Цаазлагдсан цаазын ялыг сэргээснээр хүчирхийлэл буурах уу

“Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арваннэгдүгээр сард Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн саналдаа дурдсан байдаг. Түүний ийн өгүүлсэн саналын зорилго нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох юм.

Тэрбээр энэ саналаа хүргүүлснээс хойш тус яамнаас хариу ирүүлээгүй төдийгүй, ямар нэг санаачлага гаргаагүй хэмээн хууль санаачлагчийн хувиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна. Энэ шийдвэрийг гаргахдаа иргэд олон нийтийн нийтлэг хөнддөг саналыг үндэслэсэн хэмээсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг талаар дурдсан аж. Мөн түүнийг орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг иргэд шаардсан хэмээжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын ийн онцолсныг өнгөрсөн бямба гаригт болсон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоороо нэгдсэн иргэдийн жагсаал батлан харууллаа. Тэд төр засгаас хүүхдийн хүчирхийллийг анхааралдаа авахыг шаардан сайн дураараа нэгдсэн нь энэ. Гэвч уг асуудлыг анхааралдаа авч, цаазын ялыг сэргээхээр хуульд нэмэлт оруулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга хууль эрх зүйн хувьд боломжгүй гэдгийг түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн цагаас хуульчид сануулах болсон. Учир нь манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай II нэмэлт протоколд 2012 онд нэгдэн орсон. Уг протоколд нэгдэн орсон гишүүн орныг протоколоос гарах, хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг нэмэлт протоколоор хориглосон байдаг. Түүнчлэн цаазаар авах ялыг сэргээхээр ийнхүү оролдох нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болох аж. 
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхийлөгчийн тавьсан саналын дагуу ажлын хэсэг байгуулж, цаазын ялыг сэргээхээр судалж үзсэн байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалсан бөгөөд ажлын хэсэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааны яам, МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцсон ажээ. Ингээд олон улсын гэрээ эрх зүйн талаас нь нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протоколоос гарах хууль зүйн боломж байгаа эсэх талаар судалж, дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн төлөөлөл 100 хувь санал нэгтэйгээр манай улс нэмэлт протоколоос гарах боломжгүй, цаазаар авах ялыг дахин сэргээх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Монгол улс дахь Европын холбооны Төлөөлөгчийн газрын түр хамгаалагч Макро Ферритэй өнгөрсөн баасан гаригт уулзахдаа хэлжээ. Монгол Улс дахь Европын холбооны Төлөөлөгчийн газрын түр хамгаалагч Макро Ферри ч мөн Цаазын ялыг сэргээх нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн зарим тогтоол болон Европын холбоотой байгуулсан хөтөлбөртэй зөрчилдөнө гэдгийг сануулсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай II нэмэлт протоколд нэгдэн орсон гэдгийг Европын холбооны 28 орныг төлөөлөн сануулсан хэрэг байлаа.
Хэдийгээр нийгмийг цожроосон, энэ олон аймшигт хүчирхийллийн үйлдэлд төр анхаарлаа хандуулж, иргэдийнхээ амар тайван амьдрах баталгааг гаргах нь зүйн хэрэг ч уг сануулгаас дүгнэхэд цаазын ялыг сэргээх боломж бидэнд үгүй бололтой. Нөгөө талаас бид цаазыг сэргээх нь хүчирхийлэгчдийг үндсээр нь сугалах, ядаж л энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулах үр дүнтэй арга биш гэдгийг зарим иргэд болон олон улс хэлж байна. Бусад улсын туршлагаас харахад ч хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэнд цаазын ял оноодог байснаараа хүчирхийлэгчдийн тоо буурсан судалгаа байдаггүй гэдгийг хэлдэг. Ийм байхад Ерөнхийлөгч зургаан жилийн өмнө цаазлагдсан цаазын ялыг сэргээхээр ийн оролдож байгаа нь хүчирхийлэл үйлдэгчдийг дарах үр дүнтэй арга мөн үү гэсэн асуултыг үлдээж байна.