би тэр их номыг яагаад цуглуулдаг вэ гэхээр би өөрөө монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн ч Монголын судлалын чиглэл, тэр тусмаа 13 дугаар зуунаас хорьдугаар зууны эхэн үе хүртэлх сурвалж бичгүүдийг судалж, зааж, сургаж яваа болохоор надад монголын угсаатны зүй, ёс заншил, мал аж ахуй, шашин шүтлэг, ардын аман зохиол гээд тал талын монголын судлалтай холбоотой, судалгааны болон эх бичгүүд зайлшгүй хэрэг болдог. Зарим хүн намайг юм юм самардаад байдаг гэж хэлж магадгүй. Гэхдээ монголын судлалаар ажиллаж байгаа хүнд тал талын юм үзэж, уншиж, судалж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Ер нь шавь нараа бас л нэг чиглэлд явцуурахгүй, өргөн хүрээнд юм уншиж, харж, сэтгэж байхыг сануулдаг. 
Ч.Л: -Өөрийн зан араншин, дур сонирхолдоо нийцсэн мэргэжлээ сонгож суралцаж байгаа гэдэгтээ итгэлтэй болохыг захидаг. Тийм биш бол өөрт үнэхээр тохирсон мэргэжлээрээ суралцах хэрэгтэй. Сонир­холтой зүйлдээ сурал­цаж буй хүүхдүүд юм сурах гэж тэмүүлдэг. Бакалаврын сургалт гэдэг хүнд мэдэх ёстой бүгдийг хэлж өгдөг зүйл биш. Бакалаврын сургалт гэдэг бол тухайн чиглэлээрээ шинэ зүйл мэдэж авахад шаардлагатай суурь мэдлэг, сурах чадварыг олгодог. Ийм мэдлэг чадвар эзэмшиж, хувь хүнийхээ хувьд хөгжиж, бие хүнийхээ хувьд зохих хандлага төлөвшсөн төгсөгч аяндаа өөрийгөө хөгжүүлээд амжилтад хүрдэг. Иймд бие даан сурах чадвараа сайжруулж өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй болохыг захидаг. Ер нь товчхондоо бол хүний амжилтад хүргэх гурван зүйл бол итгэл, сэтгэл, зүтгэл гурав юм гэж захидаг. 
-Одоогийн оюутнуу­дын сул болон давуу та­лыг та юу гэж хардаг вэ?
Ч.Л: -Бидний үед багш нар их ховор байсан. Зарим багш нь нэг ирэхдээ олон өдрийн хичээлийг нэг дор заана. Энэ хугацаанд амжиж багшаас үг сонсохгүй бол өөр газраас мэдээлэл авах, мэдэх боломжгүй. Интернет биднийг төгсөх жилд л орж ирсэн. Мэргэжлийн ном их ховор. Тийм учраас багш нарын хэлсэн үг бидний хувьд хамгийн чухал байлаа. Нөгөө талаас юм их ховор учраас жижигхэн зүйлд их гайхна, сонирхоно, мэдэхийг шимтэнэ. Одоо­гийн оюутнуудын хувьд нөхцөл их сайхан бүрдсэн. Бүх юм байна, баргийн зүйлд гайхахаа больсон. Гайхахгүй гэдэг нь аливаа зүйлд хорхойсож улайрахгүй байх сул тал байна. Сургалтын хэлбэр ч их өөр болсон байна. Интернетэд бүх зүйл байна. Боловсрол нээлттэй болж байна. Хэлтэй, эрмэлзэлтэй л бол багш нарын лекцийг сонсох шаардлага алга. Алдартай профессоруудын хичээлд онлайнаар сурч болж байна. Багшийн үүрэг ч өөр болсон. Одоо хүүхдүүдэд мэдээлэл, мэдлэг хүргэх гэхээсээ илүүтэй хүүхдийг мэдлэг олж авах, сурахад нь туслах үүрэгтэй болж байгаа.


-Таны хувьд одоо ямар судалгааны ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?
Ч.Л: -Нэг хэсэг бүрэл­дэхүүн сургуулийн захирал хийж байгаад судалгааны ажлаас хөндийрсөн ч одоо буцаад судалгааны ажил­даа шаргуу орж байгаа. Өөрөө судалгааны ажил хийхээс гадна таван өөр чиглэлийн судалгааны группийг нэгтгээд машин оюуны лаборатори хэмээх судалгааны нэгж байгуулсан. Сая дурдсан таван чиглэл нь цахим хэл шинжлэл, мэдлэг ба өгөгдлийн инженерчлэл, машин хараа буюу дүрс боловсруулалт, робот, дүрслэл юм. Энэ лабора­торид судалгаа эхэлж байна. Сүүлийн үед хийж буй нэг ажил маань модон барыг тэмдэгтээс бичвэрт хөрвүүлэх юм. Модон барын судруудын зургийг бичвэр болгох тал дээр ажиллаж байгаа. Үүнээс гадна үйлдвэр­лэлийн автомат­жуулалттай холбоотой судалгааны ажлууд хийж байна. Японы эрдэмтэдтэй хамтраад халдварт өвчнийг илрүүлэн оношлох судалгааг хамтран хийгээд явж байгаа. Харвардын их сургуулийн Ганмаа докторын багтай хамтраад идэвхтэй сүрьеэг эрт үед нь илрүүлэх судалгааг бас эхлүүлсэн.  
-“Залуу байхдаа цалин мөнгөгүй ч хамаагүй салбарынхаа шилдгийг дагаж суралц. Энэ нь танд юу юунаас ч илүү үнэтэй зүйл” гэсэн таны жиргээг олон жилийн өмнө харж байснаа мартдаггүй юм. Ярилцлага авах боломж олдвол энэ талаар асууна гэж боддог байлаа. Магадгүй энэ хэлсэн үг таны амьдралаасаа олж авсан туршлага уу?
Ч.Л: -Би гуравдугаар курсээ төгсөөд “MCS”-д ажилд ороход эхний сарын цалин маань хоолны мөнгөө хасаад гарт ирсэн нь 20 мянган төгрөг байсан. Нөгөө олон улсын төсөлд орж ажиллах хүртэл оюутан гэдгээрээ ерөнхийдөө цалин бага байсан. Гэхдээ би тэнд маш их зүйл сурсан. Энэ нь эргээд миний амьдралд тулгуур болсон, туршлага хуримтлуулсан хугацаа байлаа. Залуус ажилд орохдоо хамгийн түрүүнд цалин асуух нь элбэг. Гэтэл гаднын оюутнууд ажилд орохдоо “Би энд орсноор юу сурах, хэрхэн хөгжих вэ, ямар туршлага хуримтлуулах вэ” гэдгийг түрүүлж асуудаг. Тухайн компани ч яагаад манай компанийг сонгох гээд байгаа вэ гэдэг хандлага, эрмэлзлийг харгалзаж ажилд авдаг. Цалингүй ч хамаагүй, туршлага хуримтлуулна гэдэг бол өөрийн ирээдүйн үнэ цэнээ бүрдүүлж байна гэсэн үг. Би нэг жишээ ярья л даа. Нэг америк өвгөн үйлдвэрийн тоноглол засах гээд ирж. Тухайн тоноглолын дэргэд 10 минут зүүрмэглэж байснаа босож ирээд нэг газар нь алхаар тоншсоноо “1000 доллар” нэхэмжилжээ. Нөгөө байгууллагынхан “Та бараг унтаж байгаад ганцхан тоншчихоод юун 1000 доллар вэ. Та задаргаагаа бич” гэж хэлж л дээ. Гэтэл өвгөн “Алх таван доллар, 40 жилийн туршлага 995 доллар” гэж биччихээд яваад өгсөн гэдэг. Сонсож байгаад энд нь эвдэрсэн байна гэдгийг оношилтлоо тэр хүн маш олон жил хөдөлмөрлөсөн. Туршлага хуримтлуулна гэдэг чухал асуудал. Али­вааг хийх нарийн ухаан ноу-хауг туршлагатай хүнийг дагалдаж байж л мэдэж авдаг, тодорхой чадва­руу­дыг эзэмшдэг, турш­лага хуримт­луулдаг. Түүнээс биш энэ бүхэн хэзээ ч номд бичээстэй байхгүй. Ийм учраас залуус хамгийн түрүүнд “Би хаана орвол юу сурах вэ” гэдгийг бодох хэрэгтэй. Үүний дараа аяндаа танд хэн нэгэн хэд дахин өндөр цалин амладаг болно. 
-Та ер нь хүүхдүүддээ Монгол бичиг заасан уу. Өөрсдөө л аяндаа сурчихсан уу?
Ш.Ч: -Манай хүүхдүүд аль нь ч гэсэн монгол бичгээр уншчихна. Би хэнд нь ч монгол бичиг заагаагүй. Гэрээр дүүрэн байх монгол бичгийн номыг хараад өөрийн эрхгүй сурах хүсэл төрсөн биз. Бас тэр үед би телевизээр хичээл заадаг байсан. 
Ч.Л: -Аав ер нь бидний хэнд нь ч монгол бичиг зааж байгаагүй. Бид өөрсдөө л сурсан. Жишээлбэл, би яаж сурсан бэ гэхээр аав оюутнуудын дэвтрийг авчраад хураагаад тавьчихдаг байсан. Хамгийн сүүлд бичсэн хэсгийг нь шинэ дэвтэр дээр хуулж бичдэг. Хуулж бичих ч гэж дээ дуурайж зурдаг. Дуурайж зураад оюутнуудын дэвтэр дундуур шургуулчихаар аав анзаарахгүй засчихдаг. Хүүхэд болохоороо түүнд нь баясна. Яг ном ёсоор нь бол зурагтаар зааж эхлэхэд нь дагаж сурсан. 
-Соёл бол үндэстэн оршин тогтнохын төлөө ба­талгаа гэдэг. Бидний соёлынхоо төлөө хийж ча­дах,  хайрлан хамгаалах хамгийн энгийн алхам юу вэ?
Ш.Ч: -Соёл гэдэг үг 1920-1930 онд нэр томъёо болж гарч ирсэн үг. Уг үг нь бол соёх гэдэг үг. Үйлийг нэр болгодог “л” дагавар залгахаар соёл болно оо доо. Соёх гэдэг нь хүнийг сургах, хүмүүжүүлэх, гэгээрүүлэх гэсэн утгатай үг. Хэл өөрөө соёл оршин тогтнохын суурь нь юм гэж барууны эрдэмтэн хэлсэн байдаг. Соёл гэдэг маш өргөн агуулгатай. Монголын соёл гэдэг бол үнэхээр өвөрмөц шинж төрхтэй. Яагаад гэвэл монголчуудын хэл сэтгэлгээ их өвөрмөц. Соёлын язгуурын цөм нь монгол хэл, сэтгэлгээнд л бий. Тэрхүү монгол хэлийн язгуур утгыг мэдье гэвэл яах аргагүй монгол бичгээ сурч мэдэх хэрэгтэй. Монгол бичгийн зөв бичих дүрэм нь 800-гаад жил тогтвортой явж ирсэн тул монгол хэлний үгийн гарлыг харах толь мэт байдаг. Нөгөө талаар үе үеийн монголчуудын соён гэгээрүүлсэн асар арвин судар номын өвийг энэ л бичгээр туурвисан байдаг. Өнөөдөр монгол дээл өмсгөл, эрийн гурван наадам, дуу хуур, элдэв зүйлийн урлан бүтээсэн зүйлийг л монгол соёл гэж өнгөцхөн ойлгодог хүмүүс байдаг байж магадгүй. Монгол соёл гэдэг бол Монгол хэл сэтгэлгээндээ л байдаг гэдгийг давтан хэлье. Тийм учраас Монгол хүн монгол соёлтойгоо байя гэвэл монгол хэл, монгол бичиг, монголчуудын буурал түүхийг ташаагүй тэмдэглэсэн судар шасти­рыг эзэн шиг эзэмшиж, Монголоо гэсэн язгуур үзэл бодол цусанд нь шингэж, ясанд нь нэвчсэн байх хэрэгтэй. Монголчуудын тусгаар тогтнолын язгуур үндэс нь тэр мөн. 
Ч.Л: -Соёлын талаар би хэлэх нь илүүц биз. Зүгээр бодлоо хуваалцъя. Соёл гэдэг байгууллагын хүрээнээс үндэстний хүрээ хүртэл хэрэглэгдэнэ. Тухайн байгууллагын үнэт зүйл нь юу байх юм, ямар итгэл үнэмшилтэй байх вэ, ямар хандлагатай байх вэ гэдгийг төлөвшүүлж, хэвшүүлснээр нэгдсэн соёлтой болдог. Манайд байгууллагын соёлыг ам­жилт­тай төлөвшүүлсэн ком­пани, байгууллага нэлээд бий. Улмаар соёл байгууллагын хэмжээнд, тухайн оршин сууж байгаа газар нутгийн хэмжээнд, үндэсний хэмжээнд гэх мэтчилэн томроод явахаар үүний цаана соёл гэж юуг хэлэх вэ гэдэг нь гарч ирэх байх. Соёлыг тээж явж байгаа ард түмний итгэл үнэмшил, сэтгэлгээ, үнэт зүйлийн суурь нь адилхан байх ёстой. Үүнийг хүүхдүүдэд яаж суулгах вэ, хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуудал хамгийн чухал байх. 
Ш.Ч: -Монголчуудын соёл их өвөрмөц л дөө. “Монгол соёлын хамгийн өвөрмөц зүйл нь бол нүүдэлчин ард түмний задгай сэтгэлгээ” гэж нэг гаднын хүн хэлж байсан. Тэр бол үнэн. Нүүдэлчид маань хэдхэн хоноод бууриа сэлгэж, шинэ газар бууж, шинэ орчинд дасдаг. Талын энгээр сэтгэж, тэнгэрийн гүнээр сэтгэдэг уужуу хүмүүс чинь ан амьтан, ус ургамал, тэнгэр хангай, од эрхэсийг хүртэл ажиглан харж мэддэг. Хот айлынханд гаднын хүн ирэхэд “Хүн ирлээ. Холын сонин сонсъё” гээд тэр айлд очдог. Монголчууд уулзаад “Сонин юу байна” гэдэг чинь тэр шүү дээ. Шинэ, сонин юм сонсож мэдэх гэж байгаа нь тэр. Нүүдэлчин хүмүүс аливаа зүйлийг тал талаас нь хардаг ой санамж гэдэг нь гайхамшигтай. Хэдэн зуун хоньтой хүн хотон дундуураа нэг явчихаад л ганц дутууг нь олно. Энэ сэтгэлгээ, язгуурын удамшил ямар болов ч өнөөгийн бидэнд уламжлагдаж ирсэн байх ёстой. Сүүлийн үед дөрвөн ханатай байшин, компьютерийн дэлгэц хоёрын хооронд хавчигдаад алга болж байна. Би арав гаруй жилийн өмнө яг энэ сэдвээр Л.Түдэв гуайг урьж багш, оюутнуудад яриа хийлгэж байсан юм. Тэр үед “Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ улам л явцуу болоод байна уу” гэж асуухад “Талын энгээр харж, уртын дуу аялж явсан хүмүүс чинь дөрвөн хананы дунд орохоороо тэр хэмжээгээрээ сэтгэлгээ нь хязгаарлагдахгүй яахав” гэж хэлж байсан. Монгол хүний юм юмыг овсгоотой хурдан сурдаг язгуурын удамшлын тэр нэг шинж монголчуудад байгаа. Нүүдэлчин сэтгэлгээнийх нь овсгоотой, аливаа зүйлийг хурдан сурдаг чанар бол хадгалагдаж үлдсэн л байж таарна. Бүх зүйл бэлэн болоод, хүний ажлыг хөнгөвчилж байгаа нь сайн хэрэг. Гэвч сөрөг талууд нь хамаагүй их байна. Хотынхон бол яахав гэхсэн. Би хөдөөнийхөнд их харамсаж явдаг. Миний багад хурга хариулна гэж айхавтар ажил байлаа. Өдөрт хонио хоёр саадаг байсан. Гэтэл одоо хонь битгий хэл үхрээ саахаа болиод, цайныхаа сүүг авчихаад л гэрийнхээ сүүдэрт сууж байдаг болж. Эрчүүд нь мотоцикль, машин унаад морь, тэмээгээ сургахаа больсон. “Сөг гэхэд хэвтээд хойг гэхэд босдог номхон тэмээ арвыг олоод ир” гэхэд хэцүү болжээ. Морийг уралдахын тулд л сургаж байна. Эхнэр хүнийг үйлэнд уран бол гэж ерөөлийн үгэнд байдаг. Гэтэл одоо үед дээл хувцсаа өөрөө оёод өмсчихдөг эхнэр хэд байгаа бол. Бид хувцсаа худалдаж аваад өмсчихнө л дөө. Гэхдээ түүнийг дагаад хэдэн янзын оёос, шаглаас гээд нарийн урлаг, монгол соёл мартагдаж байна. 
Ч.Л: -Хэрвээ уулын энгэрт ганцаараа байгаа айлд ямар нэг асуудал тулгар­лаа гэхэд тэд өөрс­дөө ший­дэхээс өөр аргагүй. Тиймээс асуудлыг тодор­хой­лох, боломжит шийдэл эрэлхийлэх, түүнийгээ хэрэг­жүүлэх чадвартай болдог. Огт шийдэж чадахгүй асуудал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл. Тэгэхээр өөрсдийн шийдэж чадахгүй асуудлуудаа бол ажиглаж, таамаглаж сурдаг. Байгалийн үйл явцыг удаан хугацаанд ажиглан, цуглуулсан өгөгдлөө боловсруулан, урьдчилан таамаглах мэдлэгийг бүтээдэг шүү дээ. Одоо бол машин ийм маягаар сурдаг болсон. Орон нутагт байгаа хүүхдүүд бол асуудлыг шийдэх чадвар нь илүү сайн байдаг ч тулгарч байгаа асуудлууд нь хэдхэн тоонд л эргэлдээд байдаг. “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгээс харж байхад хөдөө орон нутгийн хүүхдүүд яг бодит асуудал шийдэх гэж орж ирдэг. Харин хотоос оролцож байгаа хүүхдүүд олон асуудал сонгож авдаг ч яг шийдэх тал дээр муу байдаг гэх мэт онцлогууд бий. Тэгэхээр бид энэ нүүдэлчин амьдралаас үүдэлтэй хайрцаглагдаагүй сэтгэлгээгээ хөгжүүлж глобал асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд ашиг­лаж сурах хэрэгтэй. Өрхийн хэмжээнд шийдэж, үйлд­вэрлэдэг, “монголчилдог” байсан бол дэлхийн энтэй сэтгэж, шинжлэх ухаанчаар технологи болгон, массын үйлдвэрлэл болгон хөгжүү­лэх шаардлагатай болж байна. 
-Таны судалгааны ажил, ном, зохиол, бүтээ­лийн талаар ярилцвал сонины хэдэн зуун нүүр ч багадна. Гэхдээ таны онцлох ажил Монголын түүхийн 30 ботийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. А.Цанжид сайдын үед хэвлэгдэж байсан гэж сонссон? 
Ш.Ч: -Монгол хүн монгол бичгээрээ бичсэн монголын түүхийн зохиолыг шигшээд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд 30 боть ном болгон хэвлүүлж гаргасан. Энэ дунд та нарын олж уншиж чадахгүй, эх хувь нь Монголд байдаггүй зохиолуудыг олж, олон эхийг харьцуулж, кирилл үсэг рүү хөрвүүлээд үгийн тайлбар хийж, дэлгэрэнгүй удиртгалтай хэвлүүлсэн. Сүүлд 33 боть болгож дахин хэвлүүлж гаргасан. Үүнийг шавь нар болон мэргэжил нэгт нөхдийг баг болгон бүрдүүлж, өөрөө гардан удирдаж, хянан тохиолдуулж гаргасан. Олон хоног нойр хоолоо хасан байж, ёстой чөмгөө дундартал сууж үүнийг гар­гасны учир бол өнөөгийн залуучууд болоод дараа үеийнхэн өвөг дээдэс маань, өөрийнхөө удам суд­рын түүхийг хэрхэн бичиж, Монгол бичгийн мэргэд чухам юу бодож, юуг ухаа­раасай гэж бичсэнийг ойл­гох болтугай л гэж үйлдсэн хэрэг. Хүмүүст хэрэгтэй л юм болсон юм билээ. 
-Ардын багш хэмээх хүндтэй алдрыг хүртсэн цөөхөн хүний нэг нь та. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наад­мын үеэр энэ шагналыг авч байсан. Очих ёстой шаг­нал эзэндээ очлоо хэмээн олон хүн баярлаж байсан. Харин энэ үед танд ямар бодол төрж байв?
Ш.Ч: -Яг энэ үеэр хүнд өвдөж, Өвөрмонголын эмнэ­лэгт сар хагас хэвтэж байж арай гайгүй болоод, ирсэн даруйдаа Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж, хүнээр түшүүлээд ойр зуур явдаг болсон байсан. Шагналаа авахдаа хүнээр түшүүлж, таягаа тулж очиж авчихаад гараад ирсэн чинь олон улс уухай хашхираад хүлээж авсан. Их сайхан санагдаж байлаа. Түүнээс хойш хэдэн өдөр энэ муу утсыг минь халтал хүмүүс ярьсан. Шавь нар хэлэхдээ интернэтээр олон зуун хүмүүс баяр хүргэсэн байна гэж хэлж байлаа. Ямар ч байсан Монголын ард түмэн болох ёстой хүн нь авах ёстой цолоо авлаа даа гэж хүлээж авлаа даа гэж байгааг мэдээд би их баярласан. Мэдээж хэрэг энэ өндөр цолыг хүртээсэн төр, засагтаа баярлалгүй яахав.
-“Хоймор” булангийн уламжлалт асуулт байдаг юм. Таны хувьд  Монгол айл бүр хоймортоо юуг залаасай гэж хүсдэг вэ?
Ш.Ч: -Монгол хүн болгоны хойморт өвөг дээдсээс уламжилсан бурхан шүтээн, ном хоёр л байх ёстой. Хүний сэтгэл ариун байхын тулд хүнд итгэдэг, биширдэг, зүйл зайлшгүй байх хэрэгтэй. Өвөг дээдсийн зураг хөрөг байлгүй яахав. Айл гэрийн хоймор ариун байх ёстой. Хоймортоо бурхан шүтээн, ном судраас гадна өөрийн өвөг дээдсээсээ уламжлагдсан нандин зүйлсээ байлгаж л байх хэрэгтэй. Үе дамжиж ирсэн адис жанлавтай зүйлийг залах ёстой. Гэрийн хойморт гэрийн эзэн суух ёстой боловч яг голлож суудаггүй. Учир нь ар талаа бурхан шүтээн рүүгээ харуулахгүйг боддог хэрэг. 
-Ахмад үеэсээ үг сонсох нь өнөөгийн залуусын нэгэн үүрэг хэмээн тодотгож болох байх. Тиймээс сониноор маань дамжуулан үг дайгаач ээ гэвэл та юуг захих вэ?
Ш.Ч: -Энэ цаг үед залуустаа “Би монгол хүн” гэж ам бардам хэлэхийн тулд юуг мэдэж, эзэмших ёстой вэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Их эзэн Чингис хааны гал голомтыг сахисан, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдэг үнэхээр хүндтэй үүрэг хариуцлага шүү. Энд би эрхийг ярихгүй, үүрэг хариуцлагыг л ярьж байна. Өнөөгийн манай залуучууд эрх ярихаас биш үүрэг хариуцлага, сахилга бат гэдгийг хэлж ярихгүй мартаад байна. Монгол Улсын иргэн хүний үүрэг хариуцлага юу байх ёстой вэ гэдгийг та бүхэн эргэцүүлж нэг бодоорой. Юуны өмнө та бүхэнд эх оронч үзэл, үндэсний үзэл хэрэгтэй. Харин үндсэрхэг үзэл биш шүү. Тэр бол буруу зүйл байдаг. Юуны өмнө аялгуу сайхан монгол хэлээ төгс эзэмшиж, Их эзэн Чингис хааны төрийн бичиг болгосон үндэстний бичгээ сайн сурч, түүгээр туурвисан олон зууны судар шастираа уншиж ухаараарай. 
Өнөөдөр хүн бүр хэт хувиа хичээн, шуналын галд автаж, мөнгөнд чөдөрлөгдөж байна. Шуналын галд хязгаар байдаггүй, өөрийгөө шатаахаас нааш дуусдаггүй зүйл. Санаа сайн бол заяа тэгш гэдэг. Тиймээс сэтгэл санаагаа ариусгаж явах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, Монгол Улс цаашид хөгжиж дэвжихэд эв эе маш чухал. Үүнийг хэдэн зууны тэртээ буюу 1765 онд Урадын мэргэн гэгээн Лув­сандамбийжалцан “Алтан товч” хэмээх түүхийн зохиолдоо, Дэлхийг донсолгосон Их Монгол Улс яагаад салж сарнисныг болон цаашид хожмын үед юуг санаж явах ёстойг яруу тодорхой дөрвөн мөрөөр шүлэглэн өгүүлсэн байдаг. Мэргэн гэгээн бээр бичихдээ 
Эх нэгэн модноос дэлгэрсэн салаа
Эе үгүй самуунд хохирч салаад, 
Эцэстээ навч нь бутарч одсон
Энэ гэмийн үүсгэлийг үүрд цээрлэ хэмээжээ. Ер нь үе үеийн бичгийн их мэргэд, монголын түүхийн сурвалжуудыг бичсэн эцсийн эрхэм гол зорилго эцсийн захиас нь энэ л байдаг юм. Өнөөдрийн цөөхөн монголчууд ч гэсэн үүнийг л ухаарч, өдөр тутам санаж явах хэрэгтэй болжээ.