П.Бүрэнтөгс: Би уулын оргилд л гарна гэж зүтгэдэг

Бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой ирэх тавдугаар сарын 7-нд тохиох гэж буй билээ. Ойгоо угтаж тус галаас шат дараалсан олон үйл ажиллагаа явуулж байгааг манай сонин цаашид мэдээлэх болно. Тус галын тэргүүлэх бөхийн нэг, Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй ярилцлаа.

-Сайн байна уу, арслаан. Сайхан хавар­жиж байна уу. Ойрд юу аялаад байна даа?
-Тавлаг сайхан хаваржиж байна. Үндэстэй бүхэн төлждөг энэ улирлын маань урь ороод сайхан зун болох болов уу. Наадам өдөр өдрөөр ойртсоор байгаа болохоор барилдааны бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлж байна. 
-Саявтар Өмнөговь аймагт болсон улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд улсын цолтой олонхи бөх очиж барилдлаа. Таны хувьд өмнө нь цагаан сарын барилдаанд үзүүрлэж, дээрх барилдаанд түрүүллээ шүү дээ. Бэлтгэл жигдэрч байна уу?
-Үнэхээр сайхан жигдэрч байгаа шүү. Энэ эрчээ алдалгүй улсын наадамтай золгох бодолтой байна.
-Бас бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ойд зориулсан томоохон барилдаан ирэх тавдугаар сарын 7-нд болох товтой. Энэ талаар тус галын тэргүүлэх бөхийн нэгийн хувьд уншигчдадаа сонин хачинг дуулгах уу?
-Монгол үндэсний бөхийн ууган гал гэж болно. Үнэхээрийн баялаг түүхтэй гал. Үүсэн бий болоод 20 жилийн ой нь тохиож буй нь Монгол бөхийн нэгээхэн том баяр юм даа. Манай галаас улсын цолтой олон алдарт бөх төрж гарлаа. Тэднийхээ залгамж халаа болон манай үеийнхэн ид барилдаж, хөдөлмөрлөж явна. Томоохон ой тохиож буй энэ цаг үед ид барилдаж буй минь бэлгэшээлтэй юм даа. Ойн үйл ажиллагаандаа бид идэвх зүтгэлтэй оролцож байгаа. Олон түмэндээ бөхийн галаа, үндэсний бөхөө сурталчлан дэлгэрүүлэхэд зүрх сэтгэлээ зориулж явна. 
-Ойн үеэр зохион явуулах үйл ажиллагаанууд шат дараалан эхэлчихлээ. Энэ талаар уншигч, бөхийн хорхойтнууддаа товч өгүүлэх үү?
-Манай гал цогц үйл ажиллагаа явуулж байгаа­гаараа ойгоо тэмдэглэсэн бусад галаас ялгарна байх.
-Тухайлбал?
-Зөвхөн барилдаан зохион байгуулаад өндөрлөхгүй. Өвөрмөц содон нь зөндөө бий шүү. “Увс нуур” бөхийн гал маань жүдо, чөлөөт, самбын зэрэг их спортын төрлүүдээр хичээллэдэг дагуул дэвжээтэй. Энэ дэвжээнээс спорт сонирхогчдын сонирхлыг гойд татсан цуврал тэмцээнүүд зохион явуулна. Бөхчүүд маань нийгэмд юу бүтээж, хөгжүүлж буйгаа түмэндээ толилуулна. Ойдоо зориулсан нэвтрүүлэг, ном, баримтат кино бүтээж, эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийг үзэсгэлэн зэргийг зохион явуулна. Хүн бүхний нүдэнд харагдаж, сэтгэлд хоногшихоор зүйлийг бөхийн галаас санаачилсан. Энэ нь юу вэ гэвэл нийслэл хотдоо Бөхийн гудамжтай болох явдал. Энэ санаачилга бодит тал руугаа хэлбийгээд төсөл төлөвлөгөө нь боловсрогдоод явж байна. Мөн “Бөхчүүд-хүмүүнлэгийн үйлсэд” гэдэг нийгэмдээ хандсан аян зохион явуулна. Галын ойгоо угтсан олон сайхан үйлсийг өрнүүлнэ. 
-Та бол эдүгээ цагийн Монгол бөхийн хүчтэнүүдийн тэргүүлэх эгнээнд ид барилдаж буй арслан цолтон. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хөл тавихаас өмнөх үеэ болон төрж өссөн нутаг, ижий аавын тань талаар дурсч яриагаа өрнүүлье?
-Сайхан санагдаж байна. Би 1988 оны луу жилд Увс аймгийн Давст суманд эгэл жирийн малчны гэр бүлд төрсөн. Нүүдэлчин удмын өрх бүлд таван хүүхдийн отгон нь болж заяасандаа бэлгэшээж явдаг. Аавыг маань манай нутгийнхан өндөр Пүрвээ гэж авгайлдаг юм. Залуудаа их өндөр хүн байсан, хороо цэргийн эхэнд зогсдог байсан юм билээ. 1992 онд улсын аварга малчин болсон буурал даа. Хоёр ах, хоёр эгчтэй. Зарим нь нутагтаа малч удмаа шүтэн амьдарч байгаа. Бөхийн өлгий нутагт төрж, өссөн минь их хувь заяа шүү.
-Улсын арслан М.Мөнгөн танай Давст сумынх шүү дээ?
-Тийм ээ. Тэгэхдээ бид хоёр бүр нэг голынх шүү дээ.
-Би санаж байна. Торхилогийн гол шүү дээ…
-Торхилогийн голд М.Мөнгөн арслан бид хоёр төрсөн гэж бодохоор өөрийн эрхгүй огшдог шүү. Үнэхээрийн хувь заяа намайг ивээжээ л гэж боддог. Манай гол, манай сумаас улсын арслан хоёр төрлөө. Монгол  төрийг 44 жил жолоодсон их удирдагч Юмжаагийн Цэдэнбал энд мэндэлсэн. Сүлд хийморь нь биднийг ивээдэгт огтоос эргэлздэггүй.
-Бөхөд хэдийнээс хорхойсов. Дээлээ урж, өвдөг тохойгоо шалбалж явсан үе тань хар багаасаа л байж таарна байх?
-Тэгэлгүй яахав. Бөхчүүдийг би туульсын баатар шиг шүтэж өссөн. Чухамдаа төрөлх сумаасаа аймгийн төв Улаангом руу дунд сургуульд суралцах болсон маань бэлтгэл хийх гэж л тэмцэж, зорьж байсанд оршдог.
-Бөх болно гэдэг яах аргагүй удам гарвалтай холбоотой байдаг. Аавын тань өндөр чац арсланд заяажээ. Энэ талаар сөхөж ярилцъя?
-Аав маань насаараа нэгдэлд мал малласан. 1992 онд мянгат малчин болж байлаа. Тун хөдөлмөрч хүн.
-Мал хувьчлагдсаны дараахан юм байна?
-Тийм. Аавын маань зан чанар намайг үндэсний бөхийн өндөр амжилт гаргахад нөлөөлсөн болов уу. Залуудаа нэг метр 85 см өндөртэй, 140 шахам кг жинтэй байсан. Морь даахгүй шахуу л.
-Морины нуруунд халгаатай тураг биетэй хүн гэж ярилцдаг шүү дээ?
-Яг тийм. Морины нуруу тэсгээхгүй (инээв). Бие махбодь болоод сэтгэл, оюуны төлөвшил нь надад хуралдсан болов уу гэж боддог.
-Ижийн тань талаар лавламаар санагдлаа?
-Ээж минь манай сумын Хөндлөн багийн Н.Норов гэдэг сайхан монгол эмэгтэй. Айлын долоо, найман хүүхдийн хоёр дахь гэнэ лээ. Аав ээж хоёр минь ясны малч удмынхан. Энэ сайхан үйлс заяаны эзэн болж хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн ачтанууд. Ээж маань намайг хэвлийдээ  илүү сар тээж төрүүлсэн юм байна лээ. Сумын эмч ээжид “Танаас ихэр хүүхэд төрнө” гэж л дээ. Аав ээж хоёр ч бат итгэчихсэн. Илүү тээлттэй болохоор аймгаас эмч дуудаж. Амаржсаны дараа манай хоёр “Ихэр хүүхэд төрнө гэсэн байх аа” гэж л дээ. Харин эмч “Ихрийн дайтай л их том хүү төрлөө шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.
-Тэгэхээр мундаг том хүүхэд төрж дээ. Хэдүй хэр жинтэй байсан бэ?
-5.4 кг жинтэй гарсан юм билээ.
-Баатар эр мэндэлж байж. Ах нартайгаа ноцолдож өссөн биз?
-Бараг л хөл, хэлд орох цагаасаа ах нартайгаа ноцолдож өссөн. Ухаан орох үеэс л ах минь надад мэх зааж, хашаа тойруулж гүйлгэдэг байлаа. Уг нь ах маань бөхийн галбиртай, хүч чадалтай сайн бөх болох байсан гэж боддог. Энэ замаар явалгүй малч удмаа дагасан даа.
-Бөх болоход удам гарвалаас гадна төрсөн нутаг, уул ус нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны судалгаа ч байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Надад заяасан бие хаа маань эцэг эхийн яс, цуснаас гадна төрсөн нутгийн минь уул устай яах аргагүй холбоотой. Сургуулийн амралт бүрээр хөдөө гэртээ байнга очно. 
-Сумын төвөөсөө юү?
-Аймгийн төвөөсөө сумандаа очно. Өтөг бууцны үнэр, сүрэг малын сэтгэлд ээнэгшсэн сайхан орчин угтана. Янгирын сүрэг бэлчдэг үзэсгэлэнт Хатуугийн ууландаа мал хариулна. Морь явах аргагүй. Хад асга ихтэй тул явган л хонь хариулна шүү дээ. Уулын орой хүртэл мацаад бэл рүү асга хадан дундуур л бууна. Энэ бүхэн надад тэсвэр тэвчээр, бие сэтгэлийн хат суулгаж өгсөн.
-Өвөлдөө хүйтэн биз?
-Их хүйтэн. Манайх Увс нуурын хөвөөнд нутагладаг байсан. Эрс, тэс уур амьсгал нь хүн малгүй хөрвөжүүлдэг, чийрэгжүүлдэг. Нэг зүйлийг ажсанаа сонирхуулахад төрсөн нутгийн  уул ус хүний зан байдал төлөвшихөд нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Манай хадам Хэнтий аймгийн Дархан сумынх л даа. Талын хүн их тайван дөлгөөн. Аливаад “Болно доо, бүтнэ дээ” гэсэн аядуу уужим сэтгэлээр ханддаг юм билээ. Харин манай нутгийнхан уулсаа дагаад ямарваа зүйлд тэмцэмтгий, дайчин, аливаа бүхний оргилд нь гарч байж санаа нь амардаг хүмүүс байх жишээтэй. Уулын орой өөд өгсч яваа хүн оргилд нь гарч байж амьсгаа авдаг гэдэг шүү дээ. Ийм зан чанар надад төлөвшсөн гэж боддог. Манай нутаг эрс тэс уур амьсгалтай, эгц шовх хадан уултай, эрэмгий хөх салхитай юм.
-Аливаад татагдана гэдэг хар багад л зүрх сэтгэлд нэвчсэн байдаг. Анхны шүлгээ “Пионерийн үнэн” сонинд гарахад өдөржин харж, шөнөжин дэрлэж унтдаг байлаа. Арслан маань бөхөд татагдаж эхлэх үедээ лут хорхойсолтой байсан биз?
-Би багадаа сонин, сэтгүүл дээр гарсан бөхчүүдийн зургийг хайчлан альбом хийдэг байв. Тоо нь нэмэгдээд л байвал урамшаад л байна. Ийм агуу бөхчүүд шиг болохсон гээд л ширтээд суучихна. Эргүүлж тойруулж үзэнгээ үлэмжийн их төсөөлөлд авт­чихсан байдаг сан. Бөх хүний гүндүү­гүй сайхан чанар, төрх байдал нь их таалагдана. Монгол эрийн хээгүй чанар шингэсэн, олон түмэнд хүнд­лэгдэж буй нь миний багын хүмүү­жилд нөлөөлсөн дөө. Сумын зааланд нэр бүхий алдартай бөхчүүд ирж барилдана гэхэд л өглөөнөөс авахуу­лаад өдөржин хүлээж суудаг байлаа.
-Мэдээж төрөлх сумаасаа төрсөн М.Мөнгөн арслангаа шүтэн биширч байсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай суманд М.Мөнгөн арслангийнхаа алдрыг нэг удаа тэмдэглэв. Тэр үед би жаахан хүүхэд өсвөрийн барилдаанд гараад унаж хаяад л явдаг байж. Би М.Мөнгөн арсланг сумандаа гурав хоноход хажуугаас нь огт салаагүй шүү. Жаахан хүүхдийг яаж тоох вэ. Зугаалганд явахад нь амдаж тосч байгаад л тракторт суугаад дагачихсан. Тэр хүний ярьж байгаа, аяглаж буй бүхнийг дууриаж, энэ аугаа бөхөөс юуг сурч авах вэ гэж тархиа чилээдэг байлаа. Дараа нь Улаангомоос Улаанбаатарт хөл тавихад М.Мөнгөн арслан маань надад ихийг сургасан даа.
-Амьд тунгалаг ахуйдаа зааж сургасан бүхнээс юу нь мартагд­даггүй вэ?
-Барилдааны хувьд ярихад бөхийн тал гэж байдаг даа. Энэ тал дээр хэрхэн яаж барилдах вэ гэдгийг нарийн зааж сургасан шүү. Хүмүүст энгийн санагддаг хэрнээ их ухаан зангируулах зүйл. Бурхан болохоосоо өмнө ч зааж зөвлөсөөр л байсан даа. Тэр жилийн наадамд эдүгээгийн улсын арслан Р.Пүрэвдагва бид хоёрын барилдаан их маргаантай болсныг олон түмэн мэдэж байгаа.
-Тийм ээ. Камер ашиглахгүй, цэц шийдсэн гээд тохой нь хүрсэн Р.Пүрэвдагвын унааг тооцоогүй л дээ?
-Тэр үед М.Мөнгөн арслан маань хоёр удаа даралт харвачихсан биеийн байдал тун хүнд байсан юм. Зурагтаар бидний барилдааныг үзээд бухимдлаа илэрхийлж чадахгүй их шаналсан юм билээ. Энэ бүхэн нь түүнийг дахин даралт харвахад хүргэсэн гэнэ лээ, хөөрхий. Бурхан болохоос нь өмнө очиход бие нь тун барагтай, хальт уулзаад өнгөрсөн дөө.
-Арсланд маань том урам өгсөн анхны барилдаанаа өгүүлж уншигч олондоо сэтгэгдлээ хуваалцана уу?
-Би Улаангомд болсон барилдаан дээр наймдугаар ангид байхдаа улсын заан Ө.Тулгааг хаяж өгүүлшгүй их урам зориг нэмж билээ. Ө.Тулгаа заан бол эгэлгүй төвшин, их даруу зөөлөн хүн байж дээ гэж одоо бодох юм. Надтай барилдаж байх үедээ миний шилэн хүзүү рүү ганц ч удаа ширүүн цохиж байгаагүй. Барилдааны үед ийм зүйл зөндөө л тохиолддог. Хэрвээ чанга цохичих юм бол сөхрөөд уначих жаахан хүүхэд байсан хэрэг. Ирээдүйд сайн барилдах хүүхдийг халираагаад яах вэ гэж бодсон болов уу. Тун үг цөөтэй хүн. Аугаа ухаантай байж дээ гэж боддог юм. Урам өгсөн байх л даа. Энэ барилдаанаас хойш сар шахам эрч хүчтэй барилдаж байснаа дурсахад сайхан байна.
-Зөв чиг баримжаатай бөх болон төлөвшихөд багш, дасгал­жуулагчийн үүрэг, зөвлөгөө чухал байдаг. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-Үнэхээр тийм. Би өсвөр үед барилдахаасаа эхлээд л өндөр зэрэглэлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсан юм. Миний үед Увс аймгаас шижигнэсэн залуус гарч эхэлсэн. С.Мөнхбат аварга, Ө.Бат-Орших гарьд, Н.Батсуурь арслан, Д.Энхбаяр начин гээд л. Одоогийн гарч ирсэн аймгийн арслангууд бид хэд нэг үеийнхэн. Бид долоо хоног бүрт барилдаж Ш.Бат-Очир багшийн удирдлага бөхийн дугуйланд яваад л дөр суусан хэрэг. Цолтой болох тухай ч бодож эхэлсэн. Багш нар маань улсад та нар нэгэн үеийг төлөөлж чадна хэмээн сургаж байлаа. Увс аймгийн 2008 оны наадмаар тав давж начин цол ч хүртэв. Дараа нь цолоо ахиулж чадалгүй хоёр жилийн нүүр үзсэн. 
-Аймгийн арслан цолыг Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойгоор хүртсэн байх аа?
-Хоёр жилийн турш аймгийн арслан болно гэж энд тэнд барилдаад түрүүлж чадахгүй доголон нулимстай буцаж байлаа. 2010 оны улсын наадамд гурвын даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнд тунаад унасан. Гэртээ ч очлоо. Аав ээж хоёртойгоо ярьлаа. Баян-Өлгий аймагт том ой болох юм байна. Очиж барилдаад арслан цол авах санаатай гэдгээ хэллээ дээ. Аав “Олон том бөх очиж таарна. Миний хүү ч арай барахгүй биз” гэж билээ. Тэгээд л очиж барилдаад, олон хүчтэнг өвдөг шороодуулж нэр хүндтэйгээр аймгийн арслан цолыг хүртсэн дээ. 
-Ямар хүчтэнүүд тэнд зодог­лосон бэ?
-Манай аймгийн арслан Зүүн­говь сумын Я.Цэдэнбал гэдэг ах үзүүрлэсэн. Дөрөвт одоогийн гарьд Ө.Бат-Орших харцага цолтойдоо, улсын заан Ч.Мягмарсүрэн нар үлдсэн. Би эдүгээгийн гарьд Ө.Бат-Оршихтойгоо тунаж барилдаад давсан юм. Өмнөх даваануудад аймгийн заан Б.Ганзориг, эдүгээгийн улсын арслан Н.Батсуурь, улсын харцага цол аваад байсан А.Бямбажав нартай хүч үзээд давсан шүү. Ийнхүү аймгийн арслан гэдэг сайхан цолыг авсан маань улсын арслан цол авах үүд хаалгыг минь нээж өгсөн юм.
-2011 онд түүхэн том ойнууд давхацсан улсын наадамд Увс нутгийн хүчтэн улсын харцага С.Мөнхбат түрүүлж аварга болсон. Та хэрхэн барилдсан билээ?
-Тэр жилийн наадамд Ховдын аймгийн арслан Ч.Цогбаяртай тунаж өвдөг шороодсон. 
-Ер нь таны хувьд гурвын даваа гэдэг халгаатай байжээ?
-Би гурвын даваанд байнга тунадаг байсан юм. Харин түрүүлдэг жил маань Балжаа багш амлан авч тунаанаас гаргаж өгсөн. 
-Аймгийн арслан цолтон шууд улсын арслан цол хүртсэн тохиолдол ховор байх шүү. Та нэг өдөр улсын таван цолны болзол хангаж түрүүлсэн шүү дээ?
-Ийм тохиолдол улсад дөрөв байдаг юм билээ. Дархан аварга Б.Түвдэндорж, Батсуурь аварга байна. Төв аймгийн Мөнгөморьтын Оргодол арслан хөтөлгөө морьтой орж ирээд шууд улсад түрүүлсэн байдаг. Тэд 256 бөхөөс сугалаагаар барилдсан юм билээ. Миний хувьд 512 бөхөөс анхных шахуу байх. Балжаа багш маань намайг түрүүлдэг жил бүтэн жилийн турш бэлдээд гурвын даваанд амлан тунаанаас гаргахдаа “Миний хүү том цол аваарай” хэмээн захиж том үүд хаалга нээж өгсөн юм. 
-Дараагийн дөрвийн даваанд их ойд түрүүлсэн С.Мөнхбат аваргатай оноолтоор таарч давсан шүү дээ. Нутгийн ахаа давна гэж бодож байв уу?
-Олонхи бөхийн хорхойтон намайг С.Мөнхбат аваргад унана, өгнө гэж бодож байсан байх. Манай “Увс нуур” бөхийн галын амжилт гаргаж буй гол давуу чанар бол бие биедээ бууж өгөхийг ёстой цээрлэнэ. Бэлтгэл дээр ч бие биедээ элдэв буруу саналгүй гал гартал барилдана. Энэ ёсоороо барилдаад л өмнөх наадмын түрүү аваргыгаа хаяж урам орсон.
-Аймгийн арслан цолтой бөхийн хувьд улсын начин л болно гэж бодож байв уу. Түрүүлэх тухай бодол төрж байсан уу?
-Би начин болно гэж хэзээ ч бэлтгэл хийдэггүй байсан. Оргилд нь хүрнэ л гэж зүтгэдэг байв. Хүмүүс амны бэлгээрээ гэж ярьдаг даа. Нутагтаа очих бүрийд хөгшчүүд, буурлууд маань “Миний хүү л улсын наадамд түрүүлэх учиртай юм шүү” гэж ярьцгаана. Хүнд зөн совин байдаг даа. Ингэж ярьж, урам өгөх бүрт миний дотор том цол хүртэх тухай зөн совин асч эхэлсэн юм. Харин улсын арслан цол авахаасаа өмнө яг түрүүлнэ гэж бодож байгаагүй л дээ. Заан цолонд хүрнэ гэж зорилгоо болгочихсон байсан юм. Түрүүлэх бөхийг хийморь дагадаг ч гэдэг. Тэр буян заяа нь тэгширч ивээсэн ч биз.
-Түрүүлсэн жилийн барил­даанаа дурсвал ямар вэ?
-Тавд Өсөхбаяр заан, зургаад Булганы Энхбат начин, долоод Баяржавхлан гарьдыг хаясан маань улам зоригжуулсан. Наймын даваанд Эрхэмбаяр аваргыг арслан цолтой байхад хаячихав. Үзүүр түрүүнд Рагчаа гарьдтайгаа үлдээд л энэ эрхэм цолонд хүрсэн дээ. Бүгд л цолоо ахиулна гэсэн шилдэг хүчтэнүүд байлаа.
-Дөрөвт үлдээд байхад чинь Баянаа аварга өөрт чинь зөвлөөд байгаа бололтой харагдсан. Их аварга маань тэр үед юуг зөвлөсөн бэ?
-Аугаа хүний нөмөр нөөлөг гэдэг юутай ч зүйрлэшгүй. Баянаа аварга Төв цэнгэлдэхэд орж ирээд бидний хажууд суухад л эерэг мэдрэмж төрж бие хөвчирч, зориг орж тайвширцгаадаг юм. Арав түрүүлчихсэн аугаа бөхийн хажууд байна гэдэг аяндаа л эрч хүчийг нөмөргөж орхидог. Намайг энэ эрч хүчээрээ л яваад бай. Боломж байна гэсэн. Өөрийнхөөрөө л барилд гэсэн. Ер нь буурал аварга маань бидэнд чи тэг, ингэ гэж тулгадаггүй. Хувь  хүний онцлогт нь тохируулж зөвлөдөг л дөө. Надад ч зөн совин төрж эхэлсэн. Цөс хөөрөөд байсан. Үзүүрлэсэн жилдээ би дөрөвт үлдчихээд Санжаадамба аваргыг заан цолтой байхад нь амлаж хаясан. Ам авах болоод энэ шийдвэрийг хэллээ дээ. Баянаа аварга “Аа за за. Зориг сайхан байдаг юм. Миний хүү хүссэнээрээ барилд” гэсэн дээ. Энэ үг л намайг асааж орхихгүй юу. Өөртөө ч итгэлтэй байсан үе. Ер нь “амны бэлгээр” гэдэгт итгэдэг. Нэг зүйл ярих уу.
-Сонирхолтой санагдаж байна?
-Манай суманд төрсөн Монгол төрийн их удирдагч Ю.Цэдэнбал луу жилд төрсөн. Түүх намтрыг нь уншихад луу жилд өндөр амжилт үзүүлсэн байдаг. “Цэдэнбал академи”-ийн Жамбалсүрэн багш энэ тухай надад ярьж билээ. Би 1988 оны улаан луу жил төрсөн. Луу жилдээ улсад түрүүлсэн.
-Үндэсний бөхөд маань ч дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ гарьд, П.Сүхбат гээд л луу жилтнүүд. Дараа үед нь улсын арслан Б.Ганбат байна. Давтамж байна, тийм үү?
-Тийм ээ. Үүнд итгэдэг. Урлаг соёлын алдартнууд ч бий. Тэр агуу удирдагч өнөөгийн Монгол орны дүр төрхийг ард түмэнтэйгээ цуг бий болгосон гэж бодохоор өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрнө. Нутгийн буурлын буян, намайг харж ивээдэг гэж боддог юм..
-Давтамж гэснээс дараа жил нь та дөрвийн даваанд тэр жилийн түрүү Н.Батсуурьт өвдөг шороод­сон. Харин С.Мөнхбат аварга түрүүлснийхээ дараа жил дөрвийн даваанд тантай таарч ойчсон байдаг. Энд сонирхолтой давтамж санамсаргүйгээр таарчихав уу?
-Тэгсэн байна шүү. С.Мөнхбат аварга ч, би ч дараа жил нь оноолтоор таарч нутгийнхаа аймгийн арсланд унасан. Бидний хооронд ийм тийм, хар буруу зүйл  байхгүй. Шударга л барилддаг бөхчүүд. Сонирхолтой тохиолдол шүү (инээв). Дараа нь би бэртэл авчихаад нэг л болохгүй байсан. Мөн л дөрвийн даваанд унасан. Улсын наадамд хоёр жил дараалан дөрвийн даваанд ойчно гэдэг улсын арслан цолтны хувьд том цохилтод орж байгаа хэрэг юм. Азаар түрүүлсэн бөх гэж хүмүүс шуугиад л. Хүн бүр янз бүрийн зүйл ярина. Олны сэтгэлийг хазайлгачихгүй юм сан гэж их бодно, шанална. Их тэмцсэн. Бэртэл гэдэг тамирчин хүний хамгийн том дайсан л даа. Миний хавирга, гарын хуруу ноцтой бэртсэн юм. Өмнөхөөс хэд дахин илүү бэлтгэл хийх ёстойгоо ухаарсан. Форм алдсаныгаа сэргээх гэж нэг жил орчим гүрийсэн. Бие их суларсан байсан. Хичээж барилдсаар дараа жил нь төрийнхөө наадамд үзүүрлэж олон түмнийхээ эргэлзээг тайлж билээ.
-Энэ барилдаандаа ямар дүгнэлт­тэй үлдэж, эдүгээ ямар бодол тээж явдаг вэ?
-Уг нь би түрүүлэх хэмжээнд бэлтгэгдчихсэн байсан юм. Үзүүр түрүүнд бага сага алдаа гаргасан минь үнэн. Монголчууд түрүү бөхийн хийморь гэж ярьдаг даа. Түрүүлсэн бөхийн хийморь надаас илүү байсан юм байлгүй дээ. Оюунболд маань надтай сайхан барилдаж арслан цолонд хүрсэн дээ. 
-Лавшруулаад асуухад энэ жил тэр бөх өнгөтэй байна, түүний од гийж, аз ивээлээ гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Үнэний ортой шүү. Ахмадууд маань, бөх мэддэг хүмүүс үүнийг хэлдэг юм. Ер нь зөрдөггүй шахуу. Яг л байдаг. Тохироо бүрдэхэд аливаа барил­даанд амжилттай л барилдаж таарна.
-Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор 1024 бөх барилдлаа. Тэр наадмаар үзүүрлэж улсын арслан цол хүртсэн Р.Пүрэвдагва та хоёрын барилдааны талаар өмнө нь бид хоёр цухас сөхсөн. Бөхийн цэц барилдааныг камераар шүүхгүй гээд та хохирсон. Энэ барилдаанд та үнэхээр харамсч харагдсан. Энэ талаар сөхөж ярих уу?
-Ид барилдаж буй насандаа том ойд хүч үзчихээд ингэж хоцорно гэдэг үнэхээр хохиролтой. Сэтгэлийн их зовиур тээж хоцорсон. Өмнөх жилүүдэд түрүүлж, үзүүрлэсэн арслан чинь түрүүлнэ гэсэн бат итгэлтэйгээр бэлтгэл хийчихсэн байхдаа ингэж хо­хи­рохыг төсөөлөөд үз дээ. Би аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан юм.
-Тийм ойгоор арслан цолтой хүн үзүүрлэхэд л аварга болох байсан л даа?
-Дүрэмдээ тэгж заасан байгаа. Тэгэхдээ би түрүүлнэ л гэж бодож байсан. Тэр жилийн бөхийн өргөөнд болсон өмнөх барилдаануудад долоо, найман удаа үзүүр түрүүнд гарсан үе шүү дээ. Маш сайн бэлтгэлтэй байсан. Тэр жилийн барилдаан хор найруулгатай болж хүнд цохилтод оруулсан. Гэхдээ бид чинь залуу хүмүүс. Олон жил цугтаа зүлэг ногоон дэвжээндээ хүч сорих хойно юундаа харамсах вэ гэж сүүлд энэ бүхнийг таягдан хаясан. Р.Пүрэвдагва арслан ч сүүлд уучлал гуйсан.
-Сүүлд болсон нэг барилдаанд та Р.Пүрэвдагвыг дунд шөвөгт үлдээд байхдаа амлан авч хаясан шүү дээ. Даагаа нэхсэн хэрэг үү?
-Би тамирчин хүн. Өөрийгөө мэдрүүлье гэж бодсон юм. Маргааш нь Р.Пүрэвдагва утсаар “Бид залуу хүмүүс. Хар хоргүй явцгаая. Тухайн үед хөгшин чинь амжилт гаргах гээд л улайрчихсан явсан үе. Одоо ийм байдлаар хоёулаа яваад яах вэ” гэсэн .Би ч “Бид олон жил цугтаа сайхан  барилдана аа. Би юу санах вэ дээ” гэдгээ хэлсэн. Ер нь бол энэ барилдааны гол буруутан бөхийн удирдах хүмүүс, шүүсэн цэцийн хэдэн хүн шүү дээ. Бөхчүүдийг ч, ард түмэн, үзэгч олныг ч талцуулсан. Бөх хүн бүр давахыг зорьдог. Р.Пүрэвдагва тэгж л зүтгэсэн. Улаан цайм ийм луйвар ахиад давтагдах ёсгүй. Бүтэн сарын турш би гүн шооконд байсан. Эцэстээ наадам нэгээр дуусахгүй гээд өөрийгөө хурцалсан даа.
-Үүнээс үүдэн эдүгээ хүртэл бөхийн барилдааныг камераар шүүнэ, шүүхгүй гэх маргаан хэвээр үргэлжилж байх шиг байна. Бас барьц сонгох гээч балаг бий. Энэ талаар Баянаа аварга хэвлэлээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, энэ мэт явуургүй зүйлийг халахгүй бол үндэсний бөхийн хөгжилд ч, бөхөд ч хохирол учирсаар байна гэлээ л дээ?
-Үндэсний бөх бол монголчуудын соёлын том өв. Бөх хүн бол соёлын тээгч, илэрхийлэгч. Камер чинь техник технологийн дэвшил юм байгаа биз дээ. Гэтэл  үндэсний өв соёлоо камераар шүүхгүй хэмээн олон түмний тархийг угаах юм. Үнэхээр өв соёлдоо хайртай юм бол орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах ёстой шүү дээ. Өөрсдийн үзэмжээр шүүнэ гэдэг луйвар л юм даа. Нийгмийн масс барьц сонгоход дургүй байгаа нь үнэн. Бөхчүүд ч их жин нэмж байна. Үүнийг болиход оройтохгүй. Ер нь яаж ч барьц сонгосон ч тааруулж барилдаж болно л доо. Гэхдээ өөрчлөх л хэрэгтэй. Үүнийг МҮБХ л мэдэх хэрэг. Би үйл ажиллагааг нь шүүмжилж явдаг хүний нэг. Холбоо болон бөхчүүд хоёр хуваагдчихсан яваад байгаа юм. Тэгээд л тайлбарлахаараа нөгөө л Увсынхан ч гэх юм уу, бид хөгжүүлэх гэж байна гэх зэргээр тархи угаадаг. Бөхчүүд, бөхийн хорхойтон, цаашлаад нийгэмд хагарал, талцал бий болгож байна. Энэ тун харамсалтай. Ийм цуу тарааж, түүгээрээ амь зогоож явдаг хэдэн хүн бий л дээ. Би Монгол Улсын арслан болохоос бус зөвхөн Увс аймгийн бөх биш. Намайг монголын аль ч өнцөгт очсон ч Монгол Улсын арслан гэж хүндэтгэнэ. Увсын Бүрэнтөгс байна гэдэг нүдээр хардаггүй юм. Миний хувьд зөвхөн Увсын төлөө гэж яваагүй. Төрсөн нутаг усаараа бахархах явдал ямар ч хүнд бий. Нутаг усаараа овоглуулж л таарна. Энэ чинь миний буруу биш шүү дээ. Нийгэмд бохир талаас нь сэтгэгдэл төрүүлэх надад үнэхээрийн таалагддаггүй.
-Саявтар МҮБХ-ны ээлжит их эе боллоо. Зарим аварга, арслан, гарьд, заан цолтнууд очоогүй байна лээ. Миний сонссоноор Санжаа­дамба аварга ч очоогүй байна лээ. Энэ талаар юу гэж бодож байна?
-МҮБХ-нд шүүмжлэлтэй ханддаг бөхчүүд очоогүй. Бид хоёрын ярьсан зүйл нэг дэх шалтгаан нь болсон. Хоёрт гэвэл МҮБХ маань хоёр талд гарчихсан. Хууль ёсны гэж өөрийгөө үзээд байгаа нөхдийн үйл ажиллагааг Дээд шүүхээс хүчингүй гээд тогтоочихсон байдаг. Бид хуулиа дагах ёстой. Нэгэнт албан ёсны бус зүйлд бид очих шаардлагагүй биз дээ. Шүүхийн шийдвэр Чинбат гэдэг хүний талд гарчихсан, бөхийн холбоог тамга тэмдгээ хэрэглэж болохгүй гэдэг шийдвэрийг гаргачихсан байдаг. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын нөхөд шаардлагаа тавихаар очлоо. Урдаас нь эсэргүүцээд бөөн юм л боллоо. Төрийн шийдвэрийг биелүүлэх ёстой л баймаар юм. Талцал хуваагдлыг санаатайгаар зохион байгуулаад байгаа нь эрүүл бус үзэгдэл. Бөхчүүд бидний хувьд олон түмнээ баясгаж, шударга барилдах л дээдийн таашаал зорилго байдаг.
-Улигт найрааны асуудал гээч тасардаггүй сэдэв бий. Танд даваа ахиулж өгөөч гэсэн санал ирж байсан уу?
-МҮБХ хууль ёсны дагуу шинэчлэгдэж байж энэ асуудал шийдэгдэнэ. Надад ийм санал ирж л байдаг юм. Би нэгийг нь ч хүлээн аваагүй. Тийм ёс зүй ч надад байхгүй. Манай бөхийн гал биднийг ийм төлөвшилтэй болгосон. Сайхан барилдах л дээдийн зорилго юм даа.
-Эндээс үүдээд бөхийн ёс жудгийн талаар ярилцмаар санагдлаа л даа. Юуны түрүүнд бөх гэдэг Монголын соёлын өвийн тээгчийн хувьд өндөр ёс зүйтэй байж таарна даа?
-Унасан бөхдөө элэг бүсээ тайлаад явахыг жудаг гэж би хардаггүй юм. Бусадтай сайхан харилцдаг, унасан давснаа мэддэг, төрөө, наадамчин олноо хүндэтгэдэг ёс зүйтэй байхыг жудаг гэж ойлголог. Өвөг дээдсээс уламжлан ирсэн өндөр их соёлын тээгч байна гэдэг өндөр шаардлагыг дааж явахыг хэлнэ байх. Улсын өндөр цолтон байна гэдэг олон түмний нүдэн дээр бүхий л үйлс, амьдрал нь дурайж байдаг. Хувийн соёл, ёс зүйгээ өндөр түвшинд авч явахгүй бол хойч үеийн бөхчүүдэд муу үлгэр дууриал болчихно. Үүнийгээ ухамсарлах ёстой.
-“Увс нуур” бөхийн гал өмнөх уламжлал дээрээ тулгуурлан бөхийн гал байгуулсан нь бусад аймгуудад жишээ болж монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Энэ талаарх арслангийн бодлыг сонирхъё?
-Монгол бөхийн ууган галын нэгийн хувьд үнэхээр том хувь нэмэр оруулсан. Увс аймгийн бөхчүүд газар нутгийн байрлалаас хамаарч хожуухан 1940-1950-иад оноос л улсын наадамд оролцож эхэлсэн. Буурал аварга маань л (Х.Баянмөнх аваргыг хэлж байна. Б.Ц) онцгой амжилт үзүүлээд зогсохгүй хойч үеэ бэлдэх, монгол бөхийг хөгжүүлэх үүднээс 1998 онд бөхийн галыг байгуулсан. Ач буян нь арвин их. Ялангуяа хойч үеэ бэлдэхэд хөдөө орон нутгаар бэдэрч, хотод мэргэжлийн сургууль хүртэл байгууллаа. Ганбаа ахыг (Улсын арслан Б.Ганбат) хөдөөнөөс таньж авчирснаас эхлэн биднийг бэлдэж өглөө. Дэлхийн дэвжээнд гаргасан амжилттай нь юуг зүйрлэх вэ.
-Увс нуур бөхийн галын амжилтын нууц, гол түлхүүр юу вэ гэж асуумаар байна?
-Манай гал хор найруулдаггүй. Бэлтгэл дээр ч, бусад барилдаанд ч чин үнэнчээр, шударгаар барилддаг. Энэ л улсын наадамд олон түрүү, үзүүр авч, улсын олон цолтон төрүүлсэн амжилтын нууц юм даа. Бие биеийнхээ эрч хүчийг улам чангалж, оргилуулж чаддаг.  Бүгд найзууд. Нэг галд улсын наадмын гурав дөрвөн түрүү, үзүүр, улсын заан, начин цолтнууд байна гэдэг ховор. Зарим галынхны бөх заан цол авангуутаа л өрх тусгаарлаад гал байгуулдаг юм билээ. Бид тэгдэггүй. Бие биеэ дэмжиж сайхан нөхөрлөдөг. Хоорондоо шударга өрсөлддөг. Үүгээрээ л бусад галаас давуу юм даа.
-Бусад галын хүчтэнүүдтэй та бүхнийг амьдрал дээр хэр харь­цаатай байдаг бол гэж бөх сонир­хогч олон түмэн янз бүрээр таавар­ладаг л даа. Энэ талаар ярих уу?
-Бөхийн барилдаан бол нэг талаар тулааны спортын мөн чанартай. Дэвжээн дээр ёстой л унах хүртлээ яс “тулалдана”. Амьдрал дээр манай ч, бусад бөхийн галынхан их дотно шүү дээ. Нөгөө МҮБХ-ны хэдэн хүний ярьдаг шиг дайснууд биш ээ. Сайхан найзууд шүү. Санжаадамба аварга байхгүй бол би байхгүй гэсэн үг. Ийм байдлаар л бие биеэ хүндэлж явдаг. Хааяа уулзаж наргиж цэнгэнэ. Ийш тийш цугтаа барилдаанд явна. Алдаа дутагдлаа хоорондоо ярьцгаана. Бие биеэ ч ирлэнэ. Нэгэн үеийнхэн чинь бие биеэ хайрлаж явахгүй бол яаж урагш гишгэх вэ. Архангайн ч, Ховдын ч, Булганы ч, Хэнтийн ч юм уу хэн нэг нь байхгүй бол бидний барилдаан давсгүй хоол шиг амт нь сулраад л ирдэг. Хоёр Мөнх аваргыг олон жил хоорондоо муу, өштөн мэтээр ярьж ирсэн. Буурал аваргын дэргэд олон жил цуг байхад нэг ч удаа Мөөеө аваргыг муу муухайгаар дуудаж байхыг сонссонгүй. Би тоглоомоор “Дэргэд нь очоод суучихаач дээ” гэхэд буурал аварга маань “Одоо ч миний үгийг ойлгохоо больж дээ, Мөөеө минь” гэдэг. Тэр хоёр бие биеэ хачин их үгүйлдгийг олонтаа харж явлаа, сонсч байлаа. Бид ч гэсэн их аваргуудынхаа насан дээр очвол “Санжаа минь, Пүрэвдагва минь” гэж таарна шүү дээ. Өрсөлдөөн бол цаг зуурынх. Нөхөрлөл бол насан туршийнх.
-Саяхан Бөхийн өргөөнд бөх­чүүд маань дуулж авьяасаа үзүүлэв. Танд өөр ямар авьяас байна. Зав зайтай үедээ юунд их сонирхолтой вэ?
-Нэг онц ихээр дөвийсөн “сонирхол” байхгүй дээ. Харин ном унших сонирхолтой шүү. Сэтгэл ариусгадаг, сэтгэлгээг тэлдэг болохоор зав гарвал л номтой нөхөрлөдөг. 
-Хамгийн сүүлд ямар юм уншив?
-Аугаа хүмүүсийн амьдралаас олж авсан туршлага, цэцэн санаанаас төрсөн ишлэлүүд байдаг даа. Түүнийг би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх гэж зогсдог. Дэлхийн лут эрдэмтдийн амьдрал их сонирхолтой. Хамгийн сүүлд би Жак Магийн “Али баба” гэдэг номыг уншиж байтал нэг үг нь их таалагдлаа. Ёстой сургаал юм даа.
-Түүнээсээ уншигч олонтой хуваалцах уу?
-“Хэрвээ чи дайсныгаа өштөн гэж бодвол ганцхан дайсныг л ялахаас цаашгүй. Өөр чадваргүй гэсэн үг. Өөрөөр хар, шударга өрсөлдөөнөөс таашаал авч сур” гэсэн нь их таалагдсан даа. Эндээс үүдээд бусдад өширхөх бодол өөрт л гай болно гэсэн зүйл урган гараад байгаа юм. Өөр нэг сургамжтай зүйл бий. “Феррари машинаа зарсан лам” гэдэг байх аа. Асар их нэр хүндтэй, үлэмж их мөнгөтэй шүүгч байж л дээ. Гэхдээ ямар ч аз жаргалгүй өдөр хоногийг өнгөрөөгөөд л байдаг. Нэг шүүх хурал дээр зүрхний шигдээсээр ухаан алдаад ойчиж л дээ. Тэгээд Энэтхэгийг зорин Дарамсалад очиж бясалгал хийгээд ирэхдээ “Эд баялаг гэдэг туйлын зорилго биш, сэтгэлийн их амар амгалан л аз жаргал юм” гэдгийг ухаарсан юм билээ. Энэ жишээ надад таалагдсан даа.
-Эндээс үүдээд гэр бүлийн аз жаргал гэдэг сэтгэлийн их амар амгалангийн нэг үндэс болдог гэдэг дээр дөрөөлөн таны гэр бүлийн талаар хэрэгт дурлая. Манай монголчууд аав ээж, ахан дүүстэйгээ ойр дотно байдгаараа бусад үндэстнүүдээс ялгардаг. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцах уу?
-Монголчууд бидний элгэмсэг, гэр бүлсэг байдал нь манай нүүдэлчин соёл, ахуйтай холбоотой болов уу гэж боддог. Том багагүй нэг гэрт амьдрана. Бүхнээ хуваана. Тогоогоо тойрч суугаад л холоо ч, бодлоо ч хуваалцана. Хөдөө гэрт чинь сайхан чихцэлдээд л унтчихна. Дандаа л налгар, халуун дулаан уур амьсгалтай. Эндээс л эв найр, элгэмсэг байдал үүссээр өнөөтэй золгож дээ. Нүүдэл суудал, ахуй амьдралдаа дандаа хамтрана. Ахан дүүс, гол усаараа хөдөлнө. Бие биеэ ямагт дэмжинэ. Миний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна. Миний хань Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Ч.Номин-Эрдэнэ гэдэг бүсгүй  бий. Бараг арваад жил хорвоогийн бор хоногийг хамтдаа туулж явна. Эрх зүйч мэргэжилтэй. Оюутан цагаасаа л нэг гэрийн хоёр багана болон амьдарч байна.
-Тоонот гэрт толгой холбох болсон анхны учралаасаа дурсах­гүй юу?
-Бид хоёр чинь сонин учралаар бие биетэйгээ танилцсан. Есдүгээр ангидаа би Япон руу сүмод явах гээд дээр дооргүй хөөцөлдсөн юм. Их аварга Асашёорюү Дагвадорж мандаж явсан үе. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай намайг сүмоч болгох гээд их ч хөөцөлдсөн. Бүтээгүй л дээ. Би ч өсвөрийн барилдаанд байнга түрүүлээд сайн байсан юм. Гэтэл аав маань ирээд “Чи ингэж явсаар мэргэжил эзэмшсэн ч юмгүй хоосон хоцрох нь” гээд Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгсөн. Тэр үед гэргий маань бас л Японд сурах гээд бүтээгүй Батлан хамгаалахын их сургуульд долоо хоногийн зайтай хоцорч орж ирэв. Хойно өмнөө ширээнд суудаг байлаа. Их тусч охин байсан. Зан ааль сайтай. Тэгээд л бие биедээ дотноссон. Ханийн маань сайхан сэтгэл намайг татсан даа. Хүний сайхан сэтгэл гэж байдаг даа. Өдрөөс өдөрт бидний харилцаа гүнзгийрсээр 2010 онд анхны үрийн зулайгаа үнэрлэсэн. Охинтой болдог жилээ аймгийн арслан цол хүртээд л. Бүх зүйл урагшилж эхэлсэн.
-Бөх хүн цолоо хамгаална гэдэг барилдаж хамгаалахаас гадна биеэ авч явах, бусадтай харилцах байдлаараа авч явахын нэр болов уу гэж боддог л доо?
-Яг зөв. Би Баянаа аваргын бүхий л үг, үйлдлийг анхааралтай ажиглаж, мөн чанараар нь ойлгож, өөртөө тусгаж, байнга дуурайн хөдөл­мөрлөхийг хичээсээр өнөөдөртэй золгосон. Үүнтэй адилаар биднийг үлгэр дууриаллаа болгож буй хойч үеийнхний өмнө өв тэгш алхахыг хичээж явна. Залуусын хүсэл мөрөөдлийг шавартай хутгаж болзошгүй зүйлийг том цолтой бөх яавч гаргаж болохгүй.
-Сайхан санагдлаа. Эргээд бөхийн барилдааны яриа руугаа ялим­гүй эргэж оръё. Ам авна гэдэг цолтой бөхчүүийн барилдааны бас нэгэн чухал хэсэг гэж би боддог юм?
-Тэр жил Оюунболд, Гончигдамба, Санжаадамба бид дөрөвт үлдэхэд хүн бүр шахуу л Оюунболдыг ав гээд байсан. Миний бодлоор Оюунболд онцгой сайн харагдсан. Өдрийн өнгө гэж бий. Тэгээд л Санжаадамбыг авсан. Энэхүү ам авалт маань зөв байсан шүү. 
-Харин энэ жилийн Цагаан сарын барилдаанд  Санжаадамба аварга таныг амлаж аван барил­даад өвдөг шороодлоо. Өмнө нь амлаж байсан бөхдөө амлуулах хэр санагдаж байв?
-Сайхан шүү дээ. Цолны эрэмбэ гэж нандин юм бий. Өндөр цолтноо дээд зэргээр хүндлэх нь монгол бөхийн сайхан ёс. Би амлуулахдаа хүндэтгээд л сайхан барилдана. Өөр зүйлгүй. Тэр хүн миний давж үзээгүй давааг даваад аварга болчихлоо. Би хүндлэхээс өөр яах вэ. Бөх хүний жудаг гэдэг эндээс ч харагдана.
-Та үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт хэмээх их спортын төрлөөр хичээллэдэг. Энэ талаар зарим бөхийн хорхойтон маань сонирхоно байх?
-Би жүдо бөхийн зүүн Азийн хүрэл медалийг 2014 онд хүртсэн. Жүдо бөхөөр хотын аварга ч болж байсан. Чөлөөт бөхийн хувьд улсын аваргын алт, мөнгөн медальтай. Жин ихдээд л больж таарсан. Их спортын төрлөөр хэрхэн барилдах нь мэдэгдэхгүй өөр орны тамирчинтай гал гарсан барилдаан хийх сайхан шүү. 
-Их спортоор хичээллэх үндэс­ний бөхийн барилдаанд сайн нөлөөтэй гэж ярьдаг шүү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ үндэсний бөх маань хөгжлийн хувьд их спортын хэмжээнд очсон гэж боддог. Барьцыг яльгүй буруу барихад, ганц гишгэдэл алдахад л өрсөлдөгч бөх сийрэгхэн ажиллаж байна. Улсын наадмын дээр даваанд барилдаж буй бөхчүүд ийм байдаг юм. Хэн хэнээсээ бэлтгэл дутсандаа биш, жаахан алдаа гаргахад л давчихаад байна.
-Таны үндсэн мэх хав золгоо­ноос баруун зүүн мордох, тахимдах байдаг. Үзэгчид Бүрэнтөгс арслан­тай барилдахдаа хөлтэй нь ажиллаад бай. Хөл нь сул байна гэдэг?
-Жин багатай үед мэхний өөр хувилбарууд хийдэг л байлаа. Одоо таны хэлснээр барилдаж байна. Ер нь бол үзэгчид шиг хамгийн мэргэн шүүгч, сайн зөвлөгч байхгүй. Тэд маань элдэв тал засахгүй зөв, бурууг яг хэлдэг юм.
-Ойрын үед арслангийн маань бэлтгэл жигдрээд байна гэж үзэгчийн хувьд би дүгнээд байгаа шүү. Наадмын өдрүүд ч ойртлоо?
-Сайхан жигдэрч байгаа. Олны итгэлийг хазайлгалгүй сайхан барилдах бодол бий. Бэртэж гэмтээд хагалгаанд орж гам алдсан та бий. Энэ минь зүгээр болж байна. Бэртэж гэмтэх үед бэлтгэл хийж чадахгүй форм алдана. Барилдаанд муугаар нөлөөлдөг. Хамгийн том дайсан гэж би өмнө нь танд хэлсэн. Наадмын бэлтгэл гэхэд л тав давах, түрүүлэх хэмжээний бэлтгэл гээд өөр өөр байдаг л даа.
-Бэлтгэл цөмөрлөө, ачаалал ихэджээ гээд ярьдаг. Таны хувьд?
-Ер нь би жаахан цөмлөчихөөд байдаг сул талтай. Өөрийгөө муу мэдэрдэг гэх үү дээ. Үүнийгээ засч байгаа. Хүчний бэлтгэлийг О.Одгэрэл заан багшилж байна. Бэлтгэлийг гал дээрээ хийдэг.
-Увсын бөхчүүд их өрсөлддөг. Сүүлийн үед Ховдын бөхчүүд сайжирч байгааг бүгд мэдэж байгаа л даа. Энэ талаар юу өгүүлэх вэ?
-Би бөхчүүдийг үе үеэрээ төрдөг гэдэгт итгэдэг. Биднийг анх орж ирж байхад Говь-Алтайнхан жинхэнэ шижигнэж байлаа. Гарьд Н.Ганбаатар, Бат-Эрдэнэ, Соронзонболд заан, Ду.Батбаяр, Гантулга, Тогтохбаяр начин гээд л. Тэдний дараахан С.Мөнх­бат аварга, Н.Батсуурь арслан, Ө.Бат-Орших гарьд бид хэд гарч ирсэн. Биднийг залгаж Ховдын хэдэн сайхан залуус байна даа.
-“Увс нуур” бөхийн гал наадмын бэлтгэлээ Харзтайн амралтад хийдэг. Бөхийн амжилтад бэлтгэл хийж буй газар орон, тогооч, эмчээс эхлээд нөлөөлөх хүчин зүйл их бий биз?
-Тийм ээ. Харзтай бол өгөөж буянаа хайрласан авшигтай газар. Том бөхчүүд бэлтгэл хийж цол хүртдэг сайн үйлсийн шившлэг хуралдсан газар юм даа гэж сүсэглэдэг. Тухайлбал тогооч Дэлгэр эгч маань байна. Сэтгэл шингэсэнэ хоолоороо бөхчүүдийнхээ бэлтгэл, амралтыг тэнцүүлж чадна гэдэг тогооч хүний харьцуулашгүй ур чадвар юм даа. Манай Дээгий эгч чиний миний гэхгүй чин сэтгэлээсээ бидэнд үйлчилж энэ их амжилтыг хамтдаа цогцлоож байна даа. Түүх болж үлдэнэ. Амралтын газрынхан маань ч зөв сэтгэлтэй сайхан хүмүүс шүү.
-Улсын наадамд түрүүлсэн, үзүүрлэснээс өөр сэтгэлд мартагд­даггүй ямар барилдаан байна вэ?
-Жаахан дөвийлгөөд яриахад би улсын наадамд түрүүлснээс гадна өсвөр үеийн барилдаанд түрүүлсэн бөх. Ийм амжилт тэр болгон байдаг­гүй юм билээ. Бас залуучуудын барил­даанд түрүүлсэн амжилт байна. Улсын наадам чинь насанд хүрэгч­дийн гэсэн үг л дээ. Үе шаттай. Үе шат бүхэндээ түрүүлж байсан маань сэтгэлд бахархал төрүүлдэг шүү.
-Ойртсоор буй улсын наадамд танай гал мэдээж амжилт ялалтын том зорилго тавьж байгаа нь тодорхой л доо. Энэ талаар?
-Манайхан цолоо ахиулахын төлөө биеэ дайчилна.Олон сайхан залуус амжилтаа ахиулна байх. Миний хувьд авч үзээгүй цолоо авахын төлөө биеэ дайчилна. Энэ дашрамд биднийг зөв чиглүүлж, залж байгаа бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав, гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу нартаа талархах нь зүй.
-Увсын бөхчүүд улсын наадмын 50, 60, 70, 90 жилийн ойд түрүүлсэн бахархам уламжлалтай. Хэдэн жилийн дараа болох 100 жилийн ойд энэ амжилтаа давтах бодлого бий биз?
-80 жилээр манай хүргэн А.Сүхбат аварга түрүүлсэн (инээв). Ер нь 100 жилийн ойгоор бид түрүүлэх л зорилго тавина. Манай үеийнхний нас бие ид байна. Доороос ч түрж гарч ирнэ байх. Уламжлалаа алдахгүйн төлөө л манай галын бөхчүүд тэмүүлнэ дээ. Би нэг зүйлийг бодож явдаг.
-Юу билээ?
-Улсын наадамд бяртай хүн бүр цол аваад байдаггүй. Буян заяа нь тэгширсэн бөх л авдаг болов уу. Аливаа юмны сав гэж бий. Тэр нь сайхан зүйлээр дүүрч тэгширсэн байх учиртай. Бэлтгэл дээр хэнд ч унадаггүй байсан атлаа улсын томоохон барилдаан дээр доор унасан тохиолдол надад бий. Энэ чинь л буян заяа тэгшрэхтэй холбоотой биз ээ. 
-Сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан идэр залуу арсландаа талархал илэрхийлье. Энэ зуны Төрийн их наадамдаа амжилттай барилдаж, аварга цолны эзэн болохыг ерөөе!
-Баярлалаа, танд. Таны ч уран бүтээлийн ургац арвин байг. Бидний­гээ байнга дэмжиж, урмын үгээр тэжээж, ухаарлын үгээр өнгөлдөг үндэс­ний бөхдөө элэгтэй үзэгч олон, ард түмэндээ дээдийн бүхнийг өргөе. Монголчууд бид сэтгэлийн их амар амгаланг эдэлж, аз жаргалтай амьд­рах цаг удахгүй ээ хэмээн ерөөе дөө.