Дэлхийн шилдэг их сургуульд элсэх дөрвөн алхам

Холын мөрөөдөл шиг санагдаж байсан Харвард, Иел зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад Монголоос элсэн суралцсан хүүхдүүд улам олон болж, хүсвэл хэн ч суралцах боломжтой гэдгийг харуулж байна. Тиймээс энэ сургуулиудад элсэхийн тулд хэрхэн юунаас эхлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

1. Манай улсын их, дээд сургуулиуд хичээлийн жилээ дууссаны дараа элсэлтээ авдаг. Тэгвэл Америкийн их сургуулиуд найман сараас өргөдлөө авч эхлэн 1-2 дугаар сард бүртгэлийн хугацаа нь дуусдаг. Тиймээс өргөдөл явуулах хугацаанаас хоцрохгүйн тулд өмнөөс сайтар бэлдэх хэрэгтэй. 12 дугаар ангиа төгсөөд шууд их сургуульдаа явъя гэвэл арваннэгдүгээр ангийнхаа хавраас шалгалтуудаа өгч, сургуулиа сонгож эхлэх хэрэгтэй. Шалгалтуудын бүртгэл нэг сарын өмнө дуусахаас гадна хариу нь мөн ойролцоогоор нэг сарын дараа гардаг. Иймээс шалгалтын оноо шаардлагатай цаг хугацаа, багшаасаа захиа авах хугацаа, дүнгийн тодорхойлолт зэрэг хэрэгтэй бичиг баримтаа орчуулуулах хугацаагаа тооцож үзээрэй.

2. АНУ-ын их дээд сургуулиуд сураг­чийг шал­гал­таар хязгаар­ладаг­гүй. Хувь хүн талаас нь хичээл зүтгэл, идэвхи санаачилга зэргийг харж, олон талт шалгуур элсэгч­дэдээ тавьдаг ч стандарт шалгалтын оноо­гүй бол өргөдлөө явуулж чадахгүй. Ийм учраас SAT, TOEFL/IELTS гэсэн хоёр шалгалтыг заавал өгдөг. 

SAT
SAT нь сурагчдын ерөн­хий чадварыг шалгасан унших бичих чадвар, математик, эсээ бичих чадвар гэсэн үндсэн гурван хэсэгтэй байдаг. Унших, бичих чадвар нь 800 оноо, математик нь 800 оноотой байдаг бөгөөд энэ тестийг гурван цагт хийж дуусгах ёстой. Эсээ бичих чадварын хэсэг нь сонголтоор орсон байдаг ч ихэнх дээгүүр үнэлгээтэй сургуулиуд энэ хэсгийн оноог шаарддаг бөгөөд уг шалгалтыг өгөхөд нэмэлт төлбөр шаарддаггүй. Шалгалтыг жил бүрийн хавар (3, 4, 5, 6 дугаар сар), намар (10, 11, 12 дугаар сар) авдаг бөгөөд тухайн жилээсээ хамааран өөрчлөгдөх боломжтой. Шалгалтад орохоос нэг сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна шалгалтын дүн хоёр долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаанд гардаг учраас хэзээ өгөхөө сайн бодож шийдээрэй. Бүртгүүлэхээр шийдсэн бол “Collegeboard.org”-оос мэдээлэл авч шалгалтдаа бүртгүүлнэ. 

TOEFL/IELTS 
Эх хэл нь англи хэл биш, сүүлийн таван жилийн хичээлийн хөтөлбөр нь англи хэл дээр ороогүй бол монгол сурагчид хэлний чадвараа батлан харуулахын тулд энэ хоёр шалгалтын аль нэгийг өгнө. Эдгээр шалгалтын үнэлгээг  хооронд нь шилжүүлэн тооцдог учраас шалгалтынхаа бүтэц, авах хугацааг нь судалж байгаад өөрт тохирсноо сонгож болно. Жишээ нь IELTS-ийг цаасаар өгдөг, хүнтэй нүүр нүүрээ харан ярилцаж авдаг бол TOEFL-ийн шал­галтыг интернэтээр өгдөг. Шалгалтуудын аль алийг нь бараг сар болгон авдаг бөгөөд шалгалт боло­хоос нэг сарын өмнө бүртгүүлнэ.

3. Америкийн сургуулиуд ихэнх нь нэгдсэн нэг өргөдөл авдаг учраас сургууль болгонд зориулж өргөдөл бэлдээд байх шаард­лагагүй. Ерөнхийдөө хувийн болон гэр бүлийн мэдээлэл, хичээ­лийн дүн, шалгалтын хэсэг, хичээлээс гадуурх үйл ажилла­гаа, эсээ гэсэн хэсгүүдтэй байдаг. Эдгээрээс монгол хүүх­дүү­дийн хамгийн их санаа зовоодог хэсгүүд нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон эсээ бичлэг. Монгол хүүхдүүд дундаж дүн, шалгалтын оноогоо төвөггүй авчихдаг ч хичээлээс гадуурх үйл ажиллагаанд багаасаа оролцдоггүй, идэвхи муутай байдаг нь сургуульд элсэн ороход гол саад болдог. Энэ хэсгээр сурагч хичээлээс гадуур өөртөө цаг гаргаж чаддаг, шинийг санаачлах чадвартай, нийгэмдээ тустай зүйл хийх хүсэл эрмэлзэлтэй гэдгийг харуулдаг. Иймээс сурагчид есдүгээр ангиасаа эхлэн сонирхлоороо урал­даан тэмцээнд орох ч юм уу, сургуулийнхаа клубд явж байхгүй бол өөрөө байгуулах зэргээр санаа­чилгатай байх хэрэгтэй.

Эсээ
Их сургуулиудад өөрий­гөө илэрхийлэх эсээ бичих нь шалгалттай дүйцэхүйц чухал байдаг. 650 үгэнд багтаан тухайн жилд өгсөн сэдвээр эсээ бичих бөгөөд үүнийгээ маш сайн бодож, өөрийгөө яаж харуулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Элсэлтийн мэргэ­жилтнийхээ сонирх­лыг татах, санаанд нь үлдэх эсээ бичиж байж л чамтай яг адилхан оноотой хэдэн зуун хүүхдээс ялгарч сургуульдаа орж чадна. 

Тодорхойлох захидал
Ихэнх сургууль нэгээс хоёр багшаас сураг­чийг тодор­­хойлсон захидал, сургуу­лийн зөв­лөхөөсөө захидал авахыг шаарддаг. Монголын их сургуульд үүнийг шаард­­даг­гүй учраас багшдаа эртнээс ийм захиа авмаар байгаа­гаа ойлгуулж, хэр­вээ хэрэгтэй гэж үзвэл англи хэлээр бичихэд нь орчуулж туслаарай. Ихэнх монгол багш хүүхдүүдийн гаргасан амжилтыг тоочиж бичдэг. Гэтэл үүнийг хүү­хэд өргөд­лийнхөө хэсэгт бич­чих­дэг учраас тухайн хүүх­дийн зан чанар, хичээл зүт­­гэ­­лийн талаар бичих хэрэг­­тэй байдаг. Энэ мэ­тээр то­дор­­­хой­лох захиа ямар бай­даг жишээнүүд уншиж үзээд багшдаа хэлэх хэрэгтэй.
“Commonapp.org”-оор бүртгүүлж өргөдөл явуулна.

4. Монгол хүүхдүүд АНУ-ын топ гэгдсэн хэдхэн хэцүү шаардлагатай сургуулийг сонгож өргөдлөө явуулдаг нь мөн их сургуульд орох боломжгүй болдгийн нэг шалтгаан. Интернэтээр хайгаад үзэхэд гадаад оюутнуудад тэтгэлэг өгдөг маш олон сайн сургуулиуд гарч ирдэг. Одоо үед сургуулиуд олон улсын хүүхдүүд сурч байгаа гэж харагдахыг хүсдэг болсон учраас өмнө нь монгол хүүхэд явж байгаагүй эсвэл одоо байхгүй сургуульд өргөдлөө явуулбал орох магадлал ихэснэ. Хэдийгээр сургуу­лийн академик сургалт, байрлах орчин чухал ч монгол сурагчдын хувьд тэтгэлэг өгч байгаа эсэхийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй болдог. Жилд 50 гаруй мянган долларын төлбөртэй байдаг учраас энгийн монгол айлын хувьд бүх зардлаа өөрс­дөөсөө гаргах боломж хомс байдаг. Ийм учраас “Гадаад оюутанд тэтгэлэг өгдөг сургуулиуд”, “Гадаад оюутанд санхүүгийн тус­ламж өгдөг сургуулиуд” гэх мэтээр хайж үзээд сур­гуульдаа судалгаа хийж өөрт таалагдсан сургуулиу­даа сонгох нь зүйтэй.

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд АНУ-ын Дрекселийн их сургуулийн загвар зохион бүтээгчийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Д.Сийлэн, ДэПаув их сургуулийн эдийн засаг, сэтгэл судлалын ангийн нэгдүгээр курсийн оюутан Н.Нэмэхбаяр нартай ярилцсанаа хүргэе.

-Их сургуульдаа өргөдлөө явуулахад тулгарсан хамгийн том бэрхшээл тань юу вэ?

Д.Сийлэн:
-Миний хувьд сургуулиасаа анх удаа Америкийн их сургуульд урлагийн чиглэлээр элсэж орж байгаа учраас бэрхшээл их байсан. Тусалж зөвлөгөө өгөх хүн ховор. Өөрөө л бүх зургийн цомгоо бүрдүүлж, ерөнхий эсээнээс гадна зураг дизайны талаар 2000 үгтэй эсээ бичсэн. Ангийнхаа бусад хүүхэдтэй ижилхэн хугацаанд өргөдлөө явуулсан ч илүү их зүйл хийх ёстой байсан учраас цаг их давчуу, хэцүү байсан.

Н.Нэмэхбаяр:
-Өргөдлөө өгөхөд тулгарсан хамгийн том бэрхшээл нь санхүүгийн баримтаа явуулах байсан. Ер нь гадаадад сурч байгаа хүүхдүүдийн гэр бүлийн жилийн орлого хамгийн багадаа 10000 доллар байдаг байхад минийх 4000 доллар ч хүрэхгүй байсан. Гэсэн ч бууж өгөлгүйгээр бүх бичиг баримтаа явуулсан. Гэтэл миний явуулсан бараг бүх сургууль өргөдлийн хариу өгөх хугацаанаас ч өмнө санхүүгийн нөхцөл байдлаас болж миний материалыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр үед л хамгийн их шантарсан.

-АНУ-д 4700 гаруй их сургууль, коллеж байдаг. Энэ олон сургуулиас өөртөө тохирсон сургуулиа хэрхэн сонгосон бэ?

Д.Сийлэн:
-Би долдугаар  ангиа­саа эхлэн өөрийн мэргэжлийн чиглэлийн хамгийн сайн сургуулиу­дыг интернэтээс хайж, судалж эхэлсэн. АНУ-аас бусад орнуудад сонирхож байсан мэргэжлийн маань чиглэлийн сайн сургуулиуд байсан ч Америкт суръя гэсэн хүсэлтэй байсан. Тиймээс загвар зохион бүтээгчийн чиглэлээрээ Америкт гуравдугаарт ордог Дрекселийн их сургуульд өргөдлөө явуулж, тэнцсэн.

Н.Нэмэхбаяр:
-Сургуулиа хэр их тэтгэлэг өгдөг, олон улсын сурагчид хэр их байна, ямар сургалтын программтай вэ гэдгийг нь харж сонгосон. Одоо сурч байгаа сургууль маань олон улсын сурагчид ихтэй, тэтгэлэг нь дундаж. Хамгийн гол нь жижиг сургууль гэхэд олон төрлийн мэргэжлээр өргөн цар хүрээтэй сургалт явуулдаг. 

-Гадны их сургуульд ороход өрсөлдөөн их. Өргөдөл явуулсан хүүхдүүдийн талыг нь л сонгож авдаг. Яагаад энэ сургууль өөрийг чинь элсүүлж авсан гэж бодож байна?

Д.Сийлэн:
-“Шинэ-Эрин” сургуульд сурж байхдаа A/AS олон улсын шалгалтыг зургаар өгч зурах чадвараа сайжруулж байсан учраас миний зургууд нөлөөлсөн болов уу. Түүнээс гадна манай их сургуульд орон орны хувцасны түүхийг харуулсан музей байдаг. Би эсээндээ тэр музейд монгол үндэсний хувцас заавал байх ёстой гэж тайлбарлаж бичсэн. Манай соёл өвөрмөц, онцгой учраас энэ талаараа би өргөдөл хүлээж авч байсан хүнийхээ сонирхлыг татсан байх гэж бодож байна.

Н.Нэмэхбаяр: 
-Миний стандарт шалгалтуудын дүн айхтар мундаг байгаагүй ч гэсэн тэтгэлэг авсан нь гурван зүйлтэй холбоотой байх. Нэгдүгээрт, энэ сургуульд монгол сурагч байдаггүй. Өргөдөл хүлээж авсан хүн маань олон улсын соёлд их сонирхолтой байсан нь сонголтод нь нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, хувийн эсээ маань хэн хүнд хэлж байгаагүй сэдэвтэй, сэтгэл хөдөлгөм байсан. Энэ нь намайг хувь хүн талаас нь мэдэхэд их тусалсан. Гуравдугаарт, өргөдлөө явуулчихаад хариу хүлээх зуураа өргөдөл хүлээж авч байгаа хүнтэйгээ холбоотой байж, байнга асуулт асууж, найзууд шиг байсан нь хамгийн их нөлөөлсөн болов уу. Ерөнхийдөө сурлагын дүн гэхээсээ илүү сургуулиас гадна оролцсон хөтөлбөрүүд, хувийн зан чанар дээр маань тулгуурлан намайг сонгож авсан гэж бодож байна.